2012/06/20

"УВДИСТ ЕРТӨНЦ" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА 3 р хэсэг

Үзэсгэлэнгийн нээлтийг Увертюра хамтлаг хөтөлж явууллаа.

Ундаргаас тэмүүлэх урсгалын уулзвар голомт
Уулс үүлс, ургамал цэцэг
Уран байгаль шүтэн барилдах
Уудам цахим орон зайн баян бүрд
Увдист цэцэгс бүжих ертөнц клубын нийт гишүүдийн зүгээс
энэ өглөө хуран цугларсан та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлж, 2012 оны хаврын
үзэсгэлэн худалдааны нээлтийн арга хэмжээ эхэлж буйг мэдэгдье.

Цонхон дээр нь цэцэг дэлбээлдэг айлын

Цог хийморь нь өөдөлж байдаг.
Өглөөний нартай мэндэлж дэлгэрсэн цэцэгс
Өөрийн эзэндээ ерөөл өргөн баярладаг.
Хахир хүйтнээр ч өнгө зассан цэцэгс
Хайрын илчээр гэрийн жаврыг үргээж
Үзэсгэлэн төгс хээнцэр гоог нь
Үзсэн бүхний буян нэмэгдэж байдгийг та бүхэн юу эс андах вэ?
Тус клубынхны хувьд гэвэл:
Өрнө дорнын байгалийг
Өргөөндөө цогцлоож,
Өөдрөг тэмүүлэлт хүмүүс
Өөрсдийн хүслээр нэгдэж,
Байгаль эхийн урныг
Бахдаж бишрэн
Баяр хөөрөө хуваалцаж
Булт олноороо нөхөрлөдөг өө.
Уяхан цэцэгсийг бүжиглүүлж,
Увдист чанарыг таньж
Уулзаж нөхөрлөсөн цагаасаа
Урамтай үйлсийг эхлүүлсэн юм.
Асрах төвийн багачуудад
Ариун сэтгэлээр тусалж,
Амьдралд баяр баясгаланг түгээх
Аз жаргалд хөтлөхийг эрмэлздэг юм.
Хотын үзэмжинд гэгээ нэмэхээр
Хол ойроос санаа нэгдэж
Хэтийн болоод ойрын төлөвлөгөөний дагуу
Хийх ажлаа эхлүүллээ.
Хуримтлуулж цуглуулсан туршлагаа
Хүмүүст түгээн хуваалцдаг
Манай клубынхны зорьсон
Магадгүй та бүхний хайсан зүйлийг хэлье.
Аз жаргалыг алсаас бүү хайя
Алтан нарны гэрлийг эргэн тойрондоо сацруулъя
Хайрыг холоос бүү эрье
Хажуу дэргэдээ өнгө нэмж, гэгээ оруулъя.
Тус клубын гишүүд нь Монгол эх орны хот хөдөөд төдийгүй алс хилийн чанадад бий бөгөөд цэцэг сонирхогчоос эхлээд Шинжлэх ухааны академийн байгаль орчны чиглэлийн хүрээлэнгүүдэд эрдэм шинжилгээ судалгааны ажил эрхэлдэг эрдэмтэн судлаачдыг эгнээндээ нэгтгэсэн билээ. 
Хүсэл эрмэлзлэлээрээ нэгдсэн эдгээр хүмүүсийн нэгэн болох,
Щвейцарь улсад аж төрж, уран бүтээлээ туурвидаг Г. Нармандах гишүүний уран
тансаг шүлгийн шадаар та бүхний сонорыг мялааж, үзэсгэлэнгийн танхимдаа урья:
Өнгөт чулуун шатаар даашинзны хормой шуун
Өдөт олон жигүүртний хорших дуу өөд өгсөв.
Дэлгэж орхисон хаалганы босгыг даван орохдоо
Дэлгэрэх гоо цэцэгсийн үнэрт мансуурав.

No comments:

Post a Comment