Эрт дээр үеэс энэ эрдсийг монголчууд-хадны хайлмал, төвдүүд-барагшун буюу
хадны урсмал, хятадууд-таван эрдэнийн тос, оросууд-уулын тос-мумие (Мумие гэдэг нь “биеийг хэвээр хадгалагч” гэсэн утгатай араб үг ажээ), киргизүүд-архар-таш, энэтхэгүүд-шилажит
гэх мэтээр нэрлэн ардын эмнэлэгтээ хэрэглэж байсан нь тухайн улс орнуудын
ном сударт ихээхэн бичигдэн тэмдэглэгдэж үлдсэн байдаг байна. Манай орны Алтай, Хангай, Хэнтийн
уулсаар нилээд тохиолддог билээ.
Монгол ардын
эмнэлгийн ном сударт хадны хайлмал гэж нэрлэх зүйл нь гарал үүсэл, орших
газраасаа хамаарч таван төрөл (алтны хайлмал, мөнгөний
хайлмал, төмөр, зэс, тугалганы хайлмал)-д хуваагдана гэсэн
байна гэж Ц.Хайдав, О.Ширхан нар “МОНГОЛ АРДЫН ЭМНЭЛЭГТ
ХЭРЭГЛЭГДЭЖ БАЙСАН ЗАРИМ ЭРДЭС” (ШУА. УБ. 1975) номондоо бичсэн байдаг.
1958 оноос ЗХУ-д (тэр үеийн нэрээр) барагшунг судлах судалгаа хийгдэж эхэлсэн байдаг бөгөөд ихэвчлэн цэрэг,
дайны зориулалтаар судалж нилээд үр дүнд хүрч байсан бололтой байдаг. Оросын геологичидтой 1980-аад онд цуг ажиллаж байхад тэд барагшунг их
хэмжээгээр цуглуулж цэвэрлэн авч явдаг байлаа. Цуг ажиллаж байсан орос геологич
маань барагшунг цацраг туяаны хордолтын эмчилгээнд ашиглах талаар ЗХУ-д эрчимтэй
судалгаа хийж үр дүнд хүрч байгаа болон судалгааны зориулалтаар барагшун
цуглуулж байгаа тухай ярьдаг байв. Манай улсад ажиллаж
байсан геологичдоос гадна цэргийн анги салбарынхан ихээр зөөдөг байсан тухай
сүүлд сонсож билээ. Сүүлийн үеийн мэдээллээс харахад АНУ дангаараа болон Оросуудтай хамтран уг эрдсийн талаар ихээхэн өргөн хүрээнд судалгаа хийх болсон
байдаг.
Барагшуны гарал үүслийг судлаачид хаданд амьдардаг саритагнын
гэгч хулганы баас гэж үзсэн байхад зарим судалгааны бүтээлд маагмын гаралтай
гэж бичсэн байдаг. Алтай нутагт миний үзсэнээр тодорхой өндрийн түвшинд, зөвхөн
гудас маягийн хэвтээ хэсэгшилтэй боржин хад бүхий орчинд бүлээрээ амьдардаг оготны овгийн хадны барагчин гэдэг жижиг хөх хулгана өөрийн баасаар тухайн хадны хөндий
зайг дүүргэн үүр хөеөгөө хийсэн байх ба ялангуяа салхи үлээх талынхаа ан цав,
зай завсрыг сайтар чигжиж бог малын хөрзөн мэт болгосон байдаг.
Бороо цасны усанд хулганы энэ хөрзөн нороход түүнд агуулагдсан барагшун нь уусан хадны
хэвгийг даган урссан нь хатаж байгалийн нөхцөлд цэвэрлэгдсэн барагшунг үүсгэсэн
байдаг.
Цэвэр барагшун
Намайг багад нутгийн хөгшид өндөр байц хадны дээд хэсэгт молцоглон
унжсан барагшунг буудаж авдаг гэж ярьцгаадаг байлаа. 1990-ээд онд Хэнтий нуруунд тэр
газрыг нь үзэхэд хулганы хөрзөнгөөс байгалийн нөхцөлд цэвэрлэгдэн үүссэн
барагшун байх юм билээ. Эндээс үзэхэд тодорхой өндрийн түвшинд боржин чулуу
дагаж ургадаг ургамлыг идэж амьдардаг хулганы ялгадсаас барагшуны “төмрийн
хайлмал” гэх төрөл нь үүсдэг бололтой.
Байгаль дээр цэврээр тохиолдох барагшун-төмрийн хайлмалыг
авч шууд ашиглахаас гадна хадны зай завсарт хураагдсан хулганы хөрзөнг авч
цэвэршүүлэн хэрэглэх боломжтой. Гэхдээ барагшун болон барагшун байх хулганы
хөрзөнг авч ашиглахдаа доорхи шаардлагуудыг зайлшгүй дагаж мөрдөх нь зүйтэй. Үүнд:
-Барагшун-төмрийн
хайлмалыг үүсгэгч оготны овгийн хадны барагчин гэгч хулганы хөрзөнг зөв таних
-Аль болох
байгалийн нөхцөлд цэвэрлэгдсэн хэсгийг цуглуулж авах
-Үүр хөеөгөө
хийсэн хэсгээс авах бол уг амьтны амьдрах нөхцөлийг устгахгүйгээр нэг үүрнээс
бага хэмжээгээр авах
-Салхины үлээх
дээд талаа бөглөсөн хаалт хэсгийг хөндөхгүй байх гэх мэт
Учир нь хорь гаруй жилийн өмнө явж байсан нутгаараа
2010-2011 онд явахад барагшун бүхий хулганы хөрзөнг дээрхи шаардлагыг
баримтлалгүй хамаагүй их авч ашигласнаас болсон бололтой зарим газар энэхүү
үнэт эрдэс болон түүнийг хуримтлуулагч хулгана цөөрсөн, зарим газар огт байхгүй
болсон байна билээ.
Барагшунг хэрэглэж байгаа туршлагаас үзэхэд барагшун нь ил
далд шархыг хувилуулалгүй эдгээдэг, цус төлжүүлдэг үйлчилгээтэй бололтой. Учир
нь:
· Арьс зүсэгдэж гэмтсэн тохиолдолд шарханд барагшуны уусмал түрхэн боолгүй орхиход хэдхэн хоноод эдгэдэг.
· Биен дээр идээт үрэвсэл
(батга, хатиг г.м) гарахад өдөрт нэг удаа барагшун түрхэж хатаагаад дээр нь гавар түрхэх
эмчилгээг 2-3 өдөр хийхэд тухайн үрэвсэл хүндрэлгүй, сорвигүй эдгэдэг.
· Олон хоногоор цус
алдаж бие суларч, толгой эргээд байхад барагшуны сулхан уусмалыг өглөө өлөн
элгэн дээрээ, орой унтахын өмнө 200 гр-аар хэд хоног уухад цус тогтож, зовиур байхгүй болдог бөгөөд цусны шинжилгээ өгөхөд цус багадсан шинж тэмдэг
өгдөггүй юм билээ. Харин уг уусмалыг олон хоног уух буюу уусмал дахь барагшуны
хэмжээг ихдүүлбэл цусны даралт ихдэх гээд байдаг тул уух тоо, уусмалын өтгөн
шингэнийг тохируулж байх шаардлагатай.
Буцалгаж цэвэрлэсэн барагшунгаар ил
шархыг эмчлэхэд буцалгалгүй цэвэрлэн гаргасан барагшунаар эмчилснээс олон хоногийн хойно эдгэж байгаа нь барагшунг 80 дээш хэмд халаасан тохиолдолд эмчилгээний
чадвар нь буурдгийг харуулж байна.
Барагшун хэмээх энэхүү эрдсийн найрлага, эмчилгээний ач
тус, хэрхэн хэрэглэх талаар ном, хэвлэл дээр орон орны
судлаач эрдэмтэд бичиж гаргасан нь олон тул тэдгээрээс хуулж нуршилгүй уншигч
та бүхэнд хэрэг болох болов уу хэмээн зөвхөн өөрийн хэрэглэсэн туршлагаасаа жаахныг
бичлээ.
"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Б. Энхбаяр
Хэрэглэх заалт буюу шим тусын тухай энд нэг сайтад байна: http://www.bobus-seeds.com/product/mummy.html
ReplyDeleteБарагшуны тухай: http://bondoo.net/index.php?mact=News,cntnt01,print,0&cntnt01articleid=60&cntnt01showtemplate=false&cntnt01returnid=16
ReplyDelete