2011/08/31

Эмээгийн захиас

Миний хүү нас ахих тусмаа хүмүүний орчлонг улам илүү танина. Орчлонг таних тусмаа хүний бие сэтгэл уул ус, газар дэлхий, ан амьтан, өвс ургамалтай ямар шижмээр  холбоотой болохыг мэдэх гэж эрмэлздэг юм. Энэхүү холбоог мэдэхийн  учир өнгөрсний дурсамж, ирээдүйн зөн хоёрыг барьцалдуулан бясалгасны хүчинд хүмүүн гэгч угтаа газар дэлхийн элснийх нь нэгэн ширхэг, усных нь нэгэн дусал болохоо ухаарч, уул ус ургамал амьтантайгаа зохирлыг олж, орчлонгийн эрхийг ёсчлон дагаж явахыг хүснэ. 
Газар дэлхий гэгч агуу их бөгөөд агуу их гэхийн учир бол хүмүүн түүн лүгээ эгээ адил эгэл байж гэмээнэ түүнтэй зохирлыг олж, түүний салшгүй нэгэн хэсэг байж чадна. 
Газар дэлхий хүмүүн хоёрын язгуур нэгт нарийн холбоог ухаарсан хүнд дээр доор, баян хоосон байхын ялгаа арилж, хөгшин хөвөө, хүүхэд нялхас, ан амьтан, ургамал цэцэгсийг эн тэнцүү энэрэхийн эх булгийг сэтгэлээсээ нээж, тэрхүү энэрэл нигүүслийнхээ буяныг бүхэнд хүртээж чадсан хүмүүн бээр газар дэлхий лүгээ агуу өгөөмөр болох болой.

"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
М. Сүхжий

1 comment: