2011/10/25

Улаан мэлрэг (Frangipani / Plumeria)

Плумерия (нийтлэг нэр нь Франжипани) нь цэцэглэдэг ургамлын төрөл зүйлд багтах ба навчаа гөвдөг болон жижиг модны 7-8 гол төрөл зүйлээс бүрдэнэ.
Мексик, Төв Америк, Кариб болон Өмнөд Америкаас гаралтай боловч дэлхийн халуун бүсэд аль хэдийн тархан ургасан байна. Плумерия нь хулслаг улаан цэгцүүхэйн төрөлд /Oleander and Nerium Oleander/ багтах бөгөөд сүүн цагаан шүүс нь арьс болон нүдийг цочроож улайлгаж болзошгүй ба Euphorbia- тай нилээд төстэй юм. Плумерия-н төрөл зүйлүүдэд:
Plumeria alba
Plumeria bracteata
Plumeria clusioides
Plumeria obtusа
Plumeria pudica
Plumeria rubra ордог.
Эдгээр төрлүүд нь тус бүрдээ өөр өөр хэлбэр дүрс бүхий навчтай, ургалт нь ч бас өөр өөрийн онцлогтой. Р. Алба гэхэд навч нь нарийхан үрчгэрдүү байхад Р.Пудика –ийн навч нь урт сунасан хэлбэртэй гялалзсан хар ногоон өнгөтэй байх жишээтэй. Ер нь Пудика төрөл бол навчаа гөвдөггүй мөнх ногоон ургамлын нэг юм. Р.Обтуза нь өвлийн улиралд навч болон цэцгээ гөвдөггүй , түүнийг бас Сингапур гэж нэрлэх нь бий. Гэвч үнэндээ бол Колумбаас гаралтай билээ.
Плумерия-н цэцэг нь шөнийн цагаар илүү анхилуун болдог нь цагаан эрвээхэйн тусламжтайгаар тоос хүртэхийн тулд юм. Цэцэг нь балгүй бөгөөд цагаан эрвээхэйнүүд  цэцгийн тоосыг цэцэгнээс цэцэгт дамжуулснаар тоос хүртээгч болж хувирдаг.
Плумерия-н бүх төрлүүдийг хаврын улиралд навчгүй ишнээс нь хайчлан амархан үрслүүлж болно. Сайтар хатаасан хуурай хөрсөнд суулгахдаа суулгах хэсгээ хуурай байлгах хэрэгтэй. Үрслүүлэг нь чийгтэй хөрсөнд амархан ялзарч өмхөрдөг эрсдэлтэй. Түүнчлэн шинэхэн хайчилж авсан иш мөчрөөс нь эсвэл соёолуулсан үрнээс нь зөөлөн эдийг авч үржүүлж болно.
Плумерия-н 300 гаруй нэр төрөл байдаг ба ер нь бүгд анхилуун сайхан үнэр,х осгүй үзэсгэлэнт байдлаараа бусад цэцгүүдээс ялгардаг. Ихэвчлэн цагаан шар өнгөтэй байх боловч бас наран жаргах үеийн алтан шаргал өнгөтэй байх нь бий. Үүнийг ургуулбал халуун орны уур амьсгалыг гэрт тань бүрдүүлнэ. Доорхи зураг дээр миний ургуулж буй плумерия.
Франжипани ба плумерия нэрийг хэрхэн олж авсан бэ?
Плумерия нэрийг 17-р зууны Францын ургамал судлаач Чарльз Плумиерын нэрээр нэрлэсэн гэж үздэг ба тэрээр хэд хэдэн дулаан орны ургамлыг нээсэн юм. Гэхдээ Петер Лоерийн онолоор бол плумерияг анх нээсэн хүн нь Плумиер биш. Харин Испанийн санваартан лам Франческа де Мендоза бөгөөд 1522 онд плумерияг нээсэн гэж үздэг. Франжипани нэрийн тухайд гэвэл 16-р зууны үед бээлий анхилуун үнэртэй болгох зорилгоор үнэртэй ус зохиосон Италийн сурвалжит язгууртан Маркиз Франжипанийн нэрээс улбаатай. Франжипани цэцгийг анх нээснээр байгалийн анхилуун үнэр нь хүмүүст түүний зохиосон үнэртэй усыг санагдуулсан тул ийнхүү нэрлэжээ.
Бас нэг хувилбар нь Францын франжипаниер гэх плумерийн сүүтэй төстэй нэгэн төрлийн өтгөрүүлсэн сүү байдаг бөгөөд тэр нэрнээс үүсэлтэй гэж бас үздэг.
Франжипани нь харьцангуй жижиг мод буюу 5-6 метр өндөр болдог боловч ургах тусмаа бүдүүрч өргөсдөг онцлогтой. Маш зөв үндэсний систем нь гадаа цэцэрлэгт, түүнчлэн саванд ургуулахад ч тохиромжтой. Плумерия нь ган гачиг халуун, элдэв хортон шавьжны дайралтаас хамгаалагч “хучигч хавтан”-тай ургамал юм.
Булцуут мөчир, урт навчис, өвөрмөц цэцгээр нь плумерияг хялбархан таньж болно. Холтос нь саарал\ ногоон бөгөөд хайрс нь ил үзэгддэг. Өвлийн улиралд навчис нь унахад тэрхүү хайрс нь жижиг хагас дугуй хэлбэр бүхий толбо болж холтос дээр үлдэнэ. Салаа мөчрүүд нь хөөж пэмбиисэн байдалтай, навчис нь дээд хэсгээрээ хар ногоон, доод хэсгээрээ цайвар ногоон сүүдэрлэсэн өнгөтэй байх ба салаа мөчрийн орой хэсгээр хонгорцог булцуу нь байна. Модны аль ч хэсгээс тайрахад сүүн цавуулаг шингэн ялгарах бөгөөл хүн амьтны алинд нь ч энэхүү шүүс хортой.
Плумерия-н цэцгүүд маш анхилуун содон үнэртэй бөгөөд салаа мөчрийнхөө үзүүрт нь бөөгнөрсөн байдалтай ургадаг. Олон өнгө бүхий цэцгийн голоос лав хэлбэртэй дэлбээ үзэгдэнэ. Ихэнхи плумерия шар гол бүхий цагаан цэцэгтэй байдаг ч гүн улаан хүрнээс улбар шар, шараас цагаан хүртэлхи бүхэл бүтэн өнгөний олон хувилбар хөвөрнө. Хэдхэн өдөр юмуу долоо хоног л цэцгээ хадгалж чаддаг бусад цэцэгт модноос ялгаатай нь, плумерия нь үргэлжлэн цэцэглэсээр байдаг. Австралид бол 12 сараас 4 сарыг хүртэл цэцэг нь байсаар байдаг бол илүү дулаахан уур амьсгалтай газарт илүү удаан байх жишээтэй. Плумерийг Өмнөд ба Төв Америкаас гаралтай гэж үздэг боловч зарим судлаачид түүнийг Испани санваартнууд Америкт авчирсанаар Карибад суурьшсан гэж үздэг.
Сонин хачнаас:
  • Хавайн цэцгэн эрхийг Плумериягаар хийдэг
  • Pseudosphinx tetro хэмээх үст хорхойг зөвхөн Плумерия рубрагаар хооллодог.
  • Кол Портерийн 1940 онд дуулсан “Сантана плазагаар зугаалсан нь” дуу бол Плумериягийн тухай дуу юм. 
  • Плумерия бол Лаосын үндэсний цэцэг ба “док жампа” гэж нэрлэдэг. Лаост энэ цэцэг бол ариун дагшны билэгдэл бөгөөд Буддын сүм хийд болгон цэцэрлэгтээ тарьж ургуулдаг ба ихэнхи нь хэдэн зуун настай аварга том мод болжээ. 
  • Плумерия бол Италийн Сицили дэх Палермо хотын билэгдэлт цэцэг юм. 
  • Плумерия нь Никарагуа улсын үндэсний цэцэг ба хэд хэдэн мөнгөн дэвсгэрт дээр зурагдсан байдаг 
  • Карибад плумерия-ийн навчисыг гэмтэл шарх хөхрөлт няцралтанд халуун жин болгон хэрэглэдэг ба шүүсийг нь үе мөчний өвчинд түрхлэг болгон хэрэглэдэг. 
  • Фэнг Шуй-д энэхүү цэцгийг хайр дагуулдаг гэж үздэг. 
  • Хөрснөөс нь авчихсан байхад хүртэл навчилсаар, цэцэглэсээр байдаг болохоор Энэтхэгт үхэшгүй мөнхийн билэгдэл гэж үздэг.  
  • Вьетнамд энэхүү цэцгийг анагаах олон увьдастай гэж үздэг бөгөөл холтсыг нь архинд зуурч арьсны өвчнийг анагаахад, бас даралт ихсэх өвчинд,дотор эрхтэн, ханиалга, гэдэс гүйлгэх, халуурахад хэрэглэдэг. 
  • Католик шашны санваартнууд плумерияг хаа явсан газартаа дэлхийгээр нэг тараасан гэсэн онол бас байдаг ба энэ нь Филипин болон Тайландад энэхүү цэцэг ихээр дэлгэрч, харин Хятад Вьетнамд ховор байдгаар тайлбарлагдана. Учир нь Хятад Вьетнамд христийн номлогчдыг хяхан хавчиж байхад 1850-д онд Тайландчууд  болон Филипинчүүд тэдэнд найрсаг хандаж байсан юм.
Авирч ургадаг Франжипани ба Франжипани Вине ( Climbing Frangipani& Frangipani Vine ) нь Плумерия биш бөгөөд энэ нь Apocynaceae бүлд хамаарах боловч угтаа бол Chonemorpha Fragans юм. Австралийн уугуул Франжипани нь бас л плумерия биш юм. Hymenosporum Flavum нь Pittosporaceae бүлд хамаарна.
Ургамал зүйн нэр нь Плумерия ба дэлхийн улс орнуудад дараахь байдлаар нэрлэнэ:
• Лаост -Dok jampa
• Италид-Pomelia and Frangipane
• Малайзад-Kempola kuning
• Шри ланкад-Pansal Mal
• Индонезид-Jepun in Bali
• Xавайд-Pumeli or Melia
• Венесуэлд-Amapola
• Хятадад-Kang Nai Xin
• Энэтхэгт-Phool
• Филиппинд-Kalachuchi
Плумерияг ургуулах нь:
Бүх төрлийн хөрсөнд ургах чадвартай боловч хуурай хөрсөнд илүү ургана. Хэт хатуу ширүүн хүйтэн уур амьсгалтай биш бол өөр ямар ч уур амьсгалтай газар ургах бөгөөд хамгийн тохиромжтой нь халуун хуурай уур амьсгал юм. Галд маш тэсвэртэй. Плумерия маш өндөр халуунд буюу 500-с дээш хэмд л шатдаг. Нэгэнт халуун орны ургамал учраас их нар, хуурай хөрсөнд илүү дуртай. Хэдийгээр бага зэрэг сүүдэр зүгээр боловч өдөрт дор хаяж 6 цаг наранд байлгавал илүү хурдан ургана.Далайн салхинд ажрахгүй боловч аль болох хүчтэй салхинаас хамгаалвал зохино. Хүйтэн уур амьсгалтай орчинд ургуулж байгаа бол түүнд хамгийн халуун нарлаг орчинг бүрдүүлж өгөөрэй. Дулаахан байшин бол маш тохиромжтой, гэхдээ тоосгон хананы эсрэг, паарнаас ирэх халаалт очиж байхаар байрлуулбал сайн. Хүйтэн жавар салхинаас ямагт хамгаал. Плумерия нь дасан зохицох чадвар сайтай, тиймээс цэцгийн том саванд ч ургаж чаддаг.
Хааяахан уусдаг шингэн бордоогоор бордож , гадаа цэцэрлэгт ургаж байгаа плумерияг бодвол дотор байшинд ургаж байгаа савтай плумерияд арай илүү усалгаа хэрэгтэйг санаарай. Гэхдээ зуны цагт усалгаагаа ихэсгэх нь зүйтэй, ялангуяа мод маань шинэхэн суулгац юмуу залуу бол. Арай хөгшин моднууд маань байгалийн бороо аадарт гэмтэхгүйгээр услагдчихна. Өвлийн улиралд навчгүй нүцгэрсэн үед нь бол усалгааг байгальд найдаад л үлдээ. Харин үндэсний систем нь чийгтэй тэгээд хүйтэн бол үнэхээр тэсэхгүй, ялзарч өнхөрч болзошгүй.
Нитроген, поташ, фосфороор баялаг органик бордоогоор бордвол сайн. Нитроген нь ногоон өнгөнд нь, фосфор нь навч нь томорч эрүүл үндэстэй байхад нь, поташ нь ургамлын эд эс болон тэсвэртэй байдалд нь туслах ба улмаар ургамал маань бүхэлдээ дархлаажина. Яг ургадаг улиралд нь, загасны болон далайн замагны шингэн бордоо бас сайн.
Ургалтын идэвхгүй үед нь бордож хэрэггүй. Өвлийн улирлын дулаахан өдрүүд болон зуны сэрүүн өдрүүдэд хөрсийг нь хучлагаар хучиж өгвөл үндсээ чийгнээс хамгаалах сайн талтай. Плумерия нь тайрахад маш тохиромжтой мод ба тайрсан хэсгээс маш шигүү эсвэл стандарт урттай намхангүй жигд салаа мөчрүүд ургана. Гэхдээ модны цэцэгнүүд нь салаа мөчрийнхөө үзүүрт нь ургадаг бас 2 жил болж байж цэцглэдэг гэдгийг санаж  хэрэв Та модоо тайрахаар төлөвлөж буй бол энэ жилд эхний хагасыг дараа жил үлдсэн хэсгийг нь тайрч цэцэглэх боломж олгоорой.
Илүү шигүү салаа мөчиртэй болгохын тулд мөчрийн уртын ½, юмуу 1/3- ийг нр тайраарай. Тайрсан мөчрийн үзүүрээс бүр олон салаа мөчрүүд соёолж багсайх болно.
Тайралтыг өвөл оройхон хавар эртхэн хийвэл зүгээр.

Үргэлжлэл бий...
"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Б. Алтанцэцэг

No comments:

Post a Comment