2013/02/20

Өгүүллэгийн уралдаанд "Хүслэн"

Х.Болор-Эрдэнэ

 Хүслэн
  Өнөөдөр... Зургийг ханандаа хадчихаад сэтгэл дүүрэн хэсэг харж суулаа. Гил хар хөрсөн дээр дөнгөж л цухуйж байгаа тэр жижигхэн ногоон соёоноос ямар нэгэн нууцлаг гэрэл сацрах шиг санагдана. Зурагчны гярхай нүд энэ зургийг дарж байхдаа яг л над шиг нандин хэрнээ, бас сэтгэл хангалуун мэдрэмжээр амьсгалж байсан байх даа гэсэн бодол төрнө. Чухам ямар ургамал болохыг нь хэлэхэд арай л эрт байхад нь энэ бяцхан ногоон ишний зургийг даржээ. Жааз дүүргэсэн гил хар хөрс эзгүй хүйтэн гэрт нь бяцхан хүүхэд мэндэлсэнд баясан суугаа хосууд шиг нэг л жаргалтай сийрэг зөөлхөн харагдана. Гэрийн маань баруун талд ханхайж байсан хоосон ногоон хана тэр чигээрээ дуу аялан байх мэт. Энэ ногоон ханын цааснаас болоод л би энэ зургийг нэгэн танил зурагчнаасаа авчихсан юм. Одоо энд дутуу зүйл алга. Хоосон ханхар санагддаг байсан тэр ханандаа би дөнгөж сая дуртай болчихлоо. Хуруугаараа тэрхүү бяцхан ногоон соёог тэмтэрч үзмээр санагдахад би зураг луу долоовор хуруугаа сэмхэн дөхүүлэв...

Маргааш нь... ...Бяцхан дүрсгүй жаал толгойгоороо шүргэн тоглох мэт салхивчны онгорхойгоор шургалан орж ирсэн салхи сиймгэр хөшгийг бөмбийлгөн хийсгэнэ. Тэр жаалын хөгжилтэй инээд гэр дүүргэн ход ход сонсогдохуйд цээжинд минь хязгааргүй их хайр асан бадрахыг мэдэрнэ. Жаалхүү нүдэнд үл харагдах хэдий ч би түүний амьсгалж байгааг, зүрхнийх нь бартаагүй түргэн цохилохыг тодхон сонсож чадаж байлаа. Эмх цэгцтэй байсан бүхэн байраа
солин эх адаг нь мэдэгдэхгүй хөрвөж байсан ч би жаалхүүг хориглохыг хүссэнгүй. Ийш тийш цовхчин, дураараа тонгочиж, миний хамгийн ихээр харамнаж явдаг шилэн хаалтны цаадтайх ховор үзэгний цуглуулгуудыг бусниулж байхад ч би юм хэлсэнгүй. Түүний товор товор гүйн, тэндээс энэ хүртэл, эндээс тэр хүртэл бяцхан хөлөөрөө хэмжилт хийн түжигнэхийг сонсоход тааламжтай байлаа.
Жаалхүү миний өчигдөрхөн хогийн сав руу чулуудчихсан ундааны саванд ус дүүргээд хаа тааралдсан газар луугаа шүршиж эхлэхэд л би сая түүнд “Одоо болсоон” хэмээн дуугарав. Харин тэр миний хэлэхийг сонсоогүй буюу эсвэл сонссон ч үл хэрэгссэн бололтой шүршихээ зогсоосонгүй.
Миний дуртай ногоон ханыг, түүний дунд шигтгээ мэт өнгө гялбуулах жаазтай ногоохон соёолжны минь зурган дээр хайр найргүй усаар шүршин наадаж байгааг нь хараад тэссэнгүй жаалхүүг чангаар задрав.
-Хүүе, одоо боль чи... Миний эрс чанга дуу жаалхүүг цочоосон бололтой бүх зүйл гэнэт нам гүм болчихов. Ямар ч инээд, ямар ч хөлийн товор товор хийх чимээ, зүрхний хөгжилтэй түргэн хэмнэл сонсогдохоо больчихов...

Тэрний маргааш... Би хүлээгээд л байлаа...
 
Маргаашийн маргааш... Би хүлээгээд л байлаа...
 
Дахиад маргааш... -Хүүе, чи хааччихав аа? Одоо гараад ир ээ.
 
Дахиад л маргааш нь...
-Би чамайг дахиад загнахгүй ээ. Чи хүссэнээрээ тогло л доо. Одоо гараад ир... Би түүнийг гарч ирээсэй гэж хүсэхдээ хумсаа химлэн хэсэг сууж байгаад жаалхүүгийн шидэж орхисон устай савыг шүүрч аваад ийш тийш цацлан тоглож, гэрээ тойрон бахардатлаа гүйлээ. Ганцаараа инээд алдаж, цэгцтэй хураасан бүх хувцасаа гарган шидэлж, заримыг нь хайчлан жижиглээд цонхоороо хийсгэж гарав. Яг л өнгө өнгийн цэцэгсээр бороо асгарах шиг миний даашинзууд доош уралдан нисэж одов. Би нүцгэрэн үлдлээ. Толгой дээр гэнэт ход ход хийн хөхрөх дуулдав.

Бас нэгэн маргааш... Жаалхүүгийн бяцхан хуруунууд хөхний минь товчин дээр зөөлхөн хүрч, сониучирхах мэт ийш тийш эрвэгнүүлэн гүйж байснаа зөөлхөн булбарай хамраараа энгэрийг минь шүргэж хөөрхөнөөр үнэрлэхэд би түүнийг цочоохгүй юмсан гэхдээ нүдээ нээж зүрхэлсэнгүй. Дөнгөж битүүрсэн зулайных нь зөөлхөн буржгар үснүүд хацар амыг минь шүргэлэхэд түүний нялх үнэр сэнхийтэл хамар цоргиж, сэтгэлд минь хаврын анхны борооны үнэр сэнгэнэв. Бид хоёр хэн хэнийгээ маш их санажээ. Хэзээ ч хүүхэд хөхүүлж байгаагүй хөхнөөс минь бүлээхэн сүү чимчигнэн дуслахад жаалхүүгийн булбарай зөөлхөн хэл түүнийг сурамгай нь аргагүй амтархан сорохыг бүхий л биеэрээ мэдэрнэ. Нүдээ л нээчих юм бол жаалхүү хаа нэг тийшээ алга болчих юм шиг санагдсанаас би түүнийг бусад бүхий л мэдрэхүйгээрээ ойлгохыг хичээж байлаа. Жаалхүү хөхөж цадчихаад хажууд атиралдан наалдаад ханын зурагтай гангар гунгар ярилцана. Би түүний хэлийг ойлгохыг хичээж байгаа ч хэтэрхий уянгалаг тэр эгдүү хүрэм хоолойны өнгийг сонсоод л баймаар. Жаалхүүгийн хуруугаараа заасан зүг рүү анисаганыхаа завсараар дагуулан хараад дуу алдав. Ногоохон соёолж минь дээш өндөрсөн ургаад ишин дээр нь бяцхан ягаан бундуй гараад ирчихсэн байх нь тэр. Жаалхүү бид хоёрын цацруулан тоглосон усан дуслууд соёолжны маань үзүүрт саяхан усалсан мэт бөнжигнөх нь нялх бундуйны өнгөтэй хоршоод харц салгамгүй дур булаам. Жаалхүү дахиад л хөх рүү минь хошуугаа шургуулаад хөгжилтэйгээр инээд алдсанаа жигдхэн амьсгалсаар нойрондоо дарагдав. Түүнийг унтмагц би ямархуу царайтай болохыг нь харах хүсэлээ хориж дийлэхээ болиод сая л анх удаагаа нүдээ нээлээ.
Өөр нэгэн маргааш...
 
Өнөөдрийн маргааш... Хөшигний хормой салхинд дэрвэн нүүрийг илбэхэд нүдээ аажимхан нээгээд гэрээ тойруулан харав. Саяхан л инээд хөөр, дуу чимээ болж байсан бяцхан хүү байсангүй. Түүнийг байсан гэх ор мөр ч байсангүй. Уртаар санаа алдаад орноосоо өндийхөд хананд өлгөсөн шинэхэн жаазтай зураг нүдэнд өртөв. Дөнгөж соёолж байгаа тэр ногоохон иш хэзээ мөдгүй цэцэглэн дэлгэрэх юм шиг санагдахад харц салгалгүй он жилүүдийг мартаад удаанаар ширтэн суулаа.
 
Дөнгөж сая... Гэнэт хэвлий дотроос хэн нэг нь хөгжилтэйгээр тогших шиг болов...
2012.08.27

No comments:

Post a Comment