2012/03/09

Чулуун зурхай \Арслангийн орд\

Арслангийн орд:
АЛМААЗ-ОЧИР ЭРДЭНЭ (Доржпалам, Бриллиант)
Химийн томъёо нь С. Хольц азот, бор, хүхэр, хүчилтөрөгч, устөрөгч орж өнгөнд нь нөлөөлсөн байдаг.
Өнгөгүй, шаргал, хүрэвтэр, ховроор ногоон, цэнхэр, улаандуу, хардуу туяатай зураасны өнгөгүй, алмазан гялгатай, тунгалаг, хольцын агуулга их бол бүдэгдүү болсон, 1 тэнхлэгийн дагуу хуваагдалтай, дун-хясаа маягийн хагаралтай хамгийн өндөр 10 хатуулагтай эрдэнийн чулууны 1-р орох чулууг алмаз гэх бөгөөд талст гарган зассаныг бриллиант гэдэг. Монголчууд үүнийг хаан чулуу гэж хүндлэн Очир-Эрдэнэ, Доржпалам гэж нэрлэдэг.
Гарал үүслийн хувьд хэт чуурилаг маагмын чулуулгийн бялхалт, тэсрэлтийн хоолой болох кимберлитэд үүсдэг. Сүүлийн үед солирын цохилтоор хурдас чулуулагт үүснэ гэсэн онолын таамаглал гарч бараг л батлагдаад байгаа гэсэн сурагтай. Мөн сансрын гаралтай алмаз солироор зөөгдөн ирж болно ч гэж үздэг. Үндсэн ордоос гадна шороон хуримтлал үүсгэнэ. Томоохон орд нь Өмнөд Африк, Оросын Якут, Энэтхэгд байдаг. Манай Архангайн Шаварын цармаас маш жижиг цөөн тоотой мөхлөг олдсон сураг байдаг бол Сүхбаатар, Хэнтий, Увс, Завхан аймагт алмазын ул мөр байж болох шинж тэмдэг тогтоогдсон байдаг. Алмазыг одоо олон улс оронд зохиомлоор гарган авч голдуу техникийн зориулалтаар ашигладаг.
Алмаз нь гадна төрхөөрөө усан болон утаат болор, молор, бадмаараг, индраанил зэрэг эрдсүүдтэй төсөөтэй боловч маш хатуу буюу бүгдэд нь зураас гаргаж чадах чанар, хос пирамид маягийн хэлбэртэй талст үүсгэсэн байдгаараа ялгарна.
Алмазыг гоёл чимэглэлд хэрэглэхээс гадна өрөмдлөгийн болон аливаа хатуу зүйлсийг огтолж, таслах, засаж янзлах зэргээр техникийн зориулалтаар өргөн ашигладаг.
Алмаз ба бал чулуу (графит) нь адил нүүрсхүчлээс тогтох боловч тэдгээрийг үүсгэсэн орчин нөхцлөөс шалтгаалан дотоод орон тор нь өөр өөр бүтэцтэй болсоноор эрс ялгаатай эрдсүүд болсон байдаг.
Алмаз нь цэвэр ариун чанар, ялагдашгүй хүч чадлыг эзэндээ бэлэглэхээс гадна түүнийг элдэв өвчин, муу муухай зүйл, хар хэл амнаас хамгаалж амар амгалан байхад нь хүчтэй нөлөөлдөг гэж үзнэ. Алмаз нь чулууны хаан тул ямарч хүн зүүсэн тэдэнд ивээлээ хайрладаг гэнэ. Эмийн сударт аянга, цахилгааны хорыг анагаах чадалтай гэсэн байдаг.
ХУВ-ЯНТАРЬ
Химийн томъёо нь C10H16O+(H2S)
Янтарь гэдэг нь далайн чулуу гэсэн утгатай грек үгнээс үүдэлтэй нэр.
Тод шараас хүрэн, улаан, сүүн цагаан, цэнхэр, хар, ногоовтор өнгөтэй болон ховроор өнгөгүй байх, зураасны өнгө нь цагаан, давирхайлаг гялгатай, тунгалгаас тунгалаг бус, хуваагдалгүй дун-хясаа маягийн хагаралтай бутрамхай, 2-2,5 хатуулагтай чулуу (эрдэс)-г хув гэдэг. Үүнийг үрэхэд цахилгаанждаг бөгөөд 350 о -380оС-д хайлдаг.
Хувыг 70 сая жилийн тэртээд ургаж байсан модны давирхайнаас үүссэн гэж үздэг. Үүний баталгаа болж дотор нь янз бүрийн амьтаны үлдэгдэл хадгалагдан үлдсэн байдаг. Хольц элемент, эрдсээсээ шалтгаалан 200 гаруй өнгийн хув байна. Байгаль дээр 1 кг хүртэл жинтэй хув олдох нь ердийн зүйл бөгөөд хамгийн том нь Бирм улсаас 15,24 кг жинтэй олдсон хув Лондонгийн музейд хадгалагддаг.
Хув нь Канад, АНУ, Япон, Итали, Румын, Польш, Балтийн орнууд, Украин, Белорусь, Азербайжан зэрэг улс оронд элбэг байх боловч тансаг чамин сайхан чанараараа Балтийн тэнгисийн хув дээгүүр ордог.
Хуваар зүүлт, маанийн эрх, ээмэг, бөгжний шигтгээ, хөөрөг болон бусад олон төрлийн гоёл чимэглэлийн зүйлс хийж ихээр ашигладаг. Амьтны үлдэгдэлтэй нь бүр ч гоё, чамин болдог байна.
Хуванд иод их агуулагдах тул бамбай булчирхайн өвчинг ангаахад тустай. Нүдэнд шороо, тоос орж бүрэлзэх, загатнах, нулимс асгарваас шар хуваар илж, эдгээж болно гэж эмийн сударт бичжээ.
Хув нь эзэндээ хүч чадал, амжилт, аз жаргал авчрах ба аянга цахилгаанаас хамгаалах шидтэй гэнэ.
ОНИКС-ЧҮНЧИГНОРОВ
Оникс гэдэг нэр нь грек үгнээс гаралтай бөгөөд монголчилбол хумс гэсэн үг.
Өөр өөр өнгөтэй нэг төрөл эрдсүүд холилдон алаглаж, ээлжлэн үелж судалтан бүрэлдэж тогтсон бүтэцтэй чулуунуудыг ОНИКС гэж гадаадынхан гэж нэрлэсэн байна. Жишээлбэл голдуу улаан өнгөтэй цахиурын ислээс тогтсон, судалтсан, галт уулын гаралтай чулуу буюу маныг сердолик оникс, үелсэн өөр өөр өнгийн кальцитаас тогтсон гантигийг мраморный оникс (гантигийн оникс) гэжээ. Эдгээрээс сердолик буюу галт уулын гаралтай цахиурын ислээс бүрдсэн чулуу нь монголчуудын чүнчигноров гэдэг чулуутэй дүйнэ. Гэхдээ манай монголчууд галт уулын гаралтай цахиурын ислээс тогтсон, судалтсан маныг гартаам, алагласан бөгөөд дотроо гартаам, манын бүрэлдэхүүнтэйг нь чүнчигноров гэж түвдээр нэрлэн хангарьдын бөөлжис гэж үздэг байжээ. Тэгэхээр химийн томъёо нь SiO2 болох нь.
Гарал үүсэл нь: Галт уулын гаралтай чулуу. Олон оронд энэ чулуу байгаа гэх боловч монголчууд өргөн хэрэглэж хаан чулуу, эрчүүдийн чулуу гэж хүндлэн дээдэлж байдаг тул МОНГОЛЫН ЧУЛУУ гэх нь ч байдаг.
Энэ чулуу нь янз бүрийн өнгөтэй, алаг, гоёмсог хээ хуартай, 6-7 хатуулагтай, өнгөлгөө сайн авдаг далд талст бүтэцтэй байдаг. Түүний бүтэц, найрлага, тогтцоос нь хамааруулан монголчууд вааран ба шилэн чүнчигноров гэж хоёр төрөлд хуваан үздэг. Вааран чүнчигноров нь дүлий маягтай буюу тунгалаг бус, шилэн чүнчигноров нь тунгалагдуу байдаг байна. Мана, гартаамын хольц ихтэй нь их гоёмсог сайхан байдаг. Ногоон өнгөтэй чүнчигноров их ховор байдаг тул үнэ өндөр байна.
Манайхан эрт дээр үеэс ихэвчлэн хөөрөг хийн эдэлдэг байсан бол сүүлийн үеэс дээлийн товч, шагай, гоёл чимэглэлийн үнэт зүйлсээ хийх хайрцаг, бэлэг дурсгалын зүйлс хийн ихээр ашиглаж байгаа.
Чүнчигноровыг хор хийгээд этгээд өвчин болон ракийг ангаах увдистай гэж эмийн сударт дурдсан байдаг.

Б. Энхбаяр
"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн

1 comment:

  1. Надад ээж минь дээр үеийн чүнчигноров дээлний точ өгсөн. Мөнгөөр тогтоох шилбийг нь хийсэн. Их гоё. Гэхдээ эмэгтэй хүн хэрэглэж болох юм болуу

    ReplyDelete