2011/09/08

Алтан зулыг \Тюльпан - Tulip\ тасалгаанд тарих арга

Алтанзул нь хаврын цэцэг боловч түүнийг жилийн аль ч улиралд тасалгаанд ургуулж болно гэдгийг та мэдэх үү? Тасалгаанд ургуулах нь түүнийг талбайд тарьснаас ч амар байж мэдэх юм. Дэлхийн аль ч өнцөгт, жилийн ямар ч улирал бай танд алтанзулын хэдэн булцуу, цэцгийн сав, хөргөгчиндөө хэсэг зайтай байхад л болоод явчихна. Дараах дэс дарааллаар түүнийг тарих нь ээ.
Хэрэг болох зүйлс: 
  1. Алтанзулын булцуу
  2. Цэцгийн сав
  3. Хөрс /хар шороо/
  4. Хөргөгчин дэх хэсэг зай
  5. Ус
Тарих:
  • Сонгон авсан гоёмсог цэцгийн савныхаа тал хүртэл нь шороогоо хийнэ.
  • Булцуугаа суулгах. Хамгийн сайн булцууг сонгож /зөөлөрсөн, толботож, ялзарч муудсаныг нь хаях/ хөрсөндөө суулгана.
  • Хар шороогоо нэмж, услах. Булцуугаа суулгасан дээрээ шороогоо нэмж дүүргээд усална. Илүүдэл ус нь шавхагдаж байх хэрэгтэйг анхаараарай.
  • Суулгацаа хөргөх. Суулгацаа 8-12 долоо хоног хүйтэн газар байлгана.
  • Гэрэлд гаргах. Хөргөгчнөөсөө гаргаж гэрэлтэй газар тавина.
  • Эхний навч нахиалах үеэс эхлэн услаад үүнээс хойш хөрсийг байнга чийгтэй байлгана.
  • Цэцэглэхийг нь хүлээнэ.
Санахад илүүдэхгүй:
  • Цэцгийн сав нь илүүдэл ус зайлуулах нүхтэй байх хэрэгтэй ба энэ нь ус ихдэж булцууг ялзрахаас хамгаалж байдаг. 
  • Булцуугаа суулгахдаа хавтгай тал нь савны ирмэг рүү харж байхаар суулгавал анхны болоод хамгийн том навч нь савны төв хэсгээс гадагш унжиж ургадаг.
  • Суулгацаа хөргөгчинд хадгалахдаа болсон жимс ногооноос хол байлгана. Учир тэдний ялгаруулсан хий  булцууны ургацанд муугаар нөлөөлдгийг анхаарна уу.
  • Сэрүүн нөхцөлд хадгалж байхдаа суулгацаа хуванцар таг юм уу эсвэл гялгар уутаар бүтээвэл хөрсний чийгийг алдагдуулахгүй байх сайн талтай.   
Алтанзул нь агаарын хэмд мэдрэг цэцэг. Сэрүүн нөхцөлд (10-18 С) дэлбээгээ нээлгүй удаан хадгалагддаг бол өндөр хэмд (23-29 С) гаргангуут маш хурдан дэлбээгээ нээнэ. Харин хэтэрхий өндөр хэмд (32С+) хатаж ганддаг байна. 
Гадаа тарих бол:
Алтанзулыг 9-11 дүгээр сард булцуу хооронд 8-12 см зайтай 12 см гүнд чийгтэй хөрсөнд суулгадаг юм байна. Суулгаснаас хойш 10 хоноод усална. Сэрүүн харанхуй нөхцөлд хөрсөндөө өвөлжөөд хавар 3 дугаар сараас ургаж эхэлдэг аж.
Алтанзулыг нэг саванд суулгаад захаар нь lobelia, sanvitalia зэрэг жижиг багцаар ургадаг цэцгүүдийг өнгө хоршуулж суулгавал үзэмжтэй харагдана. Нэг булцуунаас нэг л цэцэг гардаг тул 3-аас дээш булцууг багцлан суулгаж бас болно.
Суулгахын өмнө булцууг марганцаар ариутгах нь зүйтэй, гэхдээ энэ нь ургалтыг түргэсгэнэ гэсэн үг бас биш. Үндэс булцуугаа сэргээх дулаан газар байлгаад хөрсөндөө суулгаад услаад хуччих. Цухуйгаад ирмэгц ил гаргаад арчилгаагаа хийнэ дээ. Сонгинолог булцуу нь үржиж олон болдог олон наст ургамал бөгөөд манайд бол 3 дугаар сараас байр юм уу хүлэмжинд тариад 6 дугаар сарын 10наас ил талбайд суулгавал зүгээр. Энэ үеэр цэцэглэж эхэлнэ.

"Увдист цэцэгс бүжих ертөнц" бүлгийн гишүүн
П. Болор

5 comments:

  1. Saihan medeelel baina bayarlalaa. Minii altan zuluud tsetseg ni mash amarhan unasan ni iim uchirtai yum bna. Odoo harin tasalgaand oruulj ireheer sain urgahgui geed tagtan deer l bailgaad baigaa shde.

    ReplyDelete
  2. Altanzuliin bultsuu yamar unetei bx ve

    ReplyDelete
  3. алтан зулын булцууг хаанаас худалдан авдаг юм бэ

    ReplyDelete
  4. Сайн бнуу Таримал Алтанзул худалдаж авах гээсэн юм Улаанбаатараас олдох бол уу

    ReplyDelete
    Replies
    1. baidag ym bn lee bi bagshiin deediin nuhen gartsnaas awch bsan

      Delete