2012/03/09

Цэцэгсийн өнгийн зохицол

Олон цэцэгчид одооноос гадаах тагт, цэцэрлэгээ чимэх нэг наст цэцэгсийнхээ үрсэлгээг хийж эхэлж байх шиг. Би ч бас өнөө жил тагтаа чимэхээр нэлээн хэдэн цэцэгний үрнүүд цуглуулчихаад үрсэлгээгээ хийх гээд сэтгэл догдлонхон байна. Тэгээд үрнүүдээ харжээ суухнаа олон янзын өнгөтэй, өндөр нам янз бүр ургах үрнүүд байх юм. Энэ хэдийгээ аятайхан донжийг нь олоод өнгө будгийг нь тохируулаад тарьчих юмсан гэж бодоод. Жижигхэн тагтан дээрээ цэцэгнүүдээ яаж тарих вэ гэж бодож байхад гадаа хашаандаа, зусландаа, эдлэндээ хараа булаах сайхан мандалтай болохыг хүссэн хүмүүс бүр ч их толгойгоо гашилган суудаг болов уу гэж санав. Ингээд бага ч гэсэн тус болох үүднээс энд тэндээс олж уншсан мэдээллээ та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ.
Хэрэв та гадаа хашаандаа гоёмсог сайхан цэцгийн мандалтай болохоор, тагтаа өнгө өнгийн цэцэгсээр гоёмоор эсвэл жижигхэн ч гэсэн зурвас газрыг цэцэгжүүлэхээр шийдсэн бол өнгө, өнгийн зохицол нь бидний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар тодорхой хэмжээнд мэддэг байх шаардлагатай. Учир нь үзэсгэлэнтэй сайхан цэцэрлэгтэй болох гээд хоорондоо зохицохгүй өнгөтэй цэцгүүдийг зоргоор нь нийлүүлээд суулгачихвал таны хүсэн хүлээж байснаас харин ч эсрэгээр нүд эрээлжлүүлж, толгой өвтгөж, ядрааж ч магадгүй.
Тиймээс өнгө бол таны цэцэрлэгтээ бий болгох аливаа шийдэлд маш чухал элемент болно.
Өнгө нь үндсэн өнгө - улаан, шар, цэнхэр, эх болон эцэг өнгө - цагаан, хар гэсэн өнгүүдээс бүтдэг бөгөөд эдгээр нь хоорондоо нийлж бусад бүх өнгүүдийг үүсгэдэг байна.
Энэ зураг бол үндсэн өнгөөс эх авсан өнгийн тойрог. Өнгийн энэхүү тойрог нь солонгын 7 өнгийн дарааллаар байршдаг. Бас энэхүү өнгийн тойргийг хэдэн ч өнгөтэйгөөр үүсгэж болдог. Гагцхүү өнгийн дараалал алдагдахгүй байх нь чухал. Эдгээр өнгүүд нь дулаан, хүйтэн өнгө гэж 2 ангилагдана. Дулаан өнгөнд улаанаас зулзаган ногоон өнгө, хүйтэнд тод ногооноос ягаан өнгө орно.
Эдгээр өнгүүд нь бидний сэтгэл зүйд янз бүрээр нөлөөлдөг. Улаан, улбар шар, шар өнгүүд эрч хүч өгч, баяр баясал төрүүлж, халуун дулаан мэдрэмж төрүүлдэг. Ногоон, цэнхэр өнгө тайвшруулж, хөх өнгө итгэл найдвар төрүүлж, нил ягаан өнгө хөнгөн гуниг төрүүлдэг. Цагаан өнгө аливаа орон зайг томсгож цэвэр цэмцгэрийг илтгэж байхад хар өнгө орон зайг багасгаж, ёслол төгөлдөр байдлыг илэрхийлнэ.
Энэ олон өнгөөс зөв сонголт хийж байж бид хэний ч хараанд өртөхгүй бараан сүүдэрхэг буланг гайхамшигт яруу тансаг цэцэрлэг болгож, жижигхэн хашаагаа цэлгэр уужим мэт харагдуулж, холын орон зайг наашлуулж, зуны халуун өдрүүдэд сэтгэл тайвшруулж сэрүүцүүлэх мэдрэмж төрүүлж чадна. 
Тэгэхээр таны цэцэрлэг дэх өнгөний сонголт таны хүсэл сонирхол, таны зан төлөвөөс бас ихээхэн шалтгаалдаг байна.
Ямарваа нэг цэцгийн зохиомжийг зөвхөн нэг өнгийн ханасан, өөрөөр өнгөөр хэлбэл тодоос бүдэг рүү шилжсэн өнгөөр, нэг өнгийг голчлон товойлгосон холимог байдлаар, эсрэг тэсрэг өнгүүдээр эсвэл нийлэн зохицсон өнгүүдээр шийдэж болдог.
НЭГ ӨНГИЙН ХАНАСАН ӨНГӨ
Энэ өнгө нь тухайн өнгөн дээр цагаан өнгийг нэмснээр бий болдог. Ийм зохиомж нь тансаг, агаарлаг, орон зай нь байгаагаасаа илүү том болж харагддаг. Жишээлбэл: тод ягаанаас цайвар ягаан өнгө.
ХОЁР ӨНГИЙН ЗОХИЦОЛ
Зөвхөн хоёрхон өнгөөс бүтсэн цэцгийн зохиомж нь нэлээд анхаарал татдаг. Энэ нь хоорондоо зэрэгцээ байрласан эсвэл эсрэг байрласан 2 өнгийг сонгоно гэсэн үг.
 Жишээлбэл: шар - улаан эсвэл шар - нил ягаан
 Эсрэг тэсрэг өнгийг сонгосон тохиолдолд хоёр өнгийнхөө аль нэгийг нь түлхүү оруулбал илүү үзэмжтэй харагдана.
 ГУРВАН ӨНГИЙН ЗОХИЦОЛ
Энэ нь ойролцоо орших 2 өнгийг сонгоод энэ хоёр өнгийнхөө эсрэг өнгийг сонгох мөн зэрэгцээ орших 3 өнгийг сонгох замар бий болно.
ДӨРВӨН ӨНГИЙН ЗОХИЦОЛ
Зэрэгцээ орших 2 өнгийг сонгоод энэ 2 өнгийнхөө эсрэг талд орших 2 өнгийг сонгох эсвэл зэрэгцээ 3 өнгийг сонгоод эсрэг орших 1 өнгийг сонгоно.
 Энэ мэтчилэнгээр 5 болон түүнээс дээш өнгийг сонгож цэцгийн зохиомжоо хийж болно. Харин дээрх өнгийн тойрогт ороогүй цагаан, хар өнгүүд ямар ч өнгөтэй зохицдог болохоор дээрх зохицлуудын алинд ч нэмж хэрэглэж болдог байна.
 ЦЭЦГИЙН ЗОХИОМЖ ХИЙХЭД АНХААРАХ ЗАРИМ ЗҮЙЛС
- Эсрэг тэсрэг өнгөөр хийсэн зохиомж нь анхаарал их татдаг боловч удаан ажиглан суухад зарим тохиолдолд нүд ядрааж, толгой өвтгөх явдал бий. Иймд иймэрхүү зохиомжийг өөрийн цэцэрлэг хашаандаа байгуулах бол жижгэвтэр талбайд мөн түүнчлэн цэцэрлэгийнхээ амралтын хэсэгт бус харин хашааныхаа үүүдэн хэсэгт байрлуулбал тохиромжтой байдаг.
- Цэцгийн зохиомж хийхэд өнгө чухал байхаас гадна цэцэг болон навчны гадаргууг анхаарах хэрэгтэй. Тухайлбал: гялгар гадаргуу гэрлийг ойлгож илүү гэрэл гэгээтэй харагдуулдаг бол бүрзгэр гадаргуу нь гэрлийг шингээж илүү бараан харагдуулдаг.
- Багахан талбайг цэцэрлэгжүүлэхдээ том мэт харагдуулахыг хүсэж байгаа бол аль болох ууссан ойролцоо өнгүүдийг сонгох хэрэгтэй.
- Цэнхэр өнгийг зохиомжийнхоо ар талд байрлуулбал илүү гүн мэт харагдуулна. Энэ нь ялангуяа нүүрэн хэсэгтээ шар, улаан өнгийг ашигласан тохиолдолд илүү үр дүнтэй.
- Цэцэрлэгийнхээ нүүрэн талд цоглог өнгө ашигласан бол ар талд тайвшруулах өнгийг сонгох хэрэгтэй.
- Цэцэрлэгт тань ногоон өнгө хэр их голчилнов цэцэгс тань илүү хурц тод өнгөтэй байвал илүү сайхан харагдана.
- Олон тод өнгийн цэцэг ашиглах тусам цагаан, саарал, мөнгөлөг ногоон, хөх ногоон, алтлаг ногоон гэсэн өнгүүдийг тэр хэмжээгээр ашиглаарай.
- Бүх гэгээлэг өнгө хөнгөхөн мэт, бүх бараан өнгүүд хүнд мэт сэтгэгдэл төрүүлдгийг анхаарах хэрэгтэй.
- Хурц шар өнгө бүх өнгөөс тодорч товойж харагддаг. Энэ нь ялангуяа бараан өнгөн дээр бүүр ч илүү анзаарагддаг.
- Хөх, цагаан, ягаан өнгүүд голчилж байвал шар, улаан, улбар шар гэсэн өнгүүдийг талбайн 10 хүрэхгүй хувийг эзэлж байхаар тооцно.
- Бараан навчтай болон бараан өнгөнүүдийг талбайн голд байрлуулбал тэнцвэртэй байдал үүснэ.
- Маш хурц эсрэг тэсрэг өнгийн хослол нь ер бусын сэтгэгдэл төрүүлж, анхаарал татах боловч иймэрхүү шийдлийг нэгээс илүү хийх хэрэггүй.

Б. Одончимэг
"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн


No comments:

Post a Comment