2012/03/09

Эрдэс, чулууг таних энгийн зарим аргууд

Хатуулаг: Эрдсийн гадны механик үйлчлэлд өртөх чанар. Энгийн аргаар эрдсийн харьцангуй хатуулгыг тодорхойлох аргыг немцын эрдэмтэн Мосс гаргажээ. Үндэс нь бүх эрдсийг хатуулгаар нь 10 бүлэг болгон хувааж тэр бүлгээ төлөөлж чадах нэг эрдсийг сонгон авч хатуулгын шаталбар бүхий хуваарийг хийсэн байдаг.
Эрдэс, чулууны таних нэг гол шинж чанар болох хатуулгийг энэ хуваарийг ашиглан харьцангуйгаар тогтоодог. Өөрийн сайн таних буюу хэрэглэж байгаа эрдэс, чулуугаараа таних гэж байгаа эрдэс, чулуугаа зурахад зураас гарч байвал түүнээс чинь бага хатуулагтай байна гэсэн үг. Жишээ нь: болор, мана, гартаам нь кварц буюу өөхөн цагааны төрлийн эрдэс чулуулаг тул 6-7 хатуулагтай байна. Таны ийм эдээр зурагдаж байвал 6-аас бага хатуулагтай, түүнийг чинь зурж байвал 7-ээс дээж хатуулагтай байна гэсэн үг.
Гарын хумс 2.5-3.5, цонхны шил 5, ган зүү 5.5 орчим хатуулагтай байдаг.
Амьдралд хатуулаг тогтоох хамгийн энгийн арга нь оёдлын зүүг ашиглах арга юм. Зүү нь 5.5 орчим харьцангуй хатуулагтай байдаг. Ган зүүгээр зурагдаж байвал тухайн эрдэс чулуулаг нь 5-аас бага хатуулагтай, зурагдахгүй байвал 5-аас их хатуулагтай байна.
Ихэнх гоёлын болон эрдэнийн чулуу нь 4-өөс дээш хатуулагтай байдаг.
Өндөр хатуулагтай чулуулаг нь өнгөлгөө сайн авч үзэмжтэй гоё болохоос гадна эдэлгээ урттай байдаг тул гоёлын болон эрдэнийн чулуу болдог нэг нууц нь оршино.
Гялга (гялбаа): Гэрэл ойлгох чанар. Эрдэс чулуулгуудын шинэ гадаргуу нь металл (төмрийн шинэ гадаргуу мэт), хагас металл, алмазан, шилэн, тосон, танан, торгомсог, давирхайлаг г.м-ийн гялгуудын аль нэг төрхийг үзүүлдэг онцлогтой байдаг. Жишээ нь: алт, мөнгө, зэс мэт нь металл гялгатай, балын харандааны бал буюу бал чулуу хагас металл гялгатай, алмаз, сфалерит, вольфрамит алмазан гялгатай, кварц, хайлуур жонш, болор, анар-гранат, бадмаараг, индраанил шилэн гялгатай, гипс-гөлтгөнө, шөрмөсөн чулуу тослог гялбаатай байдаг. Гялгыг тогтоохдоо тухайн эрдэс чулууны шинэ гадаргуун дээр тогтоох хэрэгтэй.
Амьдралд дээр нэрлэсэн гялгуудтай тухайн эрдсийн гялалзах байдлыг харьцуулан адилтгаж тогтооно.
Зураасны өнгө: Эрдсийн нунтаг байдалдаа үзүүлэх өнгийг зураасны өнгө гэнэ.
Энгийн аргаар зураасны өнгийг барзгар гадаргуутай шаазанг (пааланг нь арилгасан) зурж тодорхойлно.
Эрдэс чулууг энгийн аргаар танихдаа дээрх шинжүүдээс гадна зөвхөн тухайн эрдэс, чулуулгийн үүсгэх талст болон мөхлөгийн хэлбэр, хуваагдал, хагарал, тунгалаг байдал гэх мэт шинжүүдийг нь харгалзан үздэг.

Б. Энхбаяр
"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн

No comments:

Post a Comment