2011/07/06

Зэрлэг сарнай

Б. Цэцэнсод 
|Өөрийнх нь зөвшөөрлөөр нийтлэв.|


Хаврын зөөлөн салхины сэвшээнд туугдан нэгэн цэцгийн үр хийснэ... Энэ бол ертөнцийн хаа нэгтэй ургасан үзэсгэлэнт зэрлэг сарнайн дэлбээн дээр бойжин салхинд хувь тавилангаа даатгасан нэгэн хувь тавилан...

Үр хийсэн явсаар их хотын гудамжны хаа сайгүй байдаг нэгэн түшлэгтэй сандал мөргөн газар унан өчигдөрхөн орсон хуранд дэвтсэн газарт шигдэн орлоо...

Бурханы авралаар маргааш нь дахин бороо орж зөөлөрсөн хар хөрсөнд үр маань улам шигдэн орж удалгүй нэгэн нялх "амь" газрын хөрснөөс үл мэдэг цухуйн гарлаа... Энэ бол магадгүй их хотын төвд ургасан цорын ганц зэрлэг сарнай байж болох л юм...

Хэд хоногийн дараа...

Нөгөө бяцхан соёо маань улам л томорч эргэн тойрноо мэдрэхийг оролдоно... түүнээс бараг хоёр алхмын ард сүрлэг том өвгөн хус мод байх бөгөөд амьдралын бүхий л хатуу хөтүүг үзсэн тэрээр нялх нахиаг энхрийлэн хараад

- Үл таних үзэсгэлэнт нялх "амь" минь сайн уу.. эхийн дэлбээнээс салаад энд ирснийг бодоход их л урт замыг туулж дээ гэж намуухан мөртлөө баргил дуугаар хэлэхэд

- Сайн байна уу... өвгөн хус ах минь хаанаас ч үүссэнээ мэдэлгүй явсаар сая л нэг ухаан орж байна гэж өхөөрдөнгүй өнгөөр хэлээд нялх нахиагаа үл ялиг өндийлгөн дээш харахыг оролдоно...

- Би энд хахир хатуу бас уян зөөлөн орчлонгийн элдэв зүйлийг туулан дэндүү олон жил болж байна, гэхдээ ийм үзэсгэлэнтэй хөөрхөн цэцгийг урьд өмнө хараагүй л юм байна гэж хэлээд уртаар санаа алдахад...

- Би тийм үзэсгэлэнтэй байна гэж үү... ямар гайхалтай хэрэг вэ... тэгвэл би энэ уйтгартай бараан ертөнцөд нэгэн шинэ өнгийг нэмэх болно гэж сэтгэл хөдөлсөн байдалтай шулганахад

- Ээ нялх үр минь дээ энэ харанхуй орчлонд чинь чам шиг үзэсгэлэнтэй сайхан бүхэн бусдын атаархлыг төрүүлдэг юм даа... энэ л миний санааг зовоож байна гэж хэлэхэд салхины сэвшээнд сарчигнан дуугарах навчсын чимээ хэсэг дуугүй болов...

Бороо оролгүй хэд хонолоо... миний биеэр халуу дүүгэж үндэс минь айхтар цангана... хэд хоногийн өмнө орсон борооноос авсан жоохон хүч минь сульдаж гүйцжээ... гэтэл хаанаас ч юм гэнэт

- За сайн байна уу үзэсгэлэнт нялх "амь" минь гэж шоглонгүй өнгөөр хэлэх дуулдав... гайхан хартал миний эргэн тойронд битүү ургасан зэрлэг ургамлууд нэгэн дуугаар орилж байх юм... тэгээд

- Бид бол энэ нутгийн эзэд... хэдийгээр бид амь бөхтэй арчилгаа шаарддаггүй ч гэсэн бидэнд ч бас ус хэрэгтэй байдаг юм... чам шиг энхрийн ялдам үзэсгэлэнтэй ургамал энд байх нь тэнгэрээс хайрласан өчүүхэн хурын хөрсөнд шингэсэн хамаг үр шимийг сороод байна гэж зандрангүй хэлэхэд...

- Ах нар минь өчүүхэн надад тийм ч их ус хэрэггүйг та бүхэн харж байгаа биз дээ... би бараг л хатаж эхэлж байна... гэж цөхрөнгүй өнгөөр хэллээ

Тэд огтхон ч тоосонгүй надад өчүүхэн үлдсэн жоохон чийгийг минь сорон авлаа... миний хүч чадал барагдан газар уналаа...

Хэдий удсаныг бүү мэд нэг ухаан орон харахад дээрээс минь борооны зөөлөн дуслууд шиврэн орж байлаа...

Бяцхан үндсэнд минь чийг нэвчин орч би өндийн бослоо... Эргэн тойронд шуугилдах зэрлэг ургамлууд цадсан бололтой намайг тоосон шинжгүй хоорондоо элдвийн ярилцан инээлдэнэ... маргааш магадгүй нөгөөдөр тэд дахиад л тэд өлсөнө... тэгээд намайг сорно... би энэ зовлонг тэвчих л хэрэгтэй эс чадвал би мөхнө... байгалийн мөн чанар ийм л байдаг...

Бурханы авралаар хэд хоног бороо орж өвгөн хус бид хоёр бас мэдээж эргэн тойронд битүү ургасан зэрлэг ургамлууд хангалттай аз жаргалтай байлаа...

Өглөөний нар нойрмогхон мандах тэр үед хуранд дэвтсэн газарт жижиг шар цэцгүүд дүүрэн ургасан байх юм... тэд ингэж ярилцана...

- Энэ нэг сонин цэцэг хаанаас гараад ирэв ээ... энэ уйтгартай талыг урьд нь бид л чимдэг байсан...гэтэл энэ зэрлэг сарнай ургаснаас хойш хойд цэцэрлэгийн царайлаг хонхон цэцгүүд тэрний л тухай ярилцах болж...дэндүү сайхан үнэртэй, талд ургасан тансаг цэцэг гээд л... түүн дээр тусах нарны илчийг хаагаад өгөөч гэж зэрлэг ургамлаас гуйя хэдүүлээ гэж хов ярилцах зуур,

Бяцхан зэрлэг сарнай урам нь хугарсан янзтай

- Өвгөн хус ах минь дээ би буруу газраа ургасан азгүй нэгэн юм.. энэ зэрлэг ургамлууд намайг сорон туйлдуулж, жижиг шар цэцгүүд элдэв үгээр доромжлоод... зүгээр л нэг энгийн шар цэцэг ч юм уу эсвэл зэрлэг ургамал болоод төрсөн бол хичнээн сайхан бэ гэж хэлэхэд

-Үзэсгэлэнт бяцхан сарнай минь өвгөн ах нь өдий хүртэл амьдрахдаа юу эсийг үзсэн гэж бодно гэж тайван хэлээд их биендээ үүссэн том ангархайг заан..

- Чи үүнийг хардаа... хүн гэдэг амьтан хөрөө гэдэг зүйлээр намайг тасдан хаяхыг хүссэн харин яагаад ч юм азаар ажлаа дуусгаж чадаагүй... өр минь эмтэрч хамаг бие минь аймшигтай өвдөж байсныг одоог хүртэл би санадаг юм... магадгүй тэд өөрсдийгөө дулаацуулах гэж намайг утаа болгохыг хүссэн байх гэж хэлээд уртаар санаа алдав...

7 comments:

  1. Б. Алтанцэцэг 8 өдрийн өмнө бичсэн.
    ямар гоё бичсэн юм бэ? Таалагдлаа.

    ReplyDelete
  2. Ц. Халиун 8 өдрийн өмнө бичсэн.
    тийм байна.

    ReplyDelete
  3. Б. Нарангэрэл 8 өдрийн өмнө бичсэн.
    яасан гоё юм бэ, энийг уншсан чинь бүр зүлэг ногоон дээр гишгэхээс хайран санагдчихлаа.

    ReplyDelete
  4. А. Нэко 8 өдрийн өмнө бичсэн.
    ёстой гоё Баярлалаа.

    ReplyDelete
  5. Z. Arimgl3 8 өдрийн өмнө бичсэн.
    нээрээ гоё бичсэн байна шүү.

    ReplyDelete
  6. M. Svkhjii 8 өдрийн өмнө бичсэн.
    Ургамал мод уул ус газар шороо бид бүгдэл нэгл амитай бусууу хүмүүн бид нэгийг бодож хоёрыг тунгааж байлтай олон салаа утгатай хөөрхөн юмаа тээн

    ReplyDelete
  7. G. IGEE 7 өдрийн өмнө бичсэн.
    Цэцэнсод , ямар ч гоё нэртэйен, ямар ч хөөрхөн өгүүллэг бичсийн, их сайхан санагдлаа, цэцэнсодод баярлалаа, дамжуулж умшуулсан намурандаа баярлалаа

    ReplyDelete