2011/09/01

Хүүхдийн угаалга

Хүүхэд төрөөд гурав буюу долоо хоносны дараа "Хүүхдийн угаалга" хэмээх ёслол хийдэг.
Уг ёслолыг голдуу өрх гэр, хот айлын хүрээнд хийх тул тусгайлан зар тарааж зочид урьдаггүй. Харин хүүхдийн угаалганд "авсан эх"-ийг хүндэтгэн урьж, хамгийн хүндэт зочин болгон хойморт залж төрсөн эхэд зориулсан шөлний хонины ууцыг өмнө нь тавьж хүндэтгэдэг. Хүүхдийн "авсан эх" угаалганд ирэхдээ гурван бүстэй нэхий өлгий хүүхдэд бэлэглээд хүүхэд угаах зан үйлийг удирдана. Хүүхдийг эхлээд хар цайгаар угаагаад, махны шөлөнд боож авсан эх нь угаана. Төрүүлсэн эх нь энэ бүх зүйлийг бэлтгэж өгнө.
Хүүхдээ угааж дуусаад авсан эх авчирсан нэхийдээ боогоод шинэ хүнд нэр өгнө. Угаалганд лам залсан бол "сан тавиулж" түүнээс нэр хүсэх ёс ч байдаг. 
Угаалгын махан зоогонд ууцнаас гадна хонины баруун гуяны шаант чөмгийг "хүүхдийн хувь" гэж тавиад сүүлд нь төрүүлсэн эх нь идэж, шагайг нь салгалгүй, чөмгийг ташилгүй бүтнээр нь хоймрын авдартаа хадгалдаг ёс байв. Угаалгын зоогонд "хурим" гэж нэрлэгдсэн зоог орно. Будаа агшааж өрөм тос аарц хольж "хүүхэд угаасны хурим" гэж цугларсан олонд барьдаг байна. Угаалганд ирсэн хүмүүс адууны хүн үү, тогооны хүн үү? гэж хүүхдийн хүйсийг асууж авчирсан бэлгээ барина. Өөрсдийн урласан цамц, тоглоом зэргийг бэлэглэдэг.
Хүүхэд нь "тогтдоггүй", "энхрий хүүхэд"тэй айл дагаж сахиж ирсэн элдэв хорио цээрийн горимтой байжээ. Жишээ нь: хүүхэд нь тогтдоггүй айлд хүүхэд төрөхөд эр хүн "боож авах" эцэг нь хүйг нь хад чулуун дээр тавиад "хутгаар дарж" эх барьж авах, хүүхдээ төрмөгц нохойн идүүрэнд тосож аваад дараа нь эцгийн дээлийн баруун ханцуйд боож авах, илүү гэр майхан зэрэг тусгай оромж барьж төрүүлэх, хүүхдээ боож ширмэн тогоонд "хөмөрч авах" гүзээнд хийж авах, мөн хэд хоногоор айлд байлгах, төрсний дараа сараар ч хөл хорих зэрэг олон тооны цээр хорио, дом байжээ.

Монгол ёс заншлын дунд тайлбар толь

No comments:

Post a Comment