2011/08/15

Хайрлаж хамгаалах ухаан байна уу, бидэнд?

Монголын эртний овог аймгууд уугуул нутаг, угаасан усаа шүтэн биширч, таван тансаг идээнийхээ дээжээр тахиж, цагаан сүүнийхээ цацлыг өргөн дээдэлдэг байжээ.
Бидний өвөг дээдэс байгалийн хөгжлийн зүй тогтлыг танин мэдэх, байгаль хамгаалах, байгалийн баялгийг ариглан ашиглах, нөхөн сэргээхэд үлэмж анхааран зан үйл ёс заншлаараа зохицуулж ирснээс гадна цааз хуулиараа ч хамгаалж байв. 
"Хэн ус руу шээвээс, өвс ургасан хойно газар нүхэлвээс, гал алдаж бэлчээр шатааваас цаазална" хэмээсэн нь "Их засаг" хуулиар байгаль хамгаалахад хэрхэн анхаарч, ямар шийтгэл оногдуулж байсны баримт болон үлджээ. 
Хөнөөлтэй араатан, жигүүртнээс бусад амьтан, жигүүртэн, эм хүйстэн, ган зудад нэрвэгдэж нутаг ус эрж яваа олон цөөн гөрөөсийг хүйс тэмтрэн агнахыг цээрлэх, агнуурын амьтныг тарга хүч, үс гүйцсэн цагт хуулиар заасан хугацаанд нь тогтоосон нэр бүхий хэмжээт газар агнах журамтай байж. 
Бэлчээр бууцыг элдэв сэг зэмээр үл бохирдуулах, гол мөрний эрэг, гуу жалга эвдэхийг хориглох, цэцэг навч, нялх ногоо үл зулгаах, залуу зулзаган мод, нойтон модны мөчир үл огтлох, ховор ургамал, эмийн ургамал үнэртэн, өнчин ганц мод, удган мод төгөл, бургас, хус, улиас, бүйлс, яргай огтлохыг хориглох, хэрэв зөрчвөл хууль ёсоор цээрлүүлж ирсэн байдаг. \Монгол ёс заншлын дунд тайлбар толь\
Гэтэл өдгөө бидний хүмүүс энэ талаар юу хийж байна вэ? Нийслэлчүүд бид хаврын хаварт ууланд ургаж буй нялх моддыг сугалан авчирч, хотын гудамжнуудад "булшилж буйг юу гэх вэ? Намар болонгуут самар, жимс, мөөг, ургамал түүх нэрийдлээр мод сөөг хугачин, түүхий самар, жимс шуудай, саваар нь түүж, идээд цадахгүй идээний төлөө цэвдэг сэдхэлээр сувдаглан шунахайрах нь аймшиг бус уу? Яг үүнийг сэдэвлэн буй цаг дор уулнаас уут уутаар самар, жимс үүрч дүүрсэн цуваа жим гаргасаар буй гэдэгтэй мөрийцөхөд бэлэн байна.
Хүн та алагчлалгүй ивээх алтан шаргал нараар тэтгэгдэн хөрвөжиж, хөх салхинд нь илбүүлэн хөрсжиж, хөрсөн дээр нь тэнтэр тунтар гишгэн торнисон ЭЭЖ байгальдаа юуны учир ингэж хандана вэ? 
Авах, идэх, уутлах, уургалахаас өөрийг сэтгэж чадахаа болилоо гэж үү???
Хэдий болтол бид аврал эрэн сарвайсан эх байгалиа түйвээн сүйтгэсээр байх вэ?

... Зүүдэндээ хилэгнэсэн тэнгэр бурхан сочин сэрж, зүүрмэглэн байсан лус догшрон шилгээхэд газар хагаран, гав ангалаас хорссон өлөн чөтгөрүүдийн цуваа цутган үерлэхүйд гэнэ сэрэггүй үй олон гай зовлонд үйв.
Гал усаар тургилан, галав юүлэхийн цагт газар дээрх өчүүхэн амьтас бид хөл толгой алдан үймэн бужигнах нь өрөвдөлтэй еэ.
Энэ бүхнээс үүдэн энүүхэн дотроо эрэгцүүлвээс байгаль ээжийнхээ өврийг тэмтчин, өрцийг нээж, хэвлийг сэндийчихээр улайрах нь юунд хүргэнэм гэдгийг сануулах мэт ээ... 

"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Намуран

No comments:

Post a Comment