2011/07/07

Хүнсний ногооны ХААН, ходоодны “тоос сорогч”

(Тус сайтад тавигдсан материал нь  "Увдист цэцэгсийн ертөнц" ТББ-ын клубын өмч бөгөөд хуулийн дагуу хамгаалагдсан тул хуулбарлан ашиглахыг хориглоно.)
Хүнсний тэжээллэг байдал ба эмчилгээний ач холбогдол
Шпинат хүний биед хэрэгцээтэй байдаг бүхий л амин дэмээр хамгийн баялаг хүнсний ногоо юм. Навч нь 3,4% уураг, 4,58% тослогтой. Уургын агууламжаараа махны дараа ордог. Хүний биед маш их шаардлагатай байдаг тэр бүр хүнсний бүтээгдэхүүнүүдэд байгаад байдаггүй шингэц сайтай төмрийн агууламж \0,12%\ хамгийн өндөртэй ногоо юм. Шпинатын навчинд 0,5-1,4% нүүрс ус, 2,1% эрдэс бодис түүний дотор С, А, В1, В2, В6, РР, Р, Е, D2, К зэрэг амин дэмүүд агуулагддаг байна. 
Шпинатыг дэлхийн бүх улс орнуудад маш өргөн хэрэглэдэг бөгөөд бид ч гэсэн сүүлийн үед энэ ногоог хоол хүнсэндээ өргөн хэрэглээд зогсохгүй өөрсдөө тарьж ургуулан хэрэглэхэд маш хялбар ургамал юм байна. 
Шпинатыг түүхийгээр нь болон чанаж, шарж хэрэглэдэг. Мөн хүнсний үйлдвэрлэлд өнгө оруулагч болгон ашигладаг ба шпинатын нухаш, хатаасан навч зэргийг худалдаанд өргөнөөр үйлдвэрлэж гаргадаг.
Шпинат-бүх хүнсний нарийн ногоонууд дотроос хамгийн их иод агуулдаг бөгөөд тогтмол хэрэглэсэн тохиолдолд хөгшрөлтөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн хүнс юм байна.
Шпинатад агуулагддаг Д2 амин дэм нь рахитаас бүрэн хамгаалдаг бөгөөд уг ургамалын хлорофилл нь агууламжаараа гемоглобин гэдэг цусыг нөхөн төлжүүлэх бэлдмэлтэй маш ойролцоо учраас ямар нэг хоолны дэглэм барьж байгаа хүмүүст эмчилгээний өндөр ач холбогдолтой байдаг. Щавелийн \оксалин\ хүчил өндөртэй учир бага насны хүүхдэд маш бага хэмжээгээр өгнө.
Шпинатын байнгын хэрэглээний дүнд хорт хавдарын явцыг барьж удаашруулдаг байна. Тийм ч учраас туяаны эмчилгээнд байгаа хүн энэ ургамалыг тогтмол хэрэглэх нь маш үр дүнтэй байдаг.
Олон төрлийн амин дэмүүд нь төрөл бүрийн эрдэс давстай байдгаараа бүх насныхан хэрэглэхэд зохимжтой. Бүх төрлийн хоолны дэглэм сахиж байгаа болоод мэдрэлийн гаралтай өвчнүүд, цус багадалттай, чихэрийн шижинтэй, ходоодны улайлт болон шархлаатай, нарийн бүдүүн гэдэсний хямралтай, мөн хаван хөөх, даралт тогтворжуулах, сүрьеэгээр өвчилсөн болон ханиад хатгалгаа зэрэгт хамгийн сайн нөлөөлдөг. Мөн хагалгааны дараа болон хүндээр өвчилсний дараа эдгэрч байгаа хүмүүст тамир тэнхээ оруулж, биеийн эсэргүүцлийг богино хугацаанд тэнхрүүлдэг байна. Харин бөөр,давсагны болон цөсний чулуужилттай хүмүүст эмчийн зааваргүйгээр хэрэглэж болохгүй.
Шпинатыг тарьж ургуулахад маш хялбар бөгөөд хурдан болцтой ногоо юм. -8С хэмийг хүртэл тэсвэрлэдэг ба 2 хэмийн дулаанд л ургаж боловсордог 25-30 хоногт хүнсний шаардлага хангахаар болдог. Нэг зуны улиралд 3-4 удаа ч тариалах боломжтой. Гэрэл, дулаан их шаардагдахгүй, харин усалгаа бусад ургамалтай харьцуулахад их байх хэрэгтэй.


"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Г. Игээ

1 comment:

  1. их сайхан мэдээлэл байна. баярлалаа.

    ReplyDelete