2011/08/16

Уйлдаг цэцэг

(Тус сайтад тавигдсан материал нь  "Увдист цэцэгсийн ертөнц" ТББ-ын дэргэдэх клубын өмч бөгөөд хуулийн дагуу хамгаалагдсан тул хуулбарлан ашиглахыг хориглоно.)Тэр цэцэг хатаж эхэлж байна. Усалж хэчнээн арчилсан ч чийглэг сэрүүн байдлаа алдсаар л...
Нэрнээс нь ч болсон уу нэг л мэдэхэд би түүнийг гэртээ тэврээд ирчихсэн байсан юм. Тэр өдрөөс хойш өглөө бүр шүүдрийн дусал мэт тунгалаг ус ялгаруулан гялтганах навч, мөчир бүрийг нь харж нүд сэтгэлээ баясгадаг болсонсон. Үнэхээр миний цэцэг өдөр бүхэн чийг дааж, борооны дуслууд шиг гялалзсан шүүдрээ гоёмсгоор гялтгануулж байдаг нь надад таатай санагддаг байлаа. Гялалзаж, гялтганах шүүдрийнх мэт тунгалагхан дуслуудыг харах тоолондоо түүнийг улам ихээр арчилж, тордох хүсэл төрнө.
-Wow, чи чинь ямар гоё цэцэгтэй болчихоо вэ гэж дуу алдах найз бүсгүйчүүдийн маань шагшран гайхах нь надад бахдал төрүүлдэг байв. Өглөө бүхэн өнөөх цэцгээ ширтэн цонхоор тусах нарны туяаг тосон мишээх би ч бас л чийглэг тунгалаг болсон мэт. Би тоосыг нь өдөр бүр арчиж, хамаг сэтгэлээрээ цэцэгтэйгээ амьдардаг болов.
Цэцэг гоёмсог нулимсаараа өөрийгөө болон өөрийг маань, бас өчүүхэн муу умгар өрөөг минь үнэхээр чимэглэж байлаа. Тэр цэцэг бид хоёр бүх зүйлийн тухай ярилцана. Бүтэлгүй хайраа эргэн дурсаж гуниглахад минь цэцэг миний өмнөөс уйлж, ганган нулимсаараа дотрыг угаах мэт цэлмээхэд би ч хариуд нь ханьтай хүний бардам инээмсэглэлээр сүрхий гүнзгий санаа алдаад “Зүгээр ээ, би алзахгүй” гэж шивнэдэг байлаа.
Би цэцэгнийхээ гоо үзэсгэлэнд улам автаж, түүнийгээ л сайн сайхан байлгахын төлөө амьдарч байхыг хүсдэг болов. Долоо хоногт биш хоёр хоногт нэг удаа усалж, өглөө бүр тоосыг нь арчихын зэрэгцээ, хүн хараас дуулж мэдсэн сайн гэсэн цэцгийн бордоонуудыг авчирч түүнийхээ зөөлөн хар шороон дээр имрэн асгана. Бид энэ янзаараа хагас жил хамт амьдарсан санагдаж байна. Би тэрэнд бүх амьдралаа хүүрнэсэн. Тэр ч "Чи надгүйгээр яах байсан бэ" гэх мэт ширтдэгсэн.
Хэдэн сарын дараа уйлдаг цэцэг маань анхных шигээ байхаа больж байнгын чийглэг гоёмсог байдлаа улам алдаж эхлэв. Сайхан цэцгээ алдах нь гэсэн айдас намайг улам ч хичээнгүй, улам ч ажилсаг болгож, өмнөхөөсөө ч илүүгээр цэцэгнийхээ сайн сайхны төлөө илүү ихийг хийхэд хүргэв. Хамгийн сайн гэсэн бордоогоор түүнийг хучиж, хамгийн сайн гэсэн усаар түүнийг чийглэн норгоно.
Нэгэн өглөө тэр цэцэг намайг гүн гутралд оруулсан юм. Хатаж хорчийсон ногоохон навчнууд нь үзэмжгүй гунигтай харагдахын дээр намайг л буруутай гэх шиг хар шороон дээр ганц нэгээрээ тасран унасан дэлбээ нь шинэ өглөөг биш, шинэ гунигийг авчирсан юм.
Одоо бол би уйлж байна. Хайртай хүнээ эсвэл хайрлаж байсан нохойгоо үхэхэд уйлдаг аугаа сэтгэлт хүмүүсийн нэг би зүгээр л нэг цэцэгний төлөө уйлж байна гэвэл хүн итгэхгүй биз. Гэсэн ч би уйлж байлаа. “Яалаа гэж, яасан гэж чи үхэж байгаа юм бэ? Би чамайг хайрлаагүй гэж үү, би чамд итгэж, чиний төлөө ямар их зүйлийг хийлээ дээ?”
Ингэж үглэж зогсохдоо тэр цэцгийг анх худалдаж авсан өдрийн тухай бодож байсан юм. Гэнэт “Нэг их услаад хэрэггүй дээ. Долоо хоногт ганцхан удаа чийглэх төдий норгочихож байгаарай. Дөнгөж усалчихсан юм шиг л гялалзаад байна гэж мэд” хэмээн сануулж байсан худалдагчийн үг чихэнд зурсхийн сонсогдох шиг болов.
Нээрээ, би тэр үедээ яагаад энэ тухай огт санасангүй вэ?
Хайртай гэдгээ илэрхийлэхийн төлөө хэтэрхий их хичээх нь заримдаа ямархуу хортой байдаг тухай бас нэгэн ухаарлыг үлдээгээд тэр цэцэг надаас явчихжээ.
2009.01.01

"Увдист цэцэгс бүжих ертөнц" бүлгийн гишүүн
Х. Болор-Эрдэнэ

1 comment: