2011/08/15

Бөөрөлзгөнө тарих

Rosaceae Jus.-Сарнайн овог
Rubus L.-Бөөрөлзгөнө 

Бөөрөлзгөнө нь олон наст 0.5-1.5 метр хүртэл ургадаг сөөг юм. Манай орны Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Төв, Булган аймгуудын шинэсэн ба навчит ойн зах, асга хад ихтэй газруудаар Rubus sachalinensis Levl.-Сахалины бөөрөлзгөнө (бөлзөргөнө), R.arcticus L.-Туйлын Б, R.saxatilis L.-Асганы Б., гэсэн зүйлүүд байгаль дээр ургадаг. Бөөрөлзгөнө нь 6, 7 дугаар сард цэцэглэж, жимс нь 8 сард боловсорно. Туулай буга, чандага, шувуу, жирх иддэг.
Бөөрөлзгөний жимсэнд саахар, пектины бодис, аргаах бодис, нимбэг, алим, шоргоолжны хүчил, “С” витамин 0.15 мг, хувь байдаг байна. Жимсийг нь тэр хэвээр хүнсэнд хэрэглэхээс гадна боловсруулж ундаа болон эмнэлгийн түүхий эд болгоно. Жимсийг түүж угааж цэвэрлээд чанамал, шүүс, бялууны гол, мөхөөлдөс желе бэлтгэнэ. Ардын эмнэлэгт бөөрөлзгөний мөчир, жимсгэнийг сайхан амт үнэртэй цай бэлтгэх, нүдний хүйтэн өвчнийг эмнэх, үсний хаг арилгах, үс ургуулагч болгон ашиглана. Жимсгэнэ нь ходоодны бам өвчнийг анагаах, зүрх, ходоод гэдэс, чих, толгой өвдөх, хавдар өвчний үед эмчилгээнд хэрэглэнэ. Иш, навч цэцгээр нь усанд ханд бэлтгэж багтраа, шамбарам, мөөгөнцөртөх өвчнийг анагаахад ашигладаг ашигт сөөг юм. 
"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүдийн тарьж ургуулж буй бөөрөлзгөнө нь үрийн солилцоогоор ирсэн таримал Итали сортын үр юм. Тус үр нь тасалгааны болон хүлэмжийн нөхцөлд сайн ургаж байна.
Бөөрөлзгөнө тарих газрыг нөмөр нөөлөг, наранд ээвэр газар сонгох нь зүйтэй. Үндэс нь газрын хөрсний өнгөн хэсэгт тарж ургадаг тул бөөрөлзгөнө тарих хөрсийг 30-35 см-д сайн боловсруулж бэлтгэнэ. 
Бөөрөлзгөний газрын дээрх хэсэг нь 1-2 настай, үндэс нь олон настай байдаг бөгөөд нэг газарт 10-15 жил ургаж үр жимсээ өгдөг. Түүний 2 настай мөчир жимсэлж тэр жилээ хатна. Хавар эрт ургадаг тул намар тарих нь зүйтэй болохыг туршлагатай жимсчид зөвлөдөг. Бөөрөлзгөнийг суулгахдаа үндэсний угийг газарт өнгөц булж, 1.5х1.5 метрийн зайтай дөрвөлжлөн тарих нь цаашдын арчилгаа усалгаа болон өсөлт хөгжилтөнд эерэг нөлөөтэй. 
Нөмөр, дулаан, чийгэнд дуртай бөгөөд өвлийн хүйтэнд тэсвэргүй тул 10 дугаар сарын эхний 10 хоногт мөчрүүдийг газарт хэвтүүлэн 10-15 см шороогоор хучиж өвөлжүүлнэ. Мөн өвс, үртсээр хучиж дулаалж болно. Үндэсний орчмоос олон тооны шинээр найлзуур бий болдог тул 2 настай мөчрүүдийг огтолж зайлуулна. 
Хоёр наст мөчрүүдээс гадна үндэсний төв хэсгийн 9-10 ш нэг наст мөчрийг үлдээн сийрэгжүүлэх таналт хийн нэг наст мөчрүүдийг үлдээн өвөлжүүлнэ. Хавар эрт бөөрөлзгөний бутыг хучсан шороог суллаж, мөчрийг эгнээний дагуу татсан төмөр утсан хэцэнд бэхэлж уяна. Усалгаа арчилгааг тухайн үеийн уур амьсгалын онцлог байдалд тохируулан хийнэ. Мөчирт таналт хийсний дараа 1мкв талбайд 30 г-аар калийн бордоогоор бордохоос гадна, гурван жилд нэг удаа 1мкв талбайд 60 г-аар тооцож суперфосфатаар бордоно. Клубын цэцэг арчилдаг туршлагатай гишүүд маань өөр өөрийн туршлагыг хуримтлуулан Монголд тасалгаанд болон ил талбайд нутагшсан бөөрөлзгөний сортыг бий болгоно гэдэгт итгэлтэй байна. 

"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Т. Ганчөдөр

1 comment: