2011/10/20

Адениум - Apocynaceae-ийн овог

Их бие нь ёроолоороо бүдүүн лонх хэлбэрийн сөөглөг буюу том биш модлог, удаан ургалттай ургамал.


Олон салаа богинохон мөчрүүдтэй, гялалзсан эсвэл хилэн мэт үсэрхэг навчтай, цагаанаас гүн хөх-ягаан өнгийн том цэцэгтэй.
Адениум нь модлог иштэй шүүслэг ургамлын төрөлд багтдаг.
Эх нутаг нь Саудын Араб, Йемен, Оман болон Төв ба Өмнөд Африк. Адениумыг өөрөөр цөлийн сарнай гэж нэрлэдэг.
Иш бүдүүн, ёроол хэсгээрээ цүдгэр, байгаль дээр 3 м хүртэл, тасалгаанд 35-60с м өндөр ургадаг. Салаалсан олон нарийн мөчрүүдийнхээ оройн хэсэгт навчтай. Цэцэг болон навчны хэлбэр нь төрөл зүйлээсээ хамаарч олон янз. Ихэвчлэн гонзгойдуу зузаавтар навчтай, амрах үедээ шарлаж хагдарна. Зун бүдүүн булуутай ишин дээрх мөчрүүд нь том том үзэсгэлэнтэй цэцэгсээр бүрхэгддэг. Цэцэг нь юүлүүр хэлбэртэй, 6 см хүртэл диаметртай, цэцэглэснээс хойш 7-10 хоногийн дараа хагдарч унана. Үндэс нь хүчирхэг, хурдан ургадаг. Энэ цэцгийн бүх хэсэгт шүүстэй, шүүс нь хортой.
ГЭРЭЛТҮҮЛЭГ
Адениум нарны хурц шулуун тусгалд дуртай, сарнисан гэрэл багатай орчин таарамж муутай. Өмнө зүг рүү харсан цонх сайн тохирно. Өвлийн амралт үеийн дараа нарны гэрэлд алгуур дасгах хэрэгтэй. Харин залуу адениум хурц гэрэлд мэдрэг тул нарны шууд тусгалд байлгах хэрэггүй.
ДУЛААН
Дулаанд дуртай. Зун 25-30
*С -т байлгавал маш тохиромжтой. Зун гадаа агаарт байлгах бол борооноос хамгаалах хэрэгтэй. Учир нь хөрс хэт чийглэг байж болохгүй. Гэрэл болон агаарын хэм бага байвал өсөлт зогсож амралтын байдалд ордог. Өвлийн амралт үед 12-15*С, хамгийн багадаа 10*С-т байх шаардлагатай. Учир нь адениумын үндэс хөрөх, даарахыг тэсвэрлэдэггүй.
АГААРЫН ЧИЙГ
Зуны халуунд усаар шүршиж чийглэж болно. Гэхдээ цэцэглэлтийн үед нь цэцэг рүү шүршиж болохгүй, цэцгийн үзэмж алдагдана
УСАЛГАА
Зуны турш хангалттай усална, гэвч дээр дурдсанчлан илүүдэл усыг тэвчдэггүйг анхаарвал зохино. Услалт хооронд цэцгийн хөрс хатсан байх шаардлагатай. Өвлийн амралт үед услалтыг хязгаарлана. Хэрэв 16-20*С-т байлгах бол хөрс бүрэн хатсан үед, сэрүүн нөхцөлд маш цөөхөн бүр услахгүй ч байж болно. Амралтын үеэс гаргахдаа эхний услалтыг маш болгоомжтой хийнэ. Хэрэв амралт үед огт услаагүй бол 2-3 долоо хоногийн /өөрөөр хэлбэл навч гөлөглөснөөс хойш өдий хугацааны/ дараа усална. Эхлээд маш багаар усална, аажимдаа усаа нэмнэ.
БОРДОЛТ
Адениумыг сард 1 удаа бордоно. Бордоог NPK- 20:20;20 гэсэн /энэ үгийн товчлолыг орчуулж мэдэхгүй нь, уучилна уу/ харьцаагаар 1л-т 1гр байхаар найруулж бордоно. Хавар, намарт бордоог бүр сулруулж найруулна.
ХӨРС
Адениумын хөрс хөнгөн, хөвсгөр агаар сайн нэвтрэхүйц, хүчиллэг эсвэл саармаг байх шаардлагатай. Ширгэн, навчит хөрс, том ширхэгтэй элс 1:1:1 харьцаатай байна. Мөн модны нүүрс бага хэмжээгээр хольж болно.
ШИЛЖҮҮЛЭЛТ
Залуу адениумыг жил бүр бусад тохиолдолд шаардлагатай үед шилжүүлж суулгана. Суулгах сав ямар ч материалаар хийгдсэн байж болно. Гол нь үндэс чөлөөтэй байх ёстой. Түүнчлэн аль болох цайвар өнгөтэй сав сонговол дээр, учир нь үндэс бага хална. Шилжүүлэн суулгалтын дараа шууд услахгүй. 5-6 хоногийн дараа усална. Савны ёроолд сайн дренаж дэвсэж өгнө.
ТАНАЛТ
Хэрэгтэй гэж үзвэл хавар ургалтын эхэн үед таналт хийнэ. Таналт хийхдээ мөчирний 1/3 -ийг тайрна. хэрэв бутлаг хэлбэртэй болгохыг хүсч байвал илүү урттайгаар тайрна. Харин залуу адениүмын оройн навчийг чимхэнэ.
ҮРЖҮҮЛЭЛТ
Хавар үрээр, мөчрөөр, агаарын үндэслэгээгээр болон олеандр дээр залгалт хийж үржүүлж болно.
ҮРЭЭР: Энэ тохиолдолд үр ургах чадвараа амархан алддаг гэдгийг анхаар. Иймд үрийг даруй суулгах хэрэгтэй. 2,3-р сард суулгана. Суулгахын өмнө 30-40 минут марганцын бүлээн эсвэл идэвхжүүлэгч уусмалд байлгана. Дараа нь хэдэн цаг бүлээн усанд дахин дэвтээнэ /энэ үед усыг хөргөж болохгүй/. Үр суулгах хөрс нь вермикулит, элс эсвэл модны нүүрс байна. Хөрсөө бага зэрэг хонхойлгоод энэ ховилдоо үрээ суулгана. Дараа нь зөөлөн шүршиж услана. Үрээ 3-4 мм хучиж болно, хучихгүй ч байж болно. Үрсэлгээний саваа халуун дулаан 32-35*С -т байлгана. 7 хоногийн дараа соёолно. Хэрэв 21-25*С-т байлгавал үр хөөж ялзрах аюултай. Үр хальсаа цоолж соёолж эхэлмэгц нэмэлт өдрийн гэрлээр гэрэлтүүлнэ. Эхний хос навч гармагц үрсэлгээг аажмаар ердийн ургах нөхцөлд дасгана. Байнга агаар оруулж 18*С -аас доошгүй хэмд байлгана. 2 дахь хос навч гарах үед үрсэлгээг гүнзгийдүү саванд суулгана. 2-3 сартай үрсэлгээг 5 см диаметртэй саванд шилжүүлнэ.
МӨЧРӨӨР:
Хавар болон зун мөчрөөр үрслүүлнэ. Оройн хэсгээс 10-15 см орчим тасалж аваад зүсэгдсэн хэсэгт модны нүүрс түрхэнэ. Перлит, жижиглэсэн керамзит, модны нүүрс, элсний холимогт бага зэрэг модны нүүрс хийсэн хөрсөнд суулгана. Мөчрийн хөрсөнд суулгасан хэсэг нь /эргэн тойрон/ ариутгасан элс эсвэл модны нүүрсээр хучих хэрэгтэй. Энэ нь мөчир илжрэхээс сэргийлж өгнө. Ингээд 25-30*С-т, гэрэлтэй газар байлгана. Энэ явцад үрсэлгээг хэт чийглэг байлгаж болохгүй. Тохиромжтой нөхцөл нь бүрдсэн бол сарын дараа үндэслэнэ.
АГААРТ ҮНДЭСЛҮҮЛЭХ:
Энэ арга нь хамгийн хялбар бас бүтэмжтэй арга. Залуу болон насанд хүрсэн аль ч ургамал дээр хийж болдог. Хаврын сүүл, зуны эхэнд хийвэл тохиромжтой. Шинэ залуу мод дараа жил бэлэн болно.
Сонгосон мөчрийнхөө хальсыг хуулж авна.
Тэр газраа чийглэсэн хөвд тавьж бооно.
Үндэслүүлэх гэж буй мөчир нь 2 см-ээс багагүй диаметртэй байх ба хурц хутгаар гүйхэн тойруулж зүсээд гадна хальсыг авна. 3-4 долоо хоногийн дараа үндэслэж эхэлнэ. Үндэслэсэн мөчрөө хөрсөнд суулгана.
ЗАЛГАЛТААР:
Олеандр ба адениум дээр залгана.
Залгаасаа хүнсний скочоор чанга бооно. Залгаастай адениумыг 30-30*С-т нарны хурц гэрлээс хамгаалж байрлуулна.
АНХААРАХ
Адениумын шүүс маш хортой тул зүсэлт хийсэн тохиолдолд даруй гараа сайтар угаах хэрэгтэй. Хүүхэд болон гэрийн тэжээмэл амьтад шүүсэнд нь хүрч хордож болох учир анхааралтай байх хэрэгтэй.
Цөлийн сарнай гэх энэхүү гайхамшигт цэцгийг гэр орондоо тарьж мэлмий юугаан баясгана буй заа.
орчуулан бэлтгэсэн
"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Б. Одончимэг

1 comment:

  1. Hi. saihan medeelel oruulsand ih bayarlalaa. haij haij 1 adenium olsoon. odoo usalgaagaa bagasgaad amraan gj medej avlaa. bas havar muciruur urjuuleh medeelel avlaa. mash ih bayarlalaa. Bolor

    ReplyDelete