2011/07/06

Хоол амтлагч \I хэсэг\

(Тус сайтад тавигдсан материал нь  "Увдист цэцэгсийн ертөнц" ТББ-ын дэргэдэх клубын өмч бөгөөд хуулийн дагуу хамгаалагдсан тул хуулбарлан ашиглахыг хориглоно.)

Хоол хүнсэнд хэрэглэгддэг олон төрлийн амтлагч ногоо байдаг. Монгол хоолны онцлог ч юм уу ба нүүдлийн соёл хотжихдоо мартагдсан ч юм уу манайханы хоолонд хэрэглэдэг амтлагч ногоо лаврын навч хар улаан перец, гоньд гээд л дуусчихдаг. Гэтэл одоо европ, ази хоолны соёл өргөн дэлгэрч байгаатай холбоотой хоол амтлагч олон ногоо байх болжээ. Түүний заримынх нь учирыг ч олохгүй хаана ямар хоолонд хэрэглэх ээ ч мэдэхгүй тохиолдол олон байдаг. Миний хувьд хоол амтлагч ногоо нь амтлагааны төдийгүй бас эмчилгээний ач холбогдол өндөртэйг нь мэдэх юм.

Түүнчлэн эртний уламжлалыг нь харж байхад халиар, гоньд таана, хөмүүл, цээнэ, төмсний улаан, цагаан гаа, мэхээр гээд л олон өвс ногоог монголчууд хоол амтлахаар хэрэглэж байсан байдаг юм билээ.
Халгай
Дэлхийд халгайн 40 орчим зүйл ургадгаас манай оронд Олслиг халгай (Urtica cannabina), Нарийн навчит халгай (U. angustifolia), 2 гэрт халгай (U. dioica) гэсэн 3 зүйлийн халгай ургадаг байна.
Нялх найлзуур навчиндаа амин хүчил, флавноид, А,С, К, В-ийн төрлийн витамин, эфирийн тос, тосны хүчил, кратиноид агуулдаг. Халгайн ургалтын эхэн үедээ дээрх агууламж хамгийн өндөр байх тул хавар эрт түүж чийг бам буюу С амин дэмийн дутагдалыг эмчлэх, хоолны амт чанарыг нэмэгдүүлэх, хоолны шингэцийг сайжруулах зорилгоор махан хоол, ногоон зууш, банш, бууз, хуушуур, шөлтэй хоолонд амтлах зорилгоор хэрэглэнэ.
Ялангуяа өндөр настай хүмүүс хийг дарж, цусыг сайжруулан, өвлийн турш дутагдалтай байсан С амин дэмийг нөхдөг хэмээн эртнээс хаврын сүүл сар, зуны эхэн сард хоол хүнснэдээ өргөн хэрэглэж ирсэн байдаг. Дөнгөж ургаад 3-4 хуруу халгайг түүж хэрэглэх нь хамгийн тохиромжтой.
Халгай нь тэжээлийн үнэт чанараараа буурцагт ургамалтай ойролцоо, амин хүчлийн бүрэлдэхүүнээрээ арвай болон буудайн уургаас илүү байдаг. Ялангуяа хаврын улиралд халгайн шинэ навч байцаанаас илүү шим тэжээлтэй.
Мөн халгайн навчыг аарцтай хольж хатаан хэрэглэх, сүү, мах зэргийн муудалтыг багасгах зорилгоор ашиглах, цайны бүрдэл хэсэгт нэмэх зэрэг эртний уламжлалт хэрэглээ нь ч бас сонирхолтой.
Орчин үеийн шинжлэх ухааны ололтоор түүнийг бас үс угаах шампунь, нэхмэл сүлжмэл утас будах будаг болгон ашиглах аргыг ч тодорхойлсон байдаг.
Халиар.
Халиар сонгинолог ургамлын нэг бөгөөд дэлхийд 400 орчим нэрийн сонгинолог зэрлэг ургамал ургадгаас Монгол оронд 48 зүйлийн сонгинолог ургамал зэрлэгээр ургаж байна. Таримал 51 сорт бүртгэгдсэн байдаг байна.
Халиар (Allium victorialis) навчиндаа С амин дэм, аллицин санли сульфид хэмээх антибиотик, винилполисахарид, гликозид, түүний уламжлалт нэгдлүүд, эфирийн тос, эрдэс давс зэргийг агуулдаг. Шинэхэн навчин дахь С витамин, алкалоид, флавноид зэрэг биологийн идэвхит нэгдэл, эфирийн тос, лизоцин, фитонцидийн агууламж өндөр байна. Халиарыг цэцэглэхээс нь өмнө хаврын адаг, зуны эхэн сард түүж дангаар нь бууз, хуушуур, шөлтэй хоол хийж өвлын турш цугларсан хий, ядаргаа, С амин дэмийн дутагдал-чийг бамыг хорыг тайлахад хэрэглэж ирсэн уламжлал бий.
Мөн даршилж, хатааж хоолны амтлагчаар хэрэглэнэ.
Халиарыг хавар эрт түүж чийг бам, судас хатуурахаас сэргийлэх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, халдвар үүсгэгч бичил биетнийг устгах, хүнд металын хордлого тайлах (өвөлжин утаан дунд хордсон доо хордсон. Халиар ч хэрэгтэй юм байнаа), хоол боловсрох үйл ажиллагаа, шинэцийг сайжруулах, бие тордон тэнхрүүлэх, ханиалга, цэр ховхлох зэрэг олон зорилгоор хэрэглэж болох өндөр ач холбогдолтой ургамал юм. Бактерцит үйлчлэл, антиоксидант чанараар өндөр, хөлөргөх, шээсний ялгарлыг нэмэгдүүлдэг, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулдаг бас давуу талтай.

 "Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн 
Ч. Эрдэнэзаяа

No comments:

Post a Comment