2011/08/07

Зөн билигтэн Мехди ийн өгүүлэв

         (Тус сайтад тавигдсан материал нь  "Увдист цэцэгсийн ертөнц" ТББ-ын дэргэдэх клубын өмч бөгөөд хуулийн дагуу хамгаалагдсан тул хуулбарлан ашиглахыг хориглоно.)
  Хоёр дусал будаг
         Зотон даавуун дээр хоёр дусал будаг учирчээ. Шар болон цэнхэр. Аль нь илүү гоё бөгөөд хэрэгтэй талаар маргалдаж эхлэв.
Шар:
- Надгүйгээр нарыг зурж болохгүй тул би илүү чухал.
Цэнхэр:
-Үгүй дээ, надгүйгээр зураач далай, тэнгис, тэнгэрийг зурж чадахгүй.
Маргаан даамжирч тэмцэлдэж эхлэв. Будгууд урсан холилдож, бие биесээ танихаа байжээ. Тэд ав адилхан ногоон болчихож. Яг энэ агшинд тэд өөр өөрийн үүрэгтэй, будаг тус бүр өөрийн тавилантай гэдгийг ухаарсан гэдэг.
Харин ногоон өнгийн тухайд гэвэл ой мод, өвс ногоо, шинэлэг бүхний өнгө төдийгүй  амьдралын өнгө билээ. Үүнийг хамгаалж хайрлах нь бид бүхний үүрэг. 

Цав цагаахан мөрөөдөл 
Намайг цаас гэдэг. Өмнө нь өтгөн титэмт мөчир, хүчирхэг зузаан голтой мод байхдаа хорвоо дэлхийд хүчилтөрөгч бэлэглэдэг байлаа.  Гэтэл...
Намайг цавчихад ямар их өвдсөн гэж бодно? 
Дахиж хэзээ ч навчлахгүй гэхээр хичнээн харамсалтай санагдсан гэх вэ? 
Би дахин ургахгүй, өсөж томрохгүй, борооны сэрүүхэн дуслуудыг ч, нарны дулаахан цацрагийг ч мэдрэхгүй. Гомдолтой ёо.
Харин одоо би бол хувь заяатайгаа эвлэрсэн цав цагаан хуудас цаас. Цагаан өнгө надад таалагдаж байна. Миний бие дээр бичих таатай ч цагаан цаас байхыг хүсэхээр тийм сайхан үгсийг бичдэг нь мянган хүний дунд нэгээс илүүгүй аж. Надаар бохир заваан юм арчиж,   хайр найргүй үгс эрээчих юм.
Яагаад? Яахаараа хүмүүс ийм хачин байна вэ? 
Хуудас цаасыг бүтээхийн тулд хичнээн хөдөлмөр зарцуулдаг билээ? 
Хичнээн нүгэл үйлддэг билээ? 
Гэтэл энэ бүхэн юуны төлөө вэ? 
Дараа нь ингэж амархан устгахын төлөө гэж үү? 
Саяхныг хүртэл би та бүхэнд амьсгалах агаар бэлэглэж байсныг санахтун. Намайг хүндлэхтүн. Үзгээ авч энхрий зөөлнөөр гоё, сайхан үгсийг бичихтүн. 
Би та нарыг хайрладаг байсан, хайрлаж ч байна. Харин та нар намайг хайрлахтун.
Би мэдэрдэг, бас ярьж чаддаг. Гэтэл та нар зөвхөн дув дуугүй байх цав цагааныг л олж харлаа гэж үү?

"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Т. Байгалмаа

1 comment:

  1. маш их таалагдлаа, баярлалаа

    ReplyDelete