2011/09/25

Таны хүүхэд Монголоор ярьж чаддаг уу?

Энэ зун манай үеэлүүд ирлээ. Гадаадад амьдардаг юм. Монголдоо ирээгүй олон ч жил болж дээ. Тэгээд арай гэж нэг ирсэн нь тэр. Годойсон жоохон хүүхэн явж байсийн. Аль хэзээний хэрсүүжсэн том аниа болсон байна лээ. Арга ч үгүй байх л даа, нөхөрт гарч хүүхэдтэй болсон хүн. Хүүхдээ дагуулаад иржээ, Монголоо харуулах гээд. Хөөрхөн цагаан охин, одоо долоон настайм гэнэ. Хэн ч харсан яг л монгол. Даанч харамсалтай нь Монголоор ярьдаггүй. Бараг ойлгодог ч үгүйм байна лээ. Уг нь аав ээж нь хоёулаа л монгол хүмүүс. Гэтэл яагаад вэ? Хоёр хэлээр ярьдаггүй юм гэхэд ядаж ойлгодог болгочихгүй дээ гэж харамсаж байлаа.
Харин таны хүүхэд Монголоор ярьж чаддаг уу? Эсвэл зөвхөн ойлгодог уу? Мэдээж ямар ч хүүхэд хоёр хэлээр зэрэг хэлд орох бүрэн бололцоотой. Эцэг эх нь хоёулаа нэг үндэстэн байна уу, хоёр өөр хэл соёлтой өөр үндэстэн байна уу гэдгээс хамаарахгүй. Хүүхэд хэлд ороход орчин нөхцөл маш их нөлөөтэй байдаг. Эргэн тойронд нь байгаа хүмүүс хаанах хэлээр ярьж байгаа нь маш чухал. Хүүхэд 4 - 6 сартайгаасаа хүний хэл яриаг сайн сонсож, ойлгох чадвар сууж эхэлдэг. Аажмаар үгийн сан нь бүрэлдэж эхлэх бөгөөд ихэнх хүүхэд нэг ой хүрэхээсээ өмнө анхны үгээ хэлдэг байна. Энэ нь ихэвчлэн "мөөм", "ээж" "да-да" гэхчилэн амархан үгс буюу авиа байдаг. Дараагийн үгээ сурахад сар орчим хугацаа зарцуулна. Зарим үед эхний үгээ мартаад, өөр үг сурах нь ч бий. Нэг ой хагастай болоход хүүхдийн үгийн сан 50 орчим үгтэй болох бөгөөд гурван нас хүрэхдээ хүүхэд маань чөлөөтэй ярьж, харьцах боломжтой болж хэлэмгий доломгой гэж жигтэйхэн нөхөр болсон байдаг.
Хэрэв хүүхдээ унаган хос хэлтэй болгох гэж байгаа бол аль болох эрт буюу болж өгвөл төрсөн цагаас нь эхлэн хичээх хэрэгтэй. Хоёр хэл дээрх харилцааны хоорондох хугацаа их байх тусам анхдагч хэлний давамгайлах байдал илүү байдаг. Өөрөөр хэлбэл, та хүүхэдтэйгээ төрсөн цагаас нь эхлэн Монголоор ярьсан бол хүүхэд тань Англи хэлийг хэзээ ч унаган хэлээ болгохгүй гэсэн үг юм. Тийм учраас та хүүхдээ хос хэлтэн болгох гэж шийдсэн бол нялхаас нь эхлэн хоёр хэлийг эн тэнцүүхэн хэрэглэж байх хэрэгтэй. Хэрэв тэнцвэр алдагдвал хүүхэд илүү их хэрэглэдэг хэл нь давамгайлна. Хүүхэдтэйгээ хоёр хэлээр харилцан ярилцаж, ном уншиж өгч, хүүхэлдэй үзүүл. Мэдээж энэ нь хангалттай биш учраас өөр хэлээр ярьдаг найз нөхөд, хамаатан саднаа ч бас хүүхэдтэйгээ тэр хэлээр нь яриулж байгаарай.
Гэхдээ хоёр дахь хэлнийг хэрэглэж эхлэхдээ сайн анхаарах хэрэгтэй. Хүүхэд гэдэг маш ажигч гярхай бяцхан хүн юм. Хэрэв нялх байхаас нь эхэлж чадаагүй бол яах вэ гэж үү? Гурван нас хүрчихсэн бол хүүхэд тань таныг гэнэт л өөр хэлээр өөртэй нь ярьж эхэлвэл огт хүлээн авахгүй. Тэр гайхаж, бас дургүйцнэ. Харин өөр хэн нэгэн, шинэ хүн өөр хэлээр ярьж байвал сонирхон хүлээн авдаг. Тиймээс асрагч ч юмуу, багш олж өгөөрэй. Бяцхан хос хэлтэн өсгөхөд хэрэглэдэг зарим нэг арга байдаг.
- Нэг хүн - нэг хэл
- Нэг хугацаа - нэг хэл
- Нэг орчин - нэг хэл зэрэг аргууд танд туслана.
Нэг хүн нэг хэл гэдэг нь эцэг эхийнх хэн нэг нь өөр хэлээр ярилцаж байна гэсэн үг юм. Та хоёр хоёулаа монгол хүн байсан ч үүнийг хэрэглэж болно. Хэрэв нөхөр (эсвэл эхнэр) тань Англи хэл сайн мэддэг бол бяцхан үртэйгээ англиар яриарай. Гол нь энэ зарчмаа огтхон ч өөрчилж болохгүй. Ядаж гурван нас хүртэл нь. Аав нь англиар ярьдаг бол англиараа л ярих ёстой.
Нэг хугацаа нэг хэл гэж нэг нэг хоногоор ээлжлэн ярих юмуу, өдрийн эхний хагаст нэг хэлээр харин хоёр дахь хагаст өөр хэлээр ярихийг хэлнэ. Эсвэл амралтын өдрөө өөр хэлний өдөр болгож ч болно шдээ. Гол нь давтамж нь өөрчлөгдөж болохгүй.
Нэг орчин, нэг хэл аргыг гадаадад байгаа хүмүүс хэрэглэх нь илүү дөхөмтэй байдаг. Эсвэл таны бяцхан үр орос, хятад, англи зэрэг хэлний төрөлжсөн цэцэрлэг сургуульд сурдаг бол. "Гэр сургууль" эсвэл "Гэрт гадаа" гэж хувааж болно. Жишээ нь: Бүгдээрээ гэртээ Монголоор ярина, харин хүүхэд тань гэрээсээ гараад амьдарч буй орныхоо хэлээр ярих болно. Гол нь гэртээ "зөвхөн Монголоор ярина, ямар ч гадаад үг хэрэглэхгүй" гэдэг дүрмийг сайн баримтлах хэрэгтэй. Мөн хэлүүдийн хоорондын тэнцвэрийг нь сайн хадгалах гэж сайн хичээгээрэй.
Ингээд таны хичээл зүтгэлийн үр дүнд хөөрхөн бяцхан үр тань "Bilingua" буюу хос хэлээр чөлөөтэй ярьж шулганадаг болно. Монголоор ярихдаа харь аялгатай ярьж байсан ч яахав, өвөг дээдэс, ээж аавынхаа хэлээр ойлголцож чадаж л байвал аялга энэ тэр хамаа юун. Ирээдүйд аль улсын иргэн болсон ч өвөг дээдсийнхээ хэлийг мэддэг байх нь хамгийн чухал.
"Увдист цэцэгс бүжих ертөнц" бүлгийн гишүүн
Гэгээнсаран

3 comments:

  1. Mash sonirholtoi tulgamdsan asuudaliig songojee!
    Baga huu maani 3hureh gej baina.Angiinhaa huuhduudees ugiin baylag muu odoonoos l yarij ehelj baina.
    Bi gertee mongoloor yaridag n gadaad heleer tsetserlegtee yarihad n saad boldog yum bolow uu?
    Ondoo hen negend yamar turshlaga baina?

    ReplyDelete
  2. ynen l yum bn manai hamaatnii hyyhdyyd ene zun irsiin tegsen bas mongolooroo yarij medehgyi bsan ,aav eejiig ni buruutgahaas yahav dee uursduu uugshyyleed l gert gadaagyi angliar yriad bhad hyyhed yaj eh helee surahav dee.

    ReplyDelete
  3. http://stat.gogo.mn/images/joke/Mongol-yamar.jpg

    ReplyDelete