2011/11/23

"Хишигт" туужаас

...Асар том улаан хэлээ унжуулаад амаа байдгаар нь ангайж, шүлс нь савирах Хишигтийн заазуур мэт том шүдний дээгүүр миний бяцхан цагаан хуруунууд гижигдэх мэт гүйж, амных нь гүнд байх хонхны хэл шиг том улаан махыг барьж авахаар инээд алдан ноцолдож гарав. Хишигт миний үйлдэл бүхнийг тааламжтайгаар дагахын ялдамд хуруунуудыг маань хэлээрээ гижигдэн долооно. Ийнхүү танилцсан дороо үс хөлсөө солилцон, үнэр шанхаа мэдэлцэн байсан бидний харьцааг санаандгүй гэрээсээ гарч ирсэн ээж маань гэнэт тасалчихав. Ход ход хөхрөх нь тэр бүр дуулдаад байдаггүй бүрэг дуугүй миний цовоо инээдийг сонссон ээж маань хэрэгт дурлан гэрээсээ гарч ирсэн даруйдаа үг хэлж ч чадахгүй гацаж орхисон гэдэг. Бяруу шиг том нохойны аман дотор гүн шургасан миний гар яралзсан цагаан соёонуудын бүрэн мэдэлд орчихсон байж. Хашгиръя гэвч хүүхдийнх нь гарыг тас хазчихаж мэднэ гэж сэтгэсэн ээж минь айхдаа хоолойд нь тээглэсэн бүлхийг тэнд нь үлдээгээд зөөлөн зөөлнөөр дөхөн ирээд цахиртсан саарал хоолойгоор намайг дуудаж билээ.
Харин хийж байгаа зүйлдээ улайран баярласан би тэр даруйд ээждээ гүйн очихыг төвдсөнгүй. Хишигтийг хүнд том гинжээр оосорлосон бүдүүн хар хүзүүгээр нь тэврэн авч, нүх мэт онгойсон том аманд нь толгойгоо хийчих дөхөн нялуурна. Ээж үг дуулдаггүй охиноо зөөлнөөр зандран дуудахад Хишигт гэнэт архирав. Учраа олохоо байсан ээж маань дороо хөшсөн мэт нам зогсоод Хишигтээс наминчлан гуйх мэт зөөөлнөөр аргадаж байлаа. Энэ үеэр ойрхон гарсан аав ч хашааны хаалгаар орж ирэв. Хишигттэй үй зайгүй зууралдсан намайг харсан дороо цочин хашгирч, сүртэй чангаар нэрээр минь дуудан зандрах мөчид саяхан л номхон тэмээ шиг ноолуулж байсан Хишигтийн нүд догшноор гялалзан харахуйлж, хоёр чих нь соотойн дэрийгээд, хөгжмийн даруул шиг санагдаж байсан араа шүд нь аймшигтайгаар яралзсаар архиран хуцаж эхлэв. Гэсэн ч аавдаа ч тэр, ээждээ ч тэр очихыг би хүсэхгүй л байлаа. Тэр мөчид л өөрийгөө уул мэт том хамгаалагчтай болж байгаагаа анх удаа бардамаар ойлгож, үргэлж нүд үзүүрлэн хялалзаж, ар өврөөрөө гарах тоолонд нудчин, нясалж байдаг аав гэгч этгээдийн өөдөөс зоригтойгоор сөрөн зогссон юм.
- Нааш ир дээ, чи.
- Өвгөөн, дуугаа аяар л даа. Наадах чинь хүүхэд идэх нь байна шүү дээ.
- Юу аяар гэж. Харж байгаад нохойны хоол болгох гээ юу? Хөөе, нааш ир чи.
- Үгүй.
- Үгүй гэнэ ээ? Яасан том дуутай хүн бээ, чи? Алив, тэр буу аваад ир. Алаад хаячихъя л даа, наадахыг чинь.
Энэ үгийг сонссон даруйдаа гинжээ тасдах дөхөн догшрон цойлсоор байгаа Хишигтийн хүзүүнээс би дахиад л зүүгдэж орхив. Ээж, аав хоёр ч энэ үйлдлийг харсан даруйдаа зэрэг зэрэг дуу алдан нам болцгоолоо. Хишигтийг би бяцхан биеэрээ хамгаалах гэж оролдож байгааг хэн хэн нь ойлгож байсан юм. Хишигт ч бидний энэ нам жимхэн байдалд гайхширсан мэт дороо хөдөлгөөнгүй болж аргадан хүзүүдэх намайг анзаараагүй мэт аахилан зогсоно. Цаг хугацаа бид дөрвийг мартсан мэт хөдөлгөөнгүй болсон энэ хэдхэн хоромд тас ширтэлцэн зогсоо тэр дөрвөн амины ирээдүйн гунигт зургийг хэн нэгэн нь магадгүй яаран таталгаж байсан биз...

"Увдист цэцэгс бүжих ертөнц" бүлгийн гишүүн

Х. Болор-Эрдэнэ


3 comments:

  1. үнэхээр сайхан зохиол шүү. Нулимстай, баяртай, догдлолтой уншиж байлаа анх

    ReplyDelete
  2. nom n bdgiimuu buur unshmaar snagdchihlaa

    ReplyDelete
  3. Энэ ном бараг дууссан болов уу. Сүүлчийн хэдхэн ширхэгийг номын дэлгүүрт өгчихлөө гэж байсан. Интэрномоор ороод үзээрэй. Олдохгүй бол шинээр хэвлүүлэх үед нь авч болох юм.

    ReplyDelete