2012/03/10

Чулуун зурхай \Бумбын орд\

ЦИРКОН
Химийн томъёо нь ZrSiO4
Өнгөгүй болон хүрэн, улаан хүрэн, саарал, ногоон, хөх, ягаан зэрэг олон янзын өнгөтэй тохиолдох, зураасны өнгө нь цагаан, алмазан гялгатай, тунгалаг, хагас тунгалаг, тунгалаг бус гэх мэт төрхтэй, нэг тэнхлэгийн дагуу тэгш бус хуваагдалтай, 7.5 хатуулагтай байгалийн ямарч эрс тэс нөхцөлд хувирч өөрчлөгдөхгүй эрдэс, чулууг циркон гэнэ. Гоёл чимэглэлд тунгалаг талстыг нь ашигладаг бөгөөд байгаль дээр жижиг талтууд л үүссэн байдаг.
Гарал үүсэл нь боржин зэрэг гүний гарал үүсэлтэй чулуулагт ба магнаг судалд үүсэх ба хувирмал чулуулагт дагалдах эрдэс байдлаар үүснэ. Шороон хуримтлал үүсгэх ба гол олборлолтыг шороон хуримтлалаас авдаг. Гол олборлогч орнууд нь Австрали, ӨАБНУ, Бразили, Хятад, Энэтхэг, АНУ бөгөөд эдгээр улс орон далайн эргийн шороон ордоос олборлодог байна. Харин Украин, Казахстан, ОХУ-ын Урал, Сибирээс шүлтлэг магнаг судлаас олборлодог байна. Бас Израиль улсыг дэлхийн хамгийн том олборлогч гэж үздэг. Манай оронд шороон илэрц хэлбэрээр 3-4 аймгийн нутагт тэмдэглэгдсэн байх ба Өмнөговьд шороон хуримтлал байдаг гэсэн мэдээ бий.
Монголчууд цирконыг саяхнаас л гадаадаас оруулан ирж хэрэглэж байгаа болно.
Циркон нь жижиг талст байдлаар олдох тул ихэвчлэн түүгээр жижиг ээмэг, бөгж, зүүлт мэтийн шигтгээ болон зүүлт хийж хэрэглэдэг.
Цирконыг мөн матрын ордныхонд ээлтэй гэдэг.
ОПАЛ-ГЭРЭЛТ ЧИМЭГ:
Химийн томъёо нь SiO2•nH2O8 (ус нь 5-8%) хольцоор Fe2O3, MgO, CaO орно.
Цагаан, шар, улаан, улбар шар, хүрэн цэнхэр, хөх, ногоон, хар, алаг гээд янз бүрийн өнгөтэй, зураасны өнгө нь цагаан, тод бус шилэн гялгатай, тунгалгаас хагас тунгалаг, хуваагдалгүй, дун хясаа маягийн хагаралтай, 5,5-6,5 хатуулагтай далд талстлаг болон аморф бүтэцтэй, солонгорсон тунгалаг, өнгөлгөө сайн авч их гоёмсог болдог эрдэс чулууг опал буюу гэрэлт чимэг гэдэг. Гэрэлт чимгийг дотор нь эрдэнийн ба ердийн гэж 2 ангилдаг. Шил мэт маш тунгалаг, гоё солонгорсныг нь эрдэнийн, хагас тунгалаг, солонгордоггүйг нь ердийн гэрэлт чимэг гэдэг. Өнгө болон онцлог шинжүүдээр нь мөн л олон хуваан нэрлэдэг. Жишээ нь: Мөнгөлөг, цалин цагаан гэрэлт чимэгийг кохалонг гэх мэт.
Гарал үүслийн хувьд ихэвчлэн бага температурын гидротермаль буюу газрын гүнээс гарах бага температуртай цахиурын ислийн уусмал чулуулаг дундуур нэвчин ороод хөндий орон зайд, богино хугацаанд царцаж үүссэн чулуу. Томоохон ордууд нь Австрали, Мексик, Бразили, Гватемаль, Гондурас, Япон, Чех, АНУ, Украин, Турк, Казахстан, ОХУ-ын Урал, Камчаткад байдаг.
Гэрэлт чимэг эзэндээ итгэл найдвар, аз жаргалыг бэлэглэхээс гадна эзнээ нүдний болон зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлдэг гэж үздэг. Энэтхэгт эрт үеэс үнэнч хайр дурлалын бэлэг тэмдэг гэж шүтэн биширч, хосууд бие биедээ үүгээр хийсэн шигтгээтэй бөгж бэлэглэдэг байсан гэнэ.
Гэрэлт чимгийг мөн матар, хилэнц, загас харин цагаан буюу кохалонгийг үхрийн ордныхонд нэн таатай байдаг гэжээ.

Б. Энхбаяр
 "Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн




2 comments:

  1. wow opal bas unetei bsan Australiad. eemeg huzuunii zuultiig ni 3500 AUSD avsan. solid tsagaaniig ni. Black opal bur aimaar unetei um bna lee.

    ReplyDelete