2011/07/07

Монгол сакура

(Тус сайтад тавигдсан материал нь  "Увдист цэцэгсийн ертөнц" ТББ-ын клубын өмч бөгөөд хуулийн дагуу хамгаалагдсан тул хуулбарлан ашиглахыг хориглоно.)

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг, Сайншанд хотоос урагш 38 км-т орших Хамрын хийд нь ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан Шарилын уулын 3 хийдийн нэг, түүний аж төрж, уран бүтээлээ туурвиж байсан дурсгалт газрын нэг. 1821 онд хийдийг байгуулсан. Дэлхийн энергийн төв хэмээн нэрлэгдэх энэхүү ариун дагшин газар Япончууд сакура мод тарьсан бөгөөд энэ нь жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт цэцэглэдэг гэдэг.
 
Монгол сакура буюу бүйлс нь цэцэрлэгжүүлэлт, гоёл чимэглэлийн ургамал юм. Үр жимсний, түлшний, эмийн, чимэглэлийн, балт, цай орлогч зэрэг олон талын ач холбогдолтой. 
  
  Бүйлсний үрт жимс
Үрийн идээг маш олон зүйлд ашигладаг. Түүнийг хүнс, эм, тансаг үнэртний үйлдвэрт чухал түүхий эдэд тооцно. Бүйлсний идээнээс гаргасан тосоор арьс зөөлрүүлэх, цэвэршүүлэх үйлчлэл бүхий бүйлсний тос, бүйлсний сүү зэрэг зүйлийг хийхээс гадна сайн чанарын саван хийнэ. Мөн түүний цэвэршүүлсэн эфирийн тосыг архи дарс, чихрийн үйлдвэрт ашигладаг байна. Идээний шахдасаар маш их уургийн бодис агуулсан бүйлсний гурил, бүйлсний ус, зэргийг гаргаж эмнэлэгт хэрэглэх ба мөн камед агуулсан хэсгээр цавуу хийнэ. Бүйлс нь говийн мэрэгчид шувууны хамгийн дуртай тэжээл мөн. Говийн зарим нутагт (Ээж хайрхан гэх мэт) хадны агуй хонгилд бүйлсний үрийн хальс асар ихээр овоолоотой байдаг нь үүний илэрхий гэрчилнэ. 
Бортгонд бүйлсийг тарьж ургуулж байгаа нь
Алтайн өвөр говьд үрээр ургуулахад 8 сард ийм байлаа. 
Бүйлс бол эрт цэцэглэдэг, сайн чанарын балт ургамал учраас зөгийн аж ахуйн практикт өндөр үнэлэгддэг. Манай орны говь, хээр, ойт хээрийн бүсэд төрөл бүрийн ногоон байгууламжид тохирох ба түлшний нэгэн чухал эх булаг болдог. Бүйлсний орчин зүйн байдлыг хархад хөрс хамгаалах, элс тогтворжуулах чухал ач холбогдолтой ашигт ургамал юм.
Бүйлс нь 0.5-2 м өндөр, хар хүрэн сааралдуу өнгийн мөчиртэй арзгар бут юм. Навчис өтгөн юлдэрхүү гонзгойвтор юмуу зузаан, 2-3 см урт 0.8-1 см өргөн, хатуу, шүдэрхэг, богино бариултай хар ногоон өнгөтэй. Навчлахаасаа өмнө цэцэглэнэ [5-6 сар]. Цэцгийн дэлбээ цайвар ягаан, тавчилсан, 4-8 мм бариултай. Яст жимс нь гадуураа хилэннэрхүү, зуувгар, үзүүрдээ шовх 10-12 мм урт. Хавар 5-р сард навчлахаас өмнө цайвар ногоон цэцэг дэлгэрдэг. 7-р сард боловсордог яст жимс үсэрхэг, арьслаг хучаастай, яст үрээр амархан ургадаг. Хүсвэл та гэртээ, хашаандаа тарьж ургуулж болно.

"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн 
Т. Ганчөдөр

2 comments:

  1. Сайн байна уу. Бүйлс-н үрсэлгээ танайд байгаа юу? Шарга торьтын зуслангийн хөрсөнд ургах болов уу?

    ReplyDelete
  2. Бүйлс нь говь, хээр, ойт хээрийн бүсэд илүү тохиромжтой гэдгийг уншсан байх. Миний сонссоноор Шарга морьтын зуслан цэвдгийн бүсэд багтдаг шиг. Тиймээс ургуулах бол өвөлдөө манаж хучих нь зөв болов уу. Юутай ч япон сакура зусландаа ургуулсан залуу манай бүлэгт байдаг. Зөв арчилж чадваас ургах нь дамжиггүй хэмээн бодно. Энэ талаар зөвлөгөө авах бол манай клубын гишүүн Ганчөдөртэй холбогдоорой. Манай бүлгийнхэн энэ хавар үрээр тарьж эхэлсэн тул одоогоор тасалгаандаа ургуулж байгаа. Тэд үрсэлгээ худалдаж магадгүй. Харин бусад олон төрлийн мод, бут авах хүсэлтэй бол манайхантай холбогдоод захиалж болно. Энэ талаар мэргэшсэн мэргэжилтнүүдийн тусгай талбайд үржүүлсэн мод бутны захиалга авна.

    ReplyDelete