2011/11/04

Ургамлын гаралтай идээ ундаа

Монгол ардын уламжлалт хоол хүнсэнд хэрэглэгддэг олон зүйл ургамал бий. Одоогоор манай оронд ургадаг хүнсний зориулалт бүхий 140 гаруй зүйл ургамал бий гэж үздэг. Энэхүү ургамлын гаралтай идээ ундааны зүйлсийг тариа будааны зүйл, цай ундааны зүйл, хөх ногооны зүйл, жимс жимсгэний зүйл, төмс хүнсний ногооны зүйл хэмээн бүлэглэн ялгаж болох юм.
Нэг. Тариа будааны зүйл.
Монголчууд байгалийн зэрлэг үр буурцгаас гадна будаа тариа тариалж, ихээхэн дээр үеэс мал аж ахуйдаа хавсрага болгон хүнсэндээ хэрэглэж байсныг хадны зурган дахь анжис хөлөглөгчид хийгээд чулуун зэвсгийн үеийн тариа будааны хэрэгсэл, уур нүдүүр тэргүүтэн археологийн бусад баримтуудаас мэдэж болно. Эрт дээр үеэс монгол хүн мал маллаж, ан агнахын зэрэгцээ тал дүүрэн тариа тарьж, тансаг элбэг ургац авч байсан аж.
Манайхан голдуу монгол амуу, нарим, шүлхэй, сагаг, буудай, тутрага, арвай, нохой хошуу, буурцаг зэргийг тарьж, элбэг ургац олдог бөгөөд эдгээр амуу буудайныхаа тус тусынх нь онцлог дээр үндэслэн  янз бүрийн амт шимтэй хоол будаа хийж иддэг билээ.

Хоёр. Цай ундааны зүйл.
Манайхны сүүтэй цай бол дур сэргээх үнэр амттай, алжаал тайлах ид шидтэй ундаан мөнөөр барахгүй өл хоол залгуулах чанар чадалтай үндэсний онцлог бүхий дээд зэргийн ундаа юм.
Монголчууд хэдийнээс уургийн улаан цайгаа чанаж, идээний дээж хэмээн дээдэлсээр өдийг хүрчээ. Ардууд сибирийн шимтэглэй, хөвөн оройт, боролзой, цээнийн үндэс, өрөл, сөд өвс, бөөрөлзгөнө, мойл, туйпланцар, боролжны навч, аврага цорж, нохойн хошуу, мягмансанжаа, тавилганы мөчир, найлзуур, инж буурал, бүйлээс, улиангарын навч, зээргэнийн мөчир, гоёо, гичгэнэ, алирс, тэхийн шээгний мөчир навч зэрэг 100 гаруй зүйлийн цай орлох ургамал хэрэглэж ирсэн байдаг.
Монголчууд хөвч шугуйт уулынхаа амтат жимсыг нь түүж идээд анхилам навчийг нь бүрж уудаг байснаа хожим нь өмнөд орны хөх цай, ногоон цайг уух болсон ажээ.
Монгол оронд 7 дугаар сар цай түүх тохиромжтой сар юм. Энэ үед настан буурлууд хүүхэд багачуудаа дагуулан ууланд очиж өрөл мойлын сугсрага найгасан сөөг болон цайр чихрийн намаг холбосон хажуу жалганаас тэмээн даалин, арьсан тулам ачаа дүүрэн цай түүж ирээд заримыг нь жигнэж боловсруулан бас наранд эгшээж, сүүдэрт хатаан шуудай шуудайгаар чигжин дүүргэж нөөцөлж авдаг ажээ. Нутгийн цайны цэцэг нь ханхлам сайхан үнэртэй, бурам чихэр шиг амтлаг. Цай түүхэд заримынх нь навчийг, заримынх нь навч жимсыг хольж түүдэг бол заримынх нь үр ба иш модыг ч түүж авдаг байна.
Монгол ард түмний ууж дадсан цайны ургамлыг товчлон тэмдэглэвэл:
 Сөдөн цай. Сөд өвс нь уулын хажуу, модтой чийглэг газар, хээр талд ургадаг олон наст өвслөг ургамал юм. Махлаг үндэснээс жилд ээлжлэн ургадаг. Навч нь уртавтар дугариг, мухар үзүүртэй, хөрөөний шүдэн хөвөөтэй. Боровтор улаан бөөрөнхий түрүү хэлбэртэй, хэлтэсгүй баг цэцэгтэй. Бөөрөнхий хэлбэрийн нарийн үслэг жимс боловсорно. Намар жимс нь боловсроод иш нь улайх үед ишийг нь түүж аваар ямх урт хэрчиж боогоод сүүдэр газар хатаана. Нэг данх цайнд цэн орчим боож чанавал хүрэн улаан өнгөтэй цай болно. Хэвийн цайтай хольж чанаад сүлбэл хүрэн шар өнгөтэй анхилам үнэртэй цай болно.
 Цайрын цай. Цайр буюу цагаан цайр нь гуу хянгын голын дагуу хад чулууны завсар буталж ургадаг ховор чухал модлог ургамал юм. Шаравтар саарал холтостой мод нь чийрэг бахим хугардаггүй тул уургын залгаас хийдэг. Шүхэр хэлбэрийн цагаан цэцэг дэлгэрнэ. Билгийн улирлын долоон сарын хорьдоор цайрын навч улбар шар болоход навч жимсийг нь түүж аваад цэвэр усанд зайлж угаагаад үдийн наранд эгшээн шөнө дарж халаагаад жимсний хамт сагсанд хийж 2-3 өдөр даршлаад алагласан навч нь бүрэн улайх үед таван жингийн дотор нэг жингийн харьцаагаар хөх цай хольж уурштал жигнэж сүүдэрт даршлан хатаагаад сүүтэй цай болгон чанаж ууна.
 Улааганын цай. Уулын хажуу хээр талд бөөнөөр бутлан ургадаг таван дэлбээ бүхий цагаан буюу ягаан цэцэг дэлгэрдэг модлог ургамал юм. Цагаан шүүдэр унахын өмнө хойно арван өдөрт навчийг нь шувтарч аваад сиймхий адар дээр дэлгэн наранд ээж халаагаад усанд зайлж шүүж гаргаад жигнэсний дараа хатааж чанаж ууна.
 Боролзгонын цай. Боролзгоно уулын хормой, элсэрхэг хормой бэл, тал газруудад 2-5 тохой өндөр ургах бутлаг ургамал юм. Улбар хүрэн шулуун иш нь олон саглагар салаатай байна. Ягаан буюу бор өнгөтэй шор хэлбэрийн баг цэцэг дэлгэрнэ. Намрын эхэн сард боролзгоноос сэнгэнэм сайхан үнэр үнэртэх бөгөөд оройнх нь жижиг навч, нийлмэл жимсийг нь ноолуур үстэй нь түүж эрт, оройн наранд ээж хатаагаад цэвэр усанд угааж шүүж аваад жигнэж хатаасны дараа цай болгон ууна. Боролзгоны иш, хальс, жимс нь цөм эмэнд орох бөгөөд ханиалгыг дарах, цэр ховхлох, хямарсан халууныг арилгах, уушигны тамирыг сайжруулан, амьсгал давхцахыг засна гэж монгол эмнэлгийн номонд тэмдэглэжээ.
 Өрөлийн цай. Өрөл бол гүн уулын гуу, жалга, булаг горхины хөвөөгөөр ургадаг, модлог ургамал юм. Шүхэр хэлбэрийн, таван дэлбээтэй, цагаан цэцэг дэлгэрнэ. Улаан буюу шаргал улаан жижиг жимсийг нь түүж иднэ. Өрөлийн навч жимс модыг цөмийг нь цай болгон чанаж ууна. Намрын эхэн сарын эцэст уулын хярын мод навчаа хаян улайх үед өрөлийн навч жимсийг нь түүж жавар нэвтрэх саванд дарж байгаад навчны өнгө нь улбар өнгө татах үед гаргаж тогоонд халаах буюу жигнэх аргаар боловсруулан сэрүүн газар тавьж хатаагаад бөс даавуун уутанд хийж чанаж ууна. Дөрөвний гурвын харьцаагаар хөх цайтай хольж жигнэх буюу чанавал сайхан үнэртэй цай болно.
 Туулайн бөөрийн цай. Туулайн бөөр буюу сэндэн бол элсэрхэг бөөр болон шар шороот хөрсөнд ганц ганцаар ургадаг хонхорцог жимст модлог ургамал юм. Боровтор саарал холтостой иш нь хүрэн улаан голтой ажээ. Таван дэлбээ бүхий цагаан ягаавтар цэцэг дэлгэрнэ. Намар навчинд нь улаавтар туяа татах үед навчийг нь түүж аваад цэвэр усанд зайлж аваад жавар нэвтрэх саванд хийж хэдэн өдөр дарж байгаад үл мэдэгдэм исгэлэн үнэр гарахаар тогоон дотор халтал нь хуурч хатаагаад чанаж ууна. Монгол эмнэлэгт цэцэг, жимс, модыг нь эмийн найрлагад хэрэглэдэг бөгөөд өчүүхэн бага гашуун амтлаг болоод хуурай, эелдэг, сэрүүн чанартай, шар усыг хатааж, хавдар хариулан, бам өвчин болон үе мөчний өвчнийг эмнэнэ гэжээ.
 Царсны цай. Царс мод бол уул хажуу ээвэр газрын зөөлөн хөрсөнд бөөн бөөнөөр, ганц нэгээр ургадаг модлог ургамал юм. Усны долгион шиг хөвөөтэй, өндөг хэлбэрийн навстай байна. Боргоцойндоо баглагдсан зууван хэлбэрийн жимстэй. Намрын эхэн сард царсны улбар татсан навчийг нь түүж аваад угаан цэвэрлэж, дарж байгаад эсгэх буюу тогоонд жигнэн боловсруулж хатаагаад тээрэмдэж жижиглэсний дараа даавуун уутанд хийж чанаж ууна.
 Алимны цай. Зэрлэг алим нь уулын гуу жалганд ганц ганцаар ургадаг хүрэн хар хальстай, тураг модлог ургамал юм. Таван дэлбээ бүхий шүхэр хэлбэрийн цагаан цэцэгтэй. Өндгөн хэлбэрийн шаравтар цагаан жимс нь боловсрохоороо хүрэн өнгөтэй болно. Навч ба жимсийг нь цай болгон ууна. Намар навч нь хагас шарлах үед түүж аваад цэвэр усаар угааж сагсанд сайтар дарж хийгээд 2-3 өдөрт нэг удаа эргүүлэн бүх навч шар буюу улаан бор болсны дараа дэлгэж, сэрүүн газар тавьж хатаагаад тээрэмдэж авна. Навчийг нь дарахад жимсний хамт хийж исгэвэл цайны өнгө амт нь нэн сайхан болно. Алимны цайнд жимсийг нь хийвэл шар халууныг дарж, ханиалгыг намдаах зэрэг эмчилгээний чанартай байна.
 Цагаан яргуйн цай. Цагаан яргуйг бас Еэмэнгарва буюу чөдөр өвсны цагаан цэцэг гэдэг. Энэ нь чийглэг хөрс, уулын бэл, тал зоогоор ургадаг тохой өндөр бутлаг ургамал юм. Хар ногоон өргөн навчтай, Нимгэн бөгөөд хумгар амсартай хонх мэт цагаан цэцэг дэлгэрнэ. Ихэвчлэн бусад модтой орооцолдон ургана. Мод өвс боловсрох намрын цагт түүний иш навчийг нь түүж аваад боож хатаан, халааж, чанаж уухад үнэр амтаар сайхан цай болдог байна.
 Нохойн хошуун цай. Нохойн хошуу бол уулын хажуу, чийг сөөгтэй газарт ихээр ургадаг бутлаг ургамал юм. Хондон улаан цэцэг дэлгэрч чавга мэт өндгөн хэлбэрийн гялгар улаан жимс дэлгэрэх бөгөөд тутрага шиг жижиг үртэй байдаг. Намар өвс мод боловсорсны дараа навч жимсийг нь түүж аваад сайтар хатаасны дараа ширмэн тогоонд халааж бүрж уувал үнэр амт нэн таатай байдаг.
 Бударганын цай. Бударгана бол элс манх, дагжуур зоо газар бутлан ургадаг олон наст модлог ургамал юм. Нэг метр шахам өндөр ургана. Хавар зундаа навчлан намар болоход иш нь борлож бүдүүрэхэд олонхи нь нар буруу мушгиран эргэдэг бөгөөд навч нь зулгаран унана. Түүний мушгимал үндэс нь гарын бугуйн чинээ бүдүүн, сэндэн модны гол шиг хүрэн улаан өнгөтэй болно. Бударганын цайг жилийн дөрвөн улиралд чанаж ууна. Зуны улиралд ургаж байгаа ногоон навч ишийг нь боож байгаад чанавал ногоовтор өнгөтэй идээшиж, нялуун амттай болдог. Бусад улиралд үндэс хожуулыг нь буталж байгаад чанаж уувал хөх цай шиг хүрэн улаанаар идээшдэг боловч багахан шорооны амт гарна. Бударганын цайг хөх цайтай хольж чанавал амттай болдог.

Гурав. Хөх ногооны зүйл.
Монголчууд байгалийн ашиг шимийг эртнээс мэдэж ахуй амьдралдаа хэрэглэсээр ирсэн билээ. Үүнд гогод, хөмөл, мангир, таана, сонгино, сармис, мөөг, лууль түүж хоол будааны хольц болгон хэрэглэж иржээ.
Зуны сүүл сард Хангай нутгийн уулсын хормой, бушилз, улалжит нугыг нэлэнхүйд нь хучсан хүнхээлийн толгой ганхаж, цайвар ягаан хивс дэвссэн мэт болох бөгөөд түүнийг түүж аарцтай хамт зоодойлон хатаагаад жилийн турш хоол амтлагч юмуу зутруу цагт мал тэжээж ирсэн уламжлал бий.
 Өргөн навчит тутаргана. Zizania latitalia. Хялганы тойрогт Халх голын дагууд хар усны захаар буюу зөөлөн урсгалт усанд ургана. Үрээр гурил, талх хийнэ. Ишний бүдүүн уг, залуу баг цэцгийг хэвээр нь буюу хүнсэнд чанаж хэрэглэнэ. Үр, иш, үндсийг нь элэг, бөөр, ходоодны өвчинг анагаахад хэрэглэж байжээ. Усыг ариутгадаг ургамал юм.
 Эгэл анхилгана. Anthoxanthum odaratum. Хэнтий, Монгол Алтайд ойн дээд захаар цармын нуга, хөвд хагтай уулын царам, нугатай энгэрээр ургадаг өндөр уулын ургамал юм. Газрын дээд хэсэгтээ кумарин ихээр агуулах тул анхилуун үнэртэй. Тансаг үнэртэн болон архины үйлдвэрт анхилуун үнэртэн болгон ашиглахаас гадна хүнсний охь хийх, тамхинд  үнэр оруулахад ашиглана.
 Хар суль. Psammochloa villosa. Говийн элсний ургамлын бүрхэвчинд хар сулийн эзлэх талбай 3 сая га гэж үздэг. Суль хэмээх ерөнхий нэрээр ихэвчлэн говь цөлийн бүс нутагт ургадаг хоёр өөр төрлийн ургамлыг нэрлэж заншсан ч үр идээнийх нь өнгө байдлаар хар суль, цагаан суль хэмээн ялган нэрлэнэ. Говь нутгийн ардууд гурил будааг орлуулан цульхир, шар мод, суль зэрэг зэрлэг ургамлыг үр амууг ихээр нөөшилдөг. Сулийн үр намар боловсорно. Суль түүхдээ түрүү толгой хэсгийг хутгаар огтлон хагас тэвэр болмогц элсэн дээр тавиад, арав орчим тэвэр болоход багцалж бооно. Үүнийг суль “буузлах” гэх бөгөөд ийм нэг боодлыг “бууз” хэмээн нэрлэнэ. Суль цайруулахдаа нарлаг өдрийг сонгон авч тусгай цан-дэвсгэр дээр буузалсан сулиа задлан, гарын салаагаар үр нь унаж байхаар бодон зөөлөн гүвнэ. Гүвж авсан сулийн үрийг дэлгэж, үе үе эргүүлэн хатаадаг. Үүний дараа үрээ овоолж, нарийн модоор саваадаж, идээг хальснаас салгаад салхинд хэд дахин хийсгэн ялгадаг ажээ. Цайрч улайсан идээний овоон дээгүүр боловсорч гүйцээгүй жижиг үр, томоохон хольцыг шүүрээр хөнгөн шүүрэлсний дараа ууталж авна. Цайруулсан сулийг хуурч болгох, эсвэл түүхийгээр нь нүдэж тээрэмдэн гурил гарган авна. Цай хийцэлж уух, шөлтэй хоол, өрөм тос тэргүүтэнтэй хольж зуурч хоол хүнсэндээ хэрэглэдэг ажээ.
 Цагаан суль. Leymus racemosus. Цагаан суль манай орны монгол элс буюу Завхан голын өмнөд сав нутаг, Завхан, Хүнүй голын дагуух манхан элс, Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Борогчингийн элс зэрэг нутагт нэлээд нөөцтэй байсан байна. Цагаан суль ерөнхий төрх байдлаараа хар сультай төстэй, түүнийг хатаж хагдармагц үрийг нь гүвж авч уутлан хадгална. Цагаан суль хар сулийг бодвол сийрэг ургацтай, нөөц багатай. Цагаан сулийн гурилыг ихэвчлэн түүхийгээр нь нүдэж тээрэмдэн цай унд чанах, хоолонд гурил орлуулан ашигладаг аж.
 Цульхир. Agrophillum pungens. Цульхир Их нууруудын хотгор, Завхан Хүнүй голын дагуух элсэн манхан, Дорноговь аймгийн нутаг Сайн усны элс, Борохын талын өмнөд этгээд, Далан түрүүний говиос зүүн тийш үргэлжлэх нутаг, Өмнөговь аймгийн Борзонгийн говь, Улаан нуур, Хонгорын элс зэрэг газарт элбэг ургадаг ажээ. Говийн бүс нутгийн халхчууд эртнээс нааш хоол ундандаа олон янзаар ашиглаж ирсэн зэрлэг амууны төрөл бол цульхир юм. Цульхирыг түүж цайруулан боловсруулах болон цульхирын гурил, хөц хийх зэрэг нь нилээд нарийн уламжлалтай. Цульхирын бутыг түүхдээ өвөрмөц хэлбэрийн савар хэрэглэх, цульхирыг түүж хураах, хатаах үйл ажиллагаатай холбоотой шанам-буузлах, хамарлан даршлах аргыг хэрэглэж байжээ.
 Эгэл шагшуурга. Phragmites comminus. Үндэслэг ишний чанамал, залуу иш навчны усан ханд нь шээс хөөлгөдөг бөгөөд үндэслэг ишийг хатааж нунтаглаад улаан буудай, хөх тариан гурилтай хольж талх барина. Мөн шөлөнд чанаж, тосонд хайрах хуурах зэргээр хүнсэнд хэрэглэнэ.

Дөрөв. Жимс жимсгэнийн зүйл
Манай орны уул хайрхан, шил зоо, говь элснээ янз бүрийн амт шимтэй алим жимс боловсордгийг манай ард түмэн аль эртнээс олон янзаар боловсруулан идэх буюу эм эмнэлэгт хэрэглэж байв.
Манай оронд аньс, тошлой, хад, үхрийн нүд, аньс, хармаг, тэс, бөөрөлзгөнө, улаалзгана, долоогоно, мойл, бүйлээс, гүйлс, өрөл, чацаргана зэрэг жимс жимсгэнэ элбэг бөгөөд эдгээрийг намар үр жимс боловсрох үед түүж идэхийн сацуу нөөцлөн хэрэглэдэг уламжлалтай байжээ. Үр жимсийг цагаан идээнд хольц болгох зорилгоор түүж байсан байна. Тухайлбал нэрс мойлыг хангай нутгийнхан нилээд ихээр түүж нэрсний шүүсэнд ээзгий буцалгаж амтлах, мойлтой цагаан тос хийх, чацарганыг исгэж, дарж уудаг байжээ.
Үр жимснээс гадна нэлээд хэдэн зүйлийн ургамлын амтлаг үндэс, бал бурам мэтийг ам цангах үед зажлах, сүү цагаатай хольж хэрэглэх удаа ч бий. Жишээ нь: Алтайн уулархаг мужийн халхчууд намар цагт хадан дээр гоожиж тогтсон арцны шилмүүсний шүүсний чихэрлэг балыг авч идэх, говь нутгийнхан чихэр өвсний үндэс ухаж айраг цагаатай хольж зажлах, тэмээн хөх түүж идэх, хангай нутгийнхан жонжоолой, азаргана, гишүүнэ зэрэг ургамлын амтлаг үндсийг түүж хэрэглэж байсан уламжлалтай.
Тошлойг усан үзэм гэх бөгөөд хурууны өндөгний хэртэй том, түүхэд арвин, амтлаг сайхан жимс юм. Чацаргана дэлхийд нэн ховор эмийн ургамал. Чацарганыг исгэж, дарж, ундаа хийж уух, сүү цагаан идээнд холих, тосыг нь авч ашиглах зэргээр хэрэглэнэ.  Хад нэрсний шүүс хийж буцалгасан ээзгий, мойл хольсон ааруул, тос нь амтлаг өег байдаг.
"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн 
Ч. Эрдэнэзаяа

2 comments:

  1. Маш хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа :)

    ReplyDelete
  2. Эгэл анхилгана гэдэг ургамалын зургыг олж өгч тус болооч?

    ReplyDelete