Норов
нөгөө л амгалан төрхөөрөө инээмсэглэн орцныхоо эмээтэй мэндлээд шатаар
өгсөв. Гэртээ ирэх гэж тэр урьдынх шигээ яарсангүй, бодолд автсаар
алхана. Ажлаасаа тараад цаг харан харан яаравчилж ойрын дэлгүүрээс хоол
хүнсээ цуглуулаад нөхрөө ирэхээс өмнө гарынхаа хоолыг хийхээр шамдахдаа
дуу аялах дуртайсан. Ажил гэр нь ойрхон болохоор бүсгүй явган алхдаг.
Өдөр бүр өөр ч өдөр бүр нэг хэмнэлээр өнгөрч байгааг тэр анзаарах ч
сөгөөгүй жаргалтай байдаг. Аавыгаа дууриасан тэрсхэн 4 хүүхэд нь өсөх
тусам түүний нас ахиж байгааг сануулах мэт санагдана. Амьдралын утга
учир нь түүний гэр бүл. Норов бол зөөлөн харцтай, энгийн царай төрхтэй,
эгэл даруу бүсгүй билээ. Ганц өөлөх зан нь тэр хэтэрхий ноомой бүрэг
зантай. Энэ зангаасаа болж хар багаасаа найзалсан найздаа хайртай
залуугаа алдаж байсан үе бий. Норов тэгэхэд найздаа үнэхээр их гомдож
билээ. Түүнийгээ хэлж ч чадалгүй найзаасаа харьцаагаа тасалж байсансан.
Сургуулиа төгсөөд төрж өссөн аймагтаа дунд сургуулийн багшаар ажиллах болсон
Норовыг аймгийн бүсгүйчүүдийн харааг булаасан биерхүү залуу эргүүлдэх
болжээ. Норовын ноомой занг өхөөрдөн араас нь уйгагүй гүйсээр нөхөр нь
жилийн дараа зөвшөөрүүлж хөдөө нутагтаа сүр ихтэй хурим хийн гэрлэж
билээ. Норовын нөхөр гэж аймгийн заан цолтой адуу малтай ноцолдсон
хээгүй эр л дээ. Өөлөх нь адууны хулгайн сэжигтнээр аймагт байцаагдаж
байсан, сул адуу гүйлгэх, солих элдэвтэй, хоч нэртэй байснаа Норовтой
гэрлэснээс хойш чухам төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн юм. Хүмүүс
хэлцэхдээ алтны дэргэдэх гууль шарлана гэж энэ дээ гэж сургуулийн багш
Норовт сайн нэрийг өгнө. Зарим нь цагдаагийн газарт жолоочоор ажиллах
болсонтой нь холбож хүн засрахаас аргагүй ажил даа гэж ч шаагина. Норов
жил дараалан шахуу ойрхон төрсөөр тэрсхэн хоёр хүү, хоёр охинтой охинтой
болж Болд ч хүүхдүүдээ эрхлүүлсэн буурьтай аав болжээ. Тэг тэгсээр
сүүлдээ тэр хоёрын тухай яриа сонин биш болсных уу ярих нь цөөрсөөр
мартагдсан түүх болж.
.............................................................................
Норов өнөөдөр бас нэг мартагдсан түүхээ эргэн санах явдал тохиолдсон нь
олон жил уулзаагүй ангийн найз охинтойгоо таарсных байлаа. Таарах
таарахдаа нөхөртэйгөө хүүхдүүдтэйгээ дэлгүүрээр хэсч яваад халз
тааралдаж. Хотод шилжиж ирснээс хойш тэдний гэр бүлийнхэн өнөөдрийнх
шиг ингэж халуун ам бүлээрээ тайван дэлгүүр хэсэж байсангүй.
Норов
загвар нь хуучирсан ч өөрт таалагддаг цайны ганц даашинзаа өмсөж
хэрдээ л гоёсон ч бусад бүсгүйчүүдийн дэргэд хөдөөх маягтай харагдаж
байгаагаа анх удаа өнөөдөр анзаарчээ. Тэднийх их сургуульд тэнцсэн
болсон том хүүдээ хувцас авч өгөхөөр бүгд хөл хөөрцөг болон шинээр
нээгдсэн их дэлгүүрийг хөндлөн гулд хэд тойров. Хүүхдүүд өөрт таалагдсан
хувцас пүүзний үнийг нь асуугаад нэг нэгэнлүүгээ жуумалзан инээж
хоорондоо их мөнгөтэй болвол энийг ч авна тэрийг ч авна гэх нь байхад
ийм жаахан даавуу яаж ийм үнэтэй байдаг байнаа арай ч дэндэнээ гэх нь ч
бас өхөөрдмөөр, бас ээж аавдаа хувцас сонгож танд энэ таарна, гоё байна
гэцгээж бүгд л баяр хөөртэй, хөгжилтэй байлаа. Норов гутлын тасгаар
орохдоо өөдөөс нь танил харц тусахад лавшруулан хараад бараг цочиж
орхив. Нөгөө бүсгүй ч түүнийг хараад уулга алдан сайн уу гэж мэндэллээ.
Ангийнх нь охин гайхалтай дэгжин хүүхэн хэвээрээ. Давхраатай алаг нүдээ
эргэлдүүлэн чанга чанга инээдэг нөгөө л зангаараа Норовын гарыг атгангаа
инээд алдан сайн биздээ? Ямар сонин хүн бэ? гэж намжирдаад ээжийгээ бас
өөрийг нь ширтэх олон нүдрүү ээлжлэн харахад Норов энэ миний нөхөр,
хүүхдүүд гэж намдуухан хэллээ. Нөхрийнх нь сайн уу гэх мэндлэхэд: -
сайн сайн уу? Миний нэр Сувд, Норагийн ангийн охин. Бас найз нь гэхэд:
Миний нэр Болд гээд гар барилаа. Норовын том охин нь: Нора гэнээ хөөх та
ийм нэртэй байсан юм уу Ээжээ? Янзтай гэж уулга алдав. Норов Сувд 2
нэг их сүйд майд болж хөөрөлдсөнгүй тэгсгээд салцгаахад хүүхдүүд нь
гайхаж ээж та ийм хөөрхөн найзтай байсан юм уу? Яагаад ярьдаггүй байсан
юм бэ? Ямар ганган, маягтай эгч вэ гэхчлэн гайхацгааж харин Болд Норовыг
дуу муутай болсныг анзааран чимээгүй араас нь дагаж явав.
Норов
өнөөдөр энэ бүхнийг эргэн санаж өөрийн хөгширсөн таргалснаа, Сувдын
чамин тансаг хувцаслаж өнгө зүстэй, оюутан үеийн байдал төрх жавхаатай
хэвээрээ байгаатай харьцуулан элдвийг бодсоор гэрлүүгээ оржээ.
.....................
Сувд Норовыг хараад бас цочирджээ. Тэр хэрэндээ л өөрийгөө сайхан
харагдаж байгааг тэдний харцнаас мэдсэн ч энэ нь түүнд өмнө нь мэдэрдэг
байсан сэтгэлийн таашаал өгсөнгүй. Харин ч Норовын гэр бүлийг хараад
багтармаар атаархал нь дахин сэргэх нь тэр. Норов түүний хувьд ашиглаж
дагуулдаг найзуудынх нь нэг л байсан юм. Сувдад байдаггүй нэлээн чанар
найзад нь байдгийг тэр мэддэгтээ Норовтой бараг дээрэнгүй маягаар
харьцдаг байлаа. Норов харин түүний иймэрхүү занд өршөөнгүй хандаж хэзээ
ч түүний утгагүй ярианд нь саад хийдэггүй инээгээд л дагана. Тэд хичээл
тараад гэрлүүгээ харих замд Сувдад өгсөн хөвгүүдийн захиаг хамт уншиж
дооглон хөгжих найзтайгаа хамт инээлддэг байлаа. Тэдний үеийн хүүхдүүд
захиагаар сэтгэлээ илчилж үерхдэг тийм үе байсан билээ. Зарим захиа үг
үсгээрээ адилхан мөртлөө захидлын эзний нэр нь өөрчлөгдсөн ирдэг ч байв.
Хөвгүүд яагаад ч юм Сувдад захиа өгөх нь нэр төрийн хэрэг гэж үзсэн
бололтой шүлэглэсэн, тэг дөрвөлжилсөн захидлаа нууцлан нууцлан өгөх нь
инээдтэй ч юм шиг, гайхмаар ч юм шиг Норовт санагдана. Тэд ноомой бүрэг
онц сурлагатан Норовтой ихэд эмээнгүй, дипломат маягаар хүндэтгэлтэй
харьцах мөртлөө Сувдтай бол огт өөр илэн далангуй байдаг сан. Найз нь
хэчнээн бүрэг ч гэлээ хөвгүүд түүнтэй яагаад ингэж харьцдагийг Сувд одоо ч
гайхдаг юм. Норов Сувдад хичээлд нь тусалдаг сайн найз байсан. Өөр өөр
сургуульд элсэн суралцсанаар тэр 2 уулзалдах нь цөөрсөн ч хааяа таараад
хамаг байдгаа тоочин амаа эцтэл ярих Сувд, бахдан сонсох Норов хоёр
эргэн нөгөө л дунд сургуулийн найзууд хэвээрээ болдог байлаа. Сувд
өнөөдөр найзтайгаа уулзаад хөгжилтэй бага насаа эргэн санаж шүүрс алдан
өөртөө гэмших сэтгэл нь сэргэжээ.
..................................
Норовын
анхны хайр нь дээд сургуульд ороход нь ирсэн юм. Дээд сургуулийн 2-р
курст суралцаж байхад нь нэг өдөр нөгөө ангийн хүү Норовт ном өгчээ.
Номын завсар байгаа захиаг уншаад хариуг нь номтойгоо өгөөрэй гэж
хэлэхэд Норов өөрт нь биш Сувдад л өгч байгаа байх гэж эргэлзэх шахаж
билээ. Залуус үерхэж эхлээд сарын дараа Норов Сувдад энэ тухайгаа нэлээн
чухал нууц болгон хэлэхэд найз нь өө баяр хүргэе. Найзтай чинь тэгж байгаад
танилцанаа гээд нэг их анаарал хандуулсангүй. Сувд дунд сургуульд
байсан шигээ залуусын анхаарлын төвд эргэлдэж найз залуус, бишрэн
шүтэгчдээ шархлуулахаа тоодоггүй хэвээрээ л байлаа. Түүнд Норовын найз
залуутай танилцаж сонжихоос илүү өөрийнх нь адал явдалт завгүй өдрүүд
үргэлжилсээр. Харин нэг өдөр Норов Баатараа 2-той санамсаргүй
сургуулийнх нь гадна таараад Баатараад татагдаж орхих нь тэр ээ.
Тэгээд найз охиноо ч бодох тэнхэлгүйгээр Баатараад сэм сэм сээтэн
хаясаар тэдний хооронд нууц учрал бий болжээ. Баатараа ч Норовоос салж
байгаадаа өөртөө ямар ч буруу өгөлгүй Сувд руу ирсэн юм. Ингэж Сувд
Норов 2-ын найзын харьцаа ч холдсон түүхтэй.
Сувд
Баатараа 2 ч удалгүй хуримаа хийж сайхан гэр бүл болжээ. Ээж аавууд нь
хоёр талаасаа дэмжин байр сууцанд оруулж Баатараа сургуулийн найзтайгаа
хамтран бяцхан бизнес эрхэлсэн нь хэдэн жилийн дотор өргөжиж тэд
хотынхон дунд чинээлэг айлын тоонд орохоор сайхан амьдарч эхлэв. Тэдэнд
байхгүй ганц зүйл бол үр хүүхэд байлаа. Гэрлэснээс хойш хэдэн жилийн
дараа Баатараа өөрчлөгдөж архи дарс, зугаа цэнгэлд туйлын дурлах болсон
нь Сувдын уурыг барна. Сувд хүүхэд олдохгүй байгаад эхлээд нэг их ач
холбогдол өгдөгүй байв. Харин сүүлийн жилүүдэд хүүхэд төрүүлэхгүй өтлөх
нь гэж далд айдас нөмрөх болжээ. Сувд өтөлж хөгширнө гэхээс үхтлээ
айдаг болохоор өөртөө дээд зэргээр анхаарал тавьдаг. Баатарааг шөнө дунд
согтуу гэртээ ирэхэд нь ганцаараа угтахдаа энэ бүхний буруутан нөхрөө
гэж бодон уур нь хүрнэ. Заримдаа сайн найз Норовын найз залууг булаан
авч өөрийн болгосны лай гэж бодох ч энэ бодлоо хүчээр сарниулна. Эхнэр
нөхөр нэртэй ч нэгнээ гэх сэтгэлгүй хоёр хүн тавилга хогшил дүүрэн 4
өрөө байрандаа өөр өөрийн нууцаа тээн амьдарч байгаа билээ.
Сувд
өнгөрснөө бодон унтаж чадахгүй хөрвөөнө. Өнөөдөр найзынхаа гэр бүлийг
хараад аз жаргалтай гэрэл цацарсан хайр ямар байдгийг олж хараад
атаархаж билээ. Харин одоо би түүнд атаархах ямар эрхтэй билээ. Нора
маань хаана явсан гэрэл түгээж байдаг хүн болжээ. Ямар ч сайхан нөхөртэй
болсон юм, ямар ч эгдүүтэй хөөрхөн хүүхдүүдтэй юм. Норовын бага зэрэг
махалсан бие, суларч эхэлж байгаа царай, хувцас гэхэд хэцүү өмссөн
палааж зэргийг эргэн санахдаа түүнийг хайрлах сэтгэл төрөв. Миний ямар
сайн найз билээ. Би найздаа муухай зүйл хийсэн. Нора минь хүүхэд байхын л
хүний төлөө сэтгэлтэй байсан. Намайг Баатарааг нь булаахад тэр надад юу
хэлээгүй зүгээр л чимээгүй холдож билээ. Би тэр олон залуусаас очиж
очиж найзынхаа хайртай хүнийг нь сонгож байдаг мөн ч тэнэг хүн шүү.
Гэхдээ Баатараа Нора 2 суусан бол Нора маань зовох байсан биз. Гэхдээ
жаргах ч магад. Үр хүүхэд гэдэг амьдралд хамгийн том утга учир байдаг юм
байна гэж өөртэйгөө ярилаа. Өдөр тэдний араас сэмхэн харж байхдаа
эмэгтэй хүнийхээ зангаар Норагийн нөхрийг сонжиж тэгш дөрвөлжин биетэй
тамирчны шинжтэй ийм залуутай амьдарч байгаа Нораг гайхаж билээ. Яагаад
Нора ийм азтай харин би ийм азгүй байна вэ? Би түүний амьдралыг булаасан
биш түүнд илүү сайхан амьдрал өгсөн юм болов уу? Болдын нүүр дүүрэн
харцаар харж арыг нь чанга гэгч нь атгахад Сувдын зүрх чичрэх шиг болж
билээ. Тэр анх Баатараатай танилцахдаа бас тэгэж байсан юм. Тэр яагаад
Норовынхоо учирсан эрчүүдэд ингэтлээ татагдаж, зүрх нь хүчтэй донсолдог
билээ. Хүн өөрт байхгүй зүйл өөр хүнд байгааг харахад эсвэл ингэж хүчтэй
атаархдаг юм болов уу гэж Сувд өөрийгөө гайхлаа. Өөрийнхөө өнгөрснөөс
болоод сайн найзтайгаа хүний ёсоор нүүр бардам уулзах эрхгүй явснаа
өнөөдөр өст хүн өлийн даваан дээр гэдэг шиг л таарчээ. Сувд торгомсог
хөнжилдөө хөрвөөн энэ бүнийг бодсоор нойр нь аль хэдийн хулжжээ. Тэрээр
маргааш эх нялхсын эмч найз руугаа ярьж захиж байснаа сануулан хүүхэд
үрчлэн авах бодлоо яаралтай хэрэгжүүлье гэж шийдэхдээ хурдан маргааш
болохыг хүлээхэд цаг зогссон мэт санагдаж байлаа.
Яг
энэ үед Норов мөн адил нойр нь хүрсэнгүй, амгалан хурхирах нөхрийнхөө
хажууд сэрүүн хэвтэж байлаа. Тэр Сувдтай өнөөдөр уулзсанаа эргэн эргэн
санав. Сувд хүүхэд байхын л хээнцэр охин байсан. Норов харин даруухан
харагдахдаа дуртай байдгаараа тэр 2 ялгаатай билээ. Баатараа Сувдыг
сонгож түүнийг хаяхад Норов тэдэнд удаан гомдолгүй, хувь заяатайгаа
эвлэрсэн дээ. Норов ийм л хүн. Норов эмэгтэйлэг байдлаа ээжийн хэв
маягаар солиод удсанаа өнөөдөр мэджээ. Маргааш охиноо дагуулж гарч
өөртөө хувцас хунар авъя, ер нь өөрийгөө одоо л тордохгүй бол би гэдэг
хүн нэг навсгар эмээ болж байгаа юм байна гэхчилэн ойрын хэдэн жил
бодоогүй бодлоо бясалгах Норовыг хэрвээ нөхөр нь мэдсэн бол өхөөрдөн
хайрлах нь лавтай бизээ. Хэдэн хүүхдээ өсгөх гэж зүтгэж өдий хүрэхдээ
өөрийгөө хэт сул хаясных найз нөхдөөсөө эрт хөгширч арчаагүй харагдаж
байгаадаа өөртөө гутарсхийсэн Норов ийм шийдвэр гарган нойроо хулжаах
авай. Цонхон дээр нь алаглах хэдэн цэцэг нь түүний бодлыг дэмжин мишээх
шиг дохилзоно.
Их хотын шөнө их нууцыг хадгалдаг зангаараа тэнгэрийн одод шиг анивчин анивчин байнам.
2011 он.
"Увдист цэцэгс бүжих ертөнц" бүлгийн гишүүн
П. Надала
Ãî¸ ºã¿¿ëëýã áîëæýý í¿äýíä õàðàãäàõ øèã áîëëîî
ReplyDeleteГоё өгүүллэг болжээ. Нүдэнд харагдах шиг боллоо гэж дээрх сэтгэгдэлд бичсэн байна.
ReplyDeletehehe Nadala egchiig tegj bodood xewtej bgaagaar tusuulchixluu, goe bichdeg um bn.
ReplyDeleteхэхэ. миний таньдаг цэцэг шиг бүсгүйчүүдийнхээ дотоод сэтгэлийн хаалгыг нээж цувралаар өгүүлж байнаа. дараагийн танил цэцэг шиг бүсгүй маань бас их өвөрмөц бүсгүй байгаа. завтай болохоороо танилцууламз. П.Надал
ReplyDeleteгоё өгүүллэг болжээ.
ReplyDeleteIiim bolhoorl huuhnuuded hairtai baidiimshdee bi kkkkkkkk
ReplyDeleteсайхан өгүүлэг байна дахиад бичээрэй. Би Сувдыг жаахан өрөвдөж л байна. Хүүхэдгүй байна гэдэг эмэгтэй хүнд хэцүү тээ.
ReplyDelete