2011/08/15

Хүүхдийн даахь авах ёс

Эрэгтэй хүүхдийг гурав эсвэл тав, эмэгтэй хүүхдийг хоёр юм уу дөрвөн нас хүрэхээр даахь \өрөвлөгийг\ үргээнэ.
Хүүхэд мэдээ орж, өөртөө зориулан баяр хийж буйг мэдрэх чадвартай болсон үед нь өрөвлөгийг үргээдэг аж. Энэ болтол хүүхэд задгай үстэй явах буюу өрөвлөгийг нь дээш босгож угаар нь уяж болно. Даахь авах ёслол гүйцэтгэхдээ өдрийн сайныг сонгоод өглөөгүүр буюу үдээс өмнө ах дүү, амраг садан, найз нөхдөө урин залж, ширээ засан өрөвлөгөө үргээлгэх гэж буй "хүндэт нөхрийг" гоё хувцаслан ширээний тэргүүнд суулгана. 
Идээ будааны зүйл нь уламжлалт буюу орчин цагийн аль нь ч байж болох бөгөөд цагаалга буюу үзэмтэй аарцтай \сүүтэй\ будаа заавал байх ёстой. Энэ цагаалганаас хүн бүгд амсан, ирсэн хүүхдүүдэд аягалан өгч будаалдаг ёсон буй билээ. Найрын ширээний эхэн тал буюу баруун хойно хүүгийн ивээл гэгдэх хүн буюу уг айлын хамгийн хүндтэй хүн суудаг.
Найр ахлаачийг даахь үргээе хэмээн өгүүлэхүйд даахь үргээлгэх хүүхдийг босгон ивээл жилтэн модон хутгаар хүүхдийн үсэнд хүрч, дараа нь хадагтай хайчаар туг үс авч хяргана. 
Хайчилсан сэвийг хадагны үзүүрт зангидаад ирсэн зочид үснээс нь үргээн хадганд нэмж боогоод "Урт насалж удаан жарга, урт настай удаан жаргалтай, төр улсдаа зүтгэлтэй, түмэн олны манлай болж яваарай гэж ерөөн, бэлэг өгнө.
Үүний дараа зочдод идээ ундаа барьж, дуу хуур хөгжөөдөг номтой.
Жич гэх юм уу даа, сонирхуулахад дүүгийнх маань Уртнасан, Удаанжаргал хэмээх хүү, охинтой. Саяхны нэгэн өдөр Уртнасангийн сэвлэгийг үргээх болоход мань хүн энэ зураг дээрх өхөөрдөм өөдөсхөн "хатагтайн" адилаар дуу хадааж хэрдээ "сүрийг үзүүлж" ирсэн зочдыг сандарган хөгжөөсөн шүү. \Намуран\
Эх сурвалж: Монгол ёс заншлын дунд тайлбар толь
Ред. Г. Чингэл

Нэмэлт мэдээлэл:  Зун хөхөө донгодох, намар буга урамдах улирлын онцлог нэг өдрийг товлон авч үр хүүхдийн даахийг авдаг заншилтай. Эрэгтэй хүүхдийн баруун шанаанаас, эмэгтэй хүүхдүүдийнхийг зүүн шанаанаас даахь эхлэн авч, алс хол ойр төрлийн ах дүү нараас яваа бол түүнийг ирэхэд хувь болгон шилний хонхорт даахь үлдээдэг. Даахь үргээх найранд, хүүхдийн талаар бэлэгдэх ерөөл тавих нь уламжлалт заншлын нэг билээ. Үүнд: эхэлж архин сөн барьж, ерөөлч бэлэг дэмбэрэлтэй үг хэлж ерөөдөг юм. Хүүхдийн сэвлэгийг авахдаа төрүүлсэн эхийн үйл үртэс эсгэх үйлийн хайч (өлзий хайч) цэнхэр хадгийн хамтаар үр хүүхэд олонтой ахмад настай хүнд барьж, даахь авах ёстой. Эрэгтэй хүүхдэд ганц тав үлдээх, эмэгтэйд хоёр хөхөл санчиг (зулайдаа амуу шахам жижиг гэзэг) тавих нь заншил болон уламжлагдсан байна. Эрэгтэйн хөхөл тав бол бие өсөн, торниж төрийн хар хүн болох, эмэгтэй хүүхдийн хөхөл гэзэг нь гэрийн эзэгтэй болох ирээдүйг төлөөлсөн утга агуулна.
Мөн хөхөл санчиг нь эрэгтэй, эмэгтэйн ялгааг илэрхийлэх онцлог шинжтэй. Сэвлэг авсан цагаас хойш хүүхдийн нүүр царай, гадаад үзэмж, гоо сайхан жавхаатай болгох, гэзэг үсийг нь самнах сүлжих, боолт, зүүлт хийх зэргээр аль нутаг орныг ардын соёл болохыг гэрчилнэ.

1 comment:

  1. ireh jil huugiinhee daahiig urgeene.ungurdug jil bol Хүүхэд мэдээ орж, өөртөө зориулан баяр хийж буйг мэдрэх чадвартай болсон үед нь өрөвлөгийг үргээдэг аж. gedeg nuhtsul burdeegui bailaa, hehe.
    Bayarlalaa, mash heregtei medeelel bailaa!

    ReplyDelete