2011/08/15

Цэцэг ургамлыг хэлбэр дүрстэй ургуулъя

(Тус сайтад тавигдсан материал нь  "Увдист цэцэгсийн ертөнц" ТББ-ын дэргэдэх клубын өмч бөгөөд хуулийн дагуу хамгаалагдсан тул хуулбарлан ашиглахыг хориглоно.) 
Topiary гэдэг нь мод бутыг ургуулахдаа сараалжин хүрээнд ургуулан илүү гарсан хэсгийг тайрч 3-хэмжээст хэлбэр дүрс үүсгэхийг хэлдэг. Тэгвэл бид ч гэсэн энэхүү topiary гэгчийг өөрсдийн тарьж ургуулдаг цэцэгс дээрээ хийж болох нь ээ. 
Эхлэн суралцагсад дээгүүрээ онгорхой сараалжин хүрээтэй topiary-аас эхэлсэн нь дээр. Та хувцасны төмөр өлгүүр, эсвэл төмөр утсаар янз бүрийн дүрс үүсгэж болно. Тойрог, гурвалжин, од эсвэл зүрхэн хэлбэртэй хүрээ байж болно.
Topiary хийхэд шаардлагатай зүйлс:
-Цэцгийн сав
-Хөрс
-Эрчилсэн уяа эсвэл утас
Анх удаа topiary хийхдээ хэлбэржүүлж тайрахад хялбар байдгаар нь Авиргана буюу English ivy цэцгийг сонгож авъя. 
Одоо topiary-аа хийцгээе.
Эхлээд, савныхаа тал хүртэл хөрсөө дэвсэж өгнө. Төмрөөр зангидсан дүрсээ савандаа байрлуулна. Дараа нь төмөр дүрсээ саван дотор хөдөлгөөнгүй байлгахын тулд хөрсөө нэмж хийнэ. Үүний дараа, Авиргана цэцгээ хөрсөндөө суулгана.
Одоо Авирганы салаалж ургасан урт иш бүрийг нь төмөр хүрээндээ утсаар сулхан бэхэлж уяна. Хамгийн сүүлд нь савтай цэцгээ усаар ханатал усалж өгнө. 2-3 долоо хоног тутамд бордоно. Усаар тогтмол шүршиж байгаарай.
Цэцгээ ургахын хирээр төмөр хүрээндээ уяж, хэлбэржүүлэн бас илүү ургасан навч ишийг тайрна. Авирганы салаалж ургасан хоёр үзүүр нь хүрээгээ битүү ороосны дараа үзүүрийг нь зулгааж хаяна. Ингэснээр ишнээс шинэ навчнууд гарч, илүү өтгөн ургаж хүрээг битүү ороож, topiary маань үзэмжтэй сайхан харагдана.
English ivy-ээс гадна өөр мөлхөө цэцэгсээр ч хийсэн болно. Жишээ нь, Филодендрон том навчтай учир том хэмжээтэй хүрээнд ургуулахад тохиромжтой.
Энгийн topiary хийж сурсныхаа дараа, 3-хэмжээст амьтны дүрстэй хүрээнд ажиллаж үзээрэй.
3-хэмжээст дүрстэй topiary хийхэд шаардлагатай зүйлс:
-цэцгийн сав
-хөвд
-загасны сатуркан утас
-үсний хавчаар
-3-хэмжээст төмөр хүрээ
Эхлээд төмөр хүрээн дотроо дүүртэл нь хөвдөө (бага зэрэг чийгтэй) чихнэ. Төмөр хүрээн дотор хөвдийг тогтоож бэхлэхдээ загасны сатуркан утсаа бэхэлж орооно. Одоо мөлхөө цэцгээ савнаас нь суллаж, үндэснээс нь шороог нь салгаарай. Төмөр хүрээний доод хагаст байгаа хөвдөнд хуруугаараа цэцэг ургуулах нүхнүүдийг хөвдөндөө гаргаж өгнө. Хөвдөнд гаргасан нүхнүүдэд цэцгийхээ үндсийг хийж дээгүүр нь чийгтэй хөвдөө хучина. Үсний хавчаар ашиглаж хөвд ба цэцгээ байранд нь тогтоож өгнө. Ургамал ургахын хирээр, хавчаараар тогтоож шаардлагатай бол тайралт хийнэ. Ихэнх мөлхөө ургамлууд ургах явцдаа өөрөө үндэслэж ургадаг.  
Хөвдөөр хийсэн ийм topiary байнгын усалгаа шаарддаг--шүршүүрт 10 мин тавих, эсвэл усанд булхаж болно. Ургамлыг сахлаг өтгөн болгохын тулд байнга тайралт таналт хийж өгнө. Жирийн тасалгааны цэцэгстэй адил давтамжтайгаар бордоно.
Бэлэн болсон topiary-г нарны шууд бус гэрэлтэй газарт байрлуулаарай. Өвлийн саруудад, магадгүй шаардлагатай бол хиймэл гэрэлтүүлэг хийж болох юм. Тэгш хэмтэй ургуулахын тулд 7 хоног тутамд 4 талаар нь ээлжиж наранд харуулж эргүүлж ургуулдаг. Бусад тасалгааны цэцэгтэй адил ургамлын хортон шавьжинд идүүлэх магадлалтай учир байнга ажиглаж байгаарай.
Энэ удаад гадаа байгаа мод бутыг хэрхэн амьтны хэлбэр дүрст оруулдаг талаар сонирхуулъя. Модны хувьд шигүү ургадаг мод бут хамгийн тохиромжтой. Гадаадад бол Boxwood (монголоор Мөнх Ногоон нягт шар гэдэг юм билээ) гэдэг модоор topiary их хийдэг юм байна. Бас шилмүүст моднууд ч байж болно.
Хэрвээ та 4 хөлтэй амьтан хийхээр шийдсэн бол танд 4 ш мод бут хэрэгтэй гэсэн үг. Тэгээд мод бутныхаа гадуур төмөр хүрээгээ зангидаад, мод маань өтгөн шигүү ургаж, төмөр хүрээнээс илүү гарахаар нь тайрч хэлбэржүүлээд байдаг юм байна.
Энэ төмөр рам дотор мод маань ургана, энэ хүрээнээс илүү гарсан навч мөчрийг тайрч хэлбэржүүлдэг.

 "Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Б. Нарангэрэл

1 comment: