2011/11/11

Өөр ертөнцийн цэцэг

Түүний амьдралыг хөндлөнгөөс хараад ээж ингэж дуу алддаг юм. Харин надад бол тэр бусдаас содон гайхалтай эмэгтэй. Тэр бүсгүй манай хөрш болсон нь миний амьдралыг ч бас өөрчилж орхисон билээ.  Хэзээ тэр эгч нүүж ирснийг би анзаараагүй, нэг мэдэхэд түүнтэй гэрийн үүдэн дээр юм уу, шатан дээр зөрж таардаг байлаа. Түүнтэй зөрж өнгөрөхөд нэг  гайхалтай үнэртэн хамраар дамжин шууд л тархинд хүрч өөрийн эрхгүй эргэн хармаар болно. Сайхан үнэртэй эгч дуу цөөтэй ч надтай тааралдах бүр инээвхийлэн толгой дохидог байв.
Нэг удаа би орцны үүдэн дээр өнөөх танихгүй хөрштэйгээ халз таарлаа. Тэр эгч гартаа барьсан олон тортойдоо түүртэн эвийг нь олж барих гээд оролдож байхад нь би туслахаар ухасхийлээ. Тэгээд анх тэднийд орсон юм. Хаалгаар нь ороод л би зогтусан гайхаж хэсэгтээ алмайрч орхив. Гэрийн ихэнхи хэсэг цэцэгсээр дүүрсэн байх ба өнөөх эгчийн гоё үнэр гэрт дэндүү ноёрхжээ.  Дасаагүй содон  үнэрт хамар маань тэсэхээ болиод найтааж орхилоо.  Бүсгүй тортой зүйлсээ их л нямбайлан газар тавиад миний барьсныг аван доторхийг нь яаран гаргахад савтай цэцэгс байхыг би сая л анзаарав. Намайг сэхээ авч амжаагүй байхад нөгөө эгч суу л даа гээд сандал руу заалаа. Түүний хийж өгсөн кофег уух зууртаа нүдэнд туссан тод өнгийн савтай  цэцгийг заагаад энэ ямар нэртэй цэцэг вэ гэхэд бүсгүй "Цагаан уул" гэж хариулаад за тусалсанд баярлалаа гэж хэлэхэд яриа дууссан болохыг би ойлгон хаалга руу зүглэлээ.
Тэднийхээс гарч явахдаа "цагаан уул, цагаан уул" хэмээн амандаа шивнэх би  энэ цэцэг хожим миний амьдралд ямар хүчтэй нөлөөлөхийг яахин мэдэх билээ.
Тэр өдрөөс хойш би боломж зав гарвал тэднийх руу орох гэж хүсдэг болчихлоо. Тэдний хаалгаар оронгуут угтах тансаг гэмээр ертөнц нь миний ахуй амьдралаас огт өөр байсан болохоор би тэгтлээ их татагдсан байх. Намайг цэцэгсийнх нь талаар асуухад тэрээр инээвхийлэн ярьж дуу нь чангарах ч бусад үед бол барагтай дуугарахгүй гунигтай юм шиг санагддаг байж билээ. Бид хоёрын яриа цэцгийн тухай өрнөхөөс үл хэтэрнэ. Түүнтэй танил болсныг мэдээд ээж маань таатай хүлээж авсангүй. Арга ч үгүй байх даа. Дөнгөж их сургуулийн босго алхсан оюутан хүү нь ганц бие эмэгтэйн гэр лүү харайлгаад байхад эх хүн санаа зовж эхэлсэн биз ээ.
Өглөөний цайн дээр ээж аав бид хоёрт хандсан байртай:
- Манай шинэ хөрш ганц бие бүсгүй бололтой, хүн хар ч орж гарахгүй нам гүм байх юм гэж сануулах, хуучлахын завсар яриа өдөхөд би юу ч хариулсангүй. Гэсэн хэдий ч би хичээл тараад л тэднийх руу давс асуухаас ч тоохгүй ямар нэг шалтгаан эрэн хаалгыг нь тогшдог байлаа.  Бүсгүй намайг хаалганы шагайвчаар хараад хаалгаа нээнгүүт юм ч асуулгүй цааш явахад би орж болно гэсэн зөвшөөрөл болохыг мэдээд орчихдог болов.
Түүнийг намайг үл анзааран цэцэгстэйгээ ярилцан өхөөрдөж, энхрийлж байгааг нь харах сайхан байдаг байв. Цэцэгчин эгчийн инээмсэглэх нь миний нууцхан хайрладаг охиныхтой адил гэгээлэг, ариухан харагдана. Цэцэг яг л бүсгүй хүн шиг эмзэг, тансаг гэдгийг би мэдрэхийн хэрээр цэцэгст  улам л автаж байлаа. Нэг өдөр бид цэцэгсээ тайралт хийн үрсэлгээ авч байтал бүсгүй:
- Эгч нь удахгүй эндээс явна гэж хэлэв. Надад хэлэх үг олдсонгүй, хэсэг дуугүй байсны дараа би хаашаа? гэж асуулаа
- Хол явнаа.
- Тэгээд цэцэгнүүдээ яах юм бэ?
- Нэг эгч бий. Түүнийг гуйчихсан байгаа. Чи эндээс дуртай цэцгээ авч болно шүү. Хүсвэл.
- Тэгээд та хэзээ ирэх юм бэ?
-  Нэлээн хэдэн жил болох байхаа.
- Цэцэгнүүд чинь таныг санана даа
- Тэгэх л байхаа. Бид хоёр хэсэгтээ юу ч ярилцсангүй чимээгүй сууцгаалаа.
- Та цагаан ууландаа илүү их анхаарал тавих юмаа. Надад энэ цэцэг харь гарагийн цэцэг юм шиг санагддаг аа.
- Тиймээ. Өөр ертөнцийн цэцэг. Чи зөв хэллээ.
- Хэ хэ тийм үү? Ямар гарагийн цэцэг юм бэ?
- Хайр дурлал устдаггүй ертөнцийнх.
- Тийм гэж үү? Гэхдээ манай гараг ч хайр дурлалаар баялаг шүү дээ.
- Зуурдынх юмаа.
- Аанха ... Би бас л дуугүй боллоо. Ангидаа нууцхан харж явдаг  жаахан охин Жульеттадаа үүрдийн Ромео нь байхсан гэж хүсдэгээ би хэлж чадсангүй.
Гэртээ орж ирээд би интернэтээс Цагаан уул цэцгийн тухай мэдээлэл хайж сууснаа хөөх гэж дуу алдахдаа тэсэлгүй хөрш эгчийнх рүү харайлгалаа.
Хаалга нээгдэнгүүт амьсгаадаж нүд нь гялалзах намайг хараад гайхсан бүсгүйн хажуугаар том том алхан өнгөрч Цагаан уул цэцгэн дээр очоод гартаа барьж:
- Эделвайс. Үхэшгүй мөнхийн хайрын бэлгэдэл. Хайр дурлалдаа үнэнч залуу энэ цэцгийг эрж хайсаар арай гэж олон эргэж ирэхэд хайртай бүсгүй нь хүлээсээр хөгширсөн байсан гэнэ. Альпийн нуруу, сибирийн нуруунд ургадаг. Монголд ургадаг нь сибирийн нурууны бүлгийнх. Харин та үүнийг яаж тасалгаанд ургуулж чадав аа хэмээн нэгэн амьсгаагаар хашхирах шахам хэллээ. Бүсгүй
- Аан чи домгийг нь ярив уу. Энэ цэцэг тасалгаанд ургаж чаддаг юм аа гэснээс өөр үг хэлэлгүй гараас минь цэцгийг аван энгэртээ тэвэрч цонхон дээр очиж алсыг ширтэн хөшөө мэт чимээгүй зогсов. Надад дахин хэлэх үг олдсонгүй, бүхнийг үл анзаарах бүсгүйг ихэмсэг, нам гүм орчинд нь үлдээгээд би гарч одлоо.
Хэд хоногийн дараа бүсгүй гадаад явахдаа надад цагаан уул цэцгээ үлдээгээд явсан юм.
Тэр үеэс хойш би цагаан уул цэцгээ янз бүрээр зурж суудаг болов. Хөвөн бүрхүүлт дэлбээг нь, сахлаг бүдүүн үндсийг нь тодотгон нарийн бийрнийхээ үсийг нямбайлан хээлж хэдэн цагаар ч хамаагүй суухдаа үл хувирахын бэлгэдэл болсон цав цагаан цэцгийн мөн чанарыг танихыг хичээнэ. Жижигхэн өрөө маань янз бүрийн орчинд, янз бүрээр ургасан цагаан уул цэцгийн зургаар дүүрлээ.
Хосуудын баярын өдрөөр би бяцхан савтай цагаан уул цэцгээ дулаалж дулаалж өвөртөө хийгээд үүрдийн хайраа илчлэхээр үзэсгэлэнт хонгор охин руугаа зориглон явсан юм. Тэдний хаалганы хонхон дээр хуруугаа даран зогсох миний хамаг бие халуу шатаж байлаа.
Хаалга нээгдэхэд... Үл таних өндөр залуугийн араас тэврэн жаргалтайгаар инээсэн хонгорхон түүнийгээ олж харахад цээжин тушаа цагаан уул цэцэг минь жиндэж бээрээд дуу алдах шиг болж билээ.

Ууланд эгц хадны завсар ургаастай цагаан уул цэцгийн жаазтай хөргөөр эхэлсэн зургийнхаа үзэсгэлэн дээр  гартаа дарс барин инээвхийлэх би сэтгүүлч бүсгүйн тунамал цагаан царай руу харж зогсоод " Энэ цэцэг өөр ертөнцөөс ирсэн юм аа" гэж өөрийн эрхгүй хэлсээн.


2011. 11. 11.
"Увдист цэцэгс бүжих ертөнц" бүлгийн гишүүн
П. Надалсүрэн

3 comments:

  1. гайхалтай бичжээ Надалаа маань Хамаг биеээрээ мэдэрч унших шиг боллоо. Баярлалаа

    ReplyDelete
  2. ямар гое бичээ вэ.баярлалаа.

    ReplyDelete
  3. tegeed tsagaan uul tsetseg tasalgaand uragdag um uu?

    ReplyDelete