2011/12/27

Үнэт чулуу, эрдэнийн чулуу

Yзэсгэлэнтэй сайхан, эдэлгээ даах урт настай, ховор тохиолдох – эдгээр гурван шинж чанар бол vнэт эрдэнийн чулууны гол шинжүүд билээ.
Эдгээр нєхцєлүүдээс аль нэг нь биелэгдэхгvй бол жинхэнэ үнэт чулуу гэж тооцоход хэцүү боловч энэ нь түүгээр гоёл чимэглэлийн эдлэл хийж болохгүй гэсэн үг биш юм. Амьд организмын бий болгодог сувдыг чулуу гэж нэрлэхэд хэцүү, мєн харьцангуй богино настай /60-150 жилийн эдэлгээ/ байдгийг үл харгалзан түүний гайхамшигтай давтагдашгүй єнгє үзэмжээр нь үе үеийн хүмүүс үнэт чулууны ангиллын эхний байруудыг эзлүүлсээр ирсэн.
Эрдэнийн чулуу гэдгийн учир нь юун түрүүн нүд баясгам єнгє үзэмжийг нь хэлэх байх. Гоёл чимэглэлд хэрэглэдэг олон тооны эрдсүүдийг үндсэнд нь 3 ангилна: тунгалаг, хагас тунгалаг, тунгалаг биш. Хамгийн том, хамгийн чухал болох эхний хэсгийн чулуунуудыг дотор нь єнгєгүй, єнгєт гэж хоёр ангилж болно. Єнгєгүй чулуун дотроо доржпалам /алмаз, diamond/ толгойлох байр суурийг эзэлнэ. Түүний гал гаргах мэт гэрэл цацруулалт, эргүүлж хєдєлгєх тоолонд гэрлийн цацрагийн єнгє хувиргах чанар нь єєр ямар ч чулуунд байдаггүй тул тийм их эрэлт хэрэгцээтэй байдаг биз ээ. Єнгєгvй циркон, цагаан индраанил, молор эрдэнэ, усан болор ч гэсэн єнгє гялалзуулан харагдах боловч алмазыг яагаад ч гүйцэхгүй. Чулууны мастеруудын ур чадварын ачаар талст гарган єнгєлснєєр чулууны дотоод баялаг шинж чанар нь бүрэн нээгддэг. Єнгєт чулууны хувьд бий болгосон талст, єнгєлгєєнєєсєє илүү уг чулууны гэрлийн ерєнхий тєрх нь их чухал. Yнэхээр гайхамшигтай єнгєт чулуунууд бол гал улаан єнгєтэй бадмаараг /рубин/, хєх индраанил /сапфир/, амьд ногоон єнгтэй маргад /изумруд/, алтан шар молор /топаз/. Эдгээрийн гэрлийн шингээх спектр нь тогтмол, ихэвчлэн нарийн байдаг тул байгалийн бус гэрэлд ч єнгєє алддаггүй. Хагас тунгалаг чулууны гол тєлєєлєгчид бол гэрэлт чимэд /опал/, саран чулуу. Тунгалаг биш чулуунуудад хаш, номин зэрэг нэвт гэрэлтдэггvүй чулуунууд багтдаг.
Yнэт чулууны нэг гол шинж бол яах аргагvй эдэлгээ даах чанар. Yнэт эдлэлийг хэдхэн жил зvvхэд єнгє нь бvрсийж, элэгдсэн байхыг хэн ч хvсэхгvй биз. Чулуунууд нь єдєр тутмын хэрэглээнд механик, химийн гэх мэт гаралтай хvчин зvйлстэй vргэлж тулгарч байдаг. Жирийн тоосонд байдаг элсний маш жижиг хэсгvvд нь механик элэгдлийг бий болгох ба гол гол vнэт чулуунууд нь ямартаа ч тvvнээс дутуугvй хатуулаг шинж чанартай байх ёстой. Энэ шалтгааны улмаас шил, шаазангаар хийсэн эд зvйлс тэр тусмаа дууриамал чулуунууд нь гоёл чимэглэлд тохиромж муутай. Шил шаазангаас зєєлхєн шинж чанартай пластмасс, хуванцар зvйлс энэ єрсєлдєєнд хол хоцрох нь бvр ч ойлгомжтой. Харьцангуй хатуулаг багатай чулуугаар /опал, оюу, сувд, саран чулуу гм/ хийсэн эд зvйлсийг тун гамтай эдэлж хэрэглэх шаардлага нь vvнээс vvдэлтэй юм. Ийм ч учраас хамгийн хатуу чулуунууд болох алмаз, корунд хамгийн vнэтэй байдаг билээ.
Хvртээлтэй элбэг зvйлсийг тоохгvй, ховор нандин зvйл рvv хошуурдаг нь бидний зан чанар гэдэгтэй хэн ч маргахгvй биз ээ. Ийм л шалтгааны улмаас олон зууны турш анар чулуу /гранат/ бага vнэлэгддэг байв. Хэрэв алмазыг маш ихээр vйлдвэрлээд, vйлдвэрлэлийн зардал нь хэдхэн мєнгєєр хэмжигддэг болбол лав л гоёл чимэглэлд хэрэглэхээ болих нь мэдээж. Тийм ч учраас эрдэнийн чулуунууд нь хєл дор хєглєрєєд байдаггvй.
Маш олон тєрлийн чулууг гоёл чимэглэлд хэрэглэдэг боловч нэр хvндтэй томоохон эрдэнэсийн дэлгvvрийн лангуунд алмаз, бадмаараг, индраанил, сувд, опал голлох байр суурийг эзэлнэ. Эдгээрийн vнэ ч харьцангуй тогтмол.
Эрдэнийн чулууны жинг каратаар хэмжих бєгєєд 1 карат нь 0.2 граммтай тэнцэнэ. Томоохон чулуунуудыг грамм, килограммар хэмжих нь бий. Харин сувдыг бол гранаар хэмжинэ. 1 гран нь 50мг.
Yнэт чулуунууд нь vл хєдлєх хєрєнгєєс дутахааргvй банкны баталгаа болох нь бий бєгєєд манай орны хувьд банк санхvv, гаалийн байгууллагад энэ талын мэдлэгтэй боловсон хvчин шаардлагатай болж байгаа. Алт, мєнгєний дэлгvvр, дарханы газруудын байдлыг ажиглавал нилээн замбараагvй байдал ноёлж байгаа бєгєєд жинхэнэ чулуу гэхээсээ дууриамал нь голлож байна. Yvгээр худалдаа хийж буй байгууллагуудын ажилчдын мэргэшсэн байдал, нийт хvмvvсийн чулууны тухай мэдлэг учир дутагдалтай байдаг.
Ер нь бол vнэт эдлэлийг бэлгэнд юм уу vе дамжин євєлж авбал сайн гэж vздэг бєгєєд гарал vvсэл нь тодорхойгvй, ямар ямар хvний гар дамжсаныг нь хэлж мэдэхгvй зvйлсийг эртний юм vнэтэй гэсэн ойлголтоор олж авах нь тийм ч тааламжтай зvйл биш юм. Болдог бол єєрєє бvтээлгээд vр хvvхэддээ vе дамжуулан євлєж явбал vvнээс илvv дурсгалтай, илvv «vнэтэй» эрдэнэ гэж vгvй билээ. Yнэ гэдэг бол эцсийн эцэст тухайн vеийн зах зээлийн эрэлт хэрэгцээний нэг л илрэл шvv дээ.
Чулууны тухай илүү ихийг мэдье гэвэл ийшээ зочилно уу:  http://www.mongolchess.com/gems/

 "Увдист цэцэгс бүжих ертөнц" бүлгийн гишүүн
М. Тэнүүн

No comments:

Post a Comment