2013/02/25

"Өгүүллэгийн уралдаанд"

Хандаа 

Хүйтэн бороо уйлагнасан жихүүн өглөө.
Халуун хөнжилдөө хоргодон хоргодон арай гэж босоод ажлын цаг дөхсөн тул өглөөний ундаа уусан болоод ажил руугаа яаран гүйлээ. Шүхрээ барин гудманд тогтсон усыг тойрохыг нь тойроод туучихыг нь туучсаар ажил руугаа гүйж явахдаа “ишш намайг таньдаг хүн харвал инээд нь хүрч байгаа даа, за дүүрсэн хэрэг улаан цайм тулахгүй л бол болоо шд” гэж өөрийнгөө тайвшруулсаар нэг мэдэхэд ажлынхаа үүдэнд ирсэн байлаа. Хашааны хаалгаар орж явахад нэгэн машин учиргүй чанга сигналдаж, шавхай үсчүүлэн өнгөрөхөд цочсондоо усан дунд гишгэчихлээ. Дургүй хүрч хэн бээ гээд хартал ажлын маань саяхан гэрлэсэн бүсгүй сайн уу Тамираа эгчээ, та сайхан амрав уу гэсээр инээд алдан бууж байна. Муу тэнэг хүүхэн ядаж нөхөртөө сигналдах хэрэггүй ээ гэж хэлж чадахгүй байжийж гэж дотроо бодсон ч сайн сайн чи сайхан амрав уу гэж бувтнаад өрөө рүүгээ явлаа.

Гутлаа норгосондоо, бас голио шиг шүхэр барьсаар чулуу дамжин үсчиж ирсэндээ, ядахад хув хуурай хувцастай инээд алдан бууж ирсэн залуу бүсгүйн хажууд нурмайсан амьтан таарсандаа сэтгэл нэг л дундуур. Жижүүрийн хажуугаар хар цагаан дуугүй өнгөрч өрөөнийхөө үүдэнд ирээд түлхүүрээ хайн цүнхээ онгичингоо хэн нэгэн савтай цэцгээ манай өрөөний үүдэнд мартсаныг олж харлаа. Ойр хавиа гүйлгэж хартал хүн алга. За бас хэнбугай нь энд цэцгээ орхичихов доо, ядаргаатай хүмүүс шүү. За энд коридорт үлдээлтэй биш, дараа нь цэцгийн өрөнд орно гэж бодсоор нөгөө цэцгийг нь аваад орлоо. Бас ч гэж эмэгтэй хүн гэсэндээ сониуч зан хөдөлж цэцгийг тойруулан харлаа. Ямар ч байсан тарьмал юм байна аа, за хэн нэгэн дээд давхар руу авч гарахаасаа төвөгшөөгөөд буцаад авахад амар гээд манай өрөөнд хадгалуулж байгаа юм байлгүй дээ гэж бодоод нөгөө савтай цэцгийг цонхон дээрх хэдэн зузаан файлаа зайчилж тавиад компьютерээ асаалаа.
Нэг мэдэхэд ажил тарах цаг болчиж, өрөөнөөс гарахдаа өдийг болтол аваагүй байгаа юм чинь эзэн нь бодуул энэ цэцгээ өгөх цаг нь болоогүй л юм байгааз гэж бодоод хаалгаа түгжээд гарлаа.
Хоолой өвдсөнөөс болоод 2 хоног гэртээ хэвтсээр өнөөдөр арай гэж босч ирлээ. Өрөөний хаалгаа нээнгүүт нэг тийм зөөлхөн сайхан үнэр үнэртэж байна. Энэ чинь юуны үнэр билээ гэж бодсоор хөшигөө нээтэл нөгөө цэцэг нь дэлгэрч ягаан цэцэг гарсан байна. Өө хөөрхий, бас цэцэглэчихэж гээд хартал хөрс нь нилээд хатсан байна. За хүний цэцэг үхүүлсэн хэрэгт унах нь гэсэн шүү юм бодоод дутуу уугаад орхисон аягатай усаа хийж орхилоо. За өнөөдөр эзнийг нь олж өгөхөөс аягүй бол байхгүй хойгуур цэцгээ авах өдөр нь өнгөрчихсөөн гэж бодоод ширээндээ суулаа.
Мартаагүй дээрээ гээд мессенжертээ манай өрөөний үүдэнд мартсан цэцгээ авна уу гээд биччихлээ. Ёооо бөөн смайл, бөөн шүд, бөөн унан тусан хөхрөх эмоушн. За больё больё ёстой онигоонд орчлоо эзэн нь тэгэж байгаад ирээд авна биз...
Хэд хонолоо, хэн ч цэцгээ нэхэж ирсэнгүй. Хүний цэцэг үхүүлж өрөнд орохгүйн тулд өдөр бүр аягатай уснаасаа хийж байлаа. Нөгөө ягаан цэцэг нь унахгүй байгаад л байна. За байз энэ чинь өргөстэйг бодоход сарнай юм шиг байнаа. Харин их л жижиг сарнай байна даа. За байз манай охидуудын хэн нэгэнд бэлэглэсэн юм байх даа, арай голонгуутаа аниа руу пасс хийцийн биш үү гэж хүртэл бодогдож байна. Дургүй ч хүрэх шиг, ер нь хаячихая яршиг хүний голсон цэцгийг услаа л сууж байдаг тэнэг байхаа би гэж бодоод гэнэт ухасхийн бослоо. Савтай цэцгийг барьж авуутаа өргөсөнд хатгуулав. Ээ тэнэг өргөстэйг нь мэдсээр байж болгоомжгүй гэдэг нь хэмээн бүүр уур хүрч цэцгийг болгоомжтой авлаа. Үнэр нь сэнхийгээд л явчлаа, нүүрэндээ нилээд ойртуулж эргүүлж тойруулж үзлээ. Энэ чинь бас хөөрхөн юм аа, ахиад нэг хоёр бундуйлчихаж, гадаа хаячуул шөнө даараад энэ хөөрхөн бундуйнууд нь цэцэг болж амжихгүй унах нь ээ, за хөөрхий байж л байг, надаас хоол гуйх юм биш үсрээ л өдөрт тал аяга ус ш дээ, тэгэж байтал цэцгийн эзэн бодлоо өөрчлөөд цэцгээ авахаар ирэх ч юм билүү гэж бодоод буцаагаад цонхны тавцан дээр тавилаа. Нөгөө бундуйнууд нь дэлгэрч үү үгүй юу гэж бодоод ойр ойрхон босч хардаг ажилтай боллоо.
Ширээнээсээ шууд харахад саад болоод байхаар нь цонхны тавцан дээр зусч байгаа хэдэн файлаа шүүгээндээ далд хийчлээ. Цонхны тавцангаа цэвэрлэж, цэцгийн саваа арчиж байхдаа за цэцэгхэн минь би чамайгаа гологдсон хүүхэн гэж нэрлэлээ, хоёр гологдмол хамтдаа байгаад байж дээ гэж бодож зогслоо. Одоо хаанаас ч харсан цэцэг чөлөөтэй харагдахаар болжээ. Өглөө бүр орж ирүүтээ цэцгээ хардаг, ганц нэг хатсан навчийг нь түүдэг ажилтай боллоо. Харах тусам “Гологдсон хүүхэн” минь улам өнгө ороод байх шиг, чи минь хөөрхөн юм аа, ийм хөөрхөнийг бас голдогийн байх даа гэж бодогдох боллоо.
Хараад байхнээ том тавцан дээр ганцхан цэцэг байх нь зохимжгүй санагдаад хоёулаа ганц ганцаар байж байхаар энэндээ хань олъё доо, за байз гэр рүү явах замд нэг цэцгийн дэлгүүр байдаг тийшээ орж нэг үзье, цэцэг ер нь ямар үнэтэй байдгийн бол гэж бодоод ажил тарахыг тэсэн ядан хүлээлээ. Хаачих вий дээ гэж бодсоор дэлгүүрт гүйхээрээ явж очлоо. Оруут содон сайхан үнэр сэнхийгээд цаанаа л нэг дулаахан сайхан дэлгүү байнаа. Зөндөө олон цэцэг байна. Амьдралдаа олж харж байгаагүй сонин сонин цэцэг байна. Хаа очиж дэлгүүрийн эзэгтэй яриа эгч байна. Цэцгээ сайхан тайлбарлаж, бэлэгдлийг нь хэлж өгч байна. Эгчийн зөвлөснөөр анхдагч цэцэгчинд таарах арчилгаа багатай хямдавтар цэцэг нэгийг авлаа. Бас цэцгийн тухай интернэт-д сайхан сайтууд байдаг тухай дуулаад нэг их бачим ажилтай хүн шиг гэртээ оруут цүнхээ шидээд цэцгээ үүдний тавиур дээр болгоомжтой тавьж компьютерээ асаалаа.
www.tsetseg.mn гэж хөөрхөн сайт байнаа. Сонин сайхан мэдээлэл ихтэй юм. Энэ тэрүүгээр тэнэсээр цаг тээр орой болсон хойно орондоо орлоо. Нойр ч хулжчихаж. Би ер нь яагаад цэцэг гэж ийм сайхан ургамал байдгийг анзаардаггүй байсийн бол оо. Эргүүлж байсан залуугаа цэцэг өгөхөд хүртэл энэ хэрэггүй хогоор юугаа хийнээ би ямар ямаа биш гэж бодож байснаа санаж тэр залуугаас ичих ч шиг. Маргааш миний “Гологдсон хүүхэн” найзтай болох нь дээ. Баярлах бол уу, цэцэг амьтай байдаг гэсэн үнэн бол уу? Бушуухан өглөө болоосой, гологдсон хүүхэндээ найзыг нь хүргэж өгөхиймсан гэж бодсоор нам унтсан байлаа.
Ажил дээрээ ч тэр, гэртээ ч тэр цэцгийн тухай сайтаар байнга тэнэж, шинэ мэдээлэл гарахыг тэсэн ядан хүлээдэг шинэ хоббитой боллоо. Оо тэгсэн нэг зар гарчээ. Цэцгийн үзэсгэлэн худалдаа болно гэнэ. Амралтын өдөр ч таарч байна, очиж үзье байз хүмүүс ер нь ямар цэцэг тарьдагийн харъя гэж шийдлээ. Болзоонд уригдсан хүүхэн шиг амралтын өдрийг тэсэн ядан хүлээсээр арай гэж үзэсгэлэнгийн нээлтийн өдөр боллоо. Ямар ч олон төрлийн цэцэгс вэ, ямар ч олон хүмүүс цугладагийн, ямар ч их цэцэг сонирхдогийн. Тэр олон хүмүүсийн ярихыг сэмхэн сонсч, зарим нэг дуулснаа хуваалцмаар байсан ч ичээд чимээгүй л цэцэг сонирхоод л энэ тэрүүгээр алхаж байлаа. Цэцэг тайлбарлагч хөөрхөн охид шулганалдаад л, энд ч тэнд ч цэцэг авсан хүмүүсийн мишээл... үзэсгэлэнгийн танхимаас гармааргүй байлаа.
За энэ цэцгийг л авийдаа гэж товлоод нэг тойрчихоод иртэл авахыг хүссэн цагаахан цэцэг маань алга. Тайлбарлагч охиноос асуусан чинь тээр тэнд гарч байгаа ах аваад явчлаа гэнэ. Дэмий л хойноос нь хараад л үлдлээ дээ. Жоохон урам хугарсан ч явж явж дахин нэг цэцэг худалдаж аваад гэртээ харилаа. Ямартай ч гэртээ бас нэг цэцэгтэй боллоо.
Маргааш нь ажлынхаа өрөөний үүдэнд иртэл миний авахыг хүсч байсан ч бусдад алдсан цэцэг маань дүрээрээ байж байна. Гайхаад эргэн тойрноо хартал хэн ч алга. Цэцгийг автал зурвас байнаа. Миний бэлгийг хүлээж авч сайхан ургуулж байгаа чамдаа маш их баярлалаа, энэ хөөрхнийг ч гэсэн голохгүй гэдэгт итгэж байна...
Юу вээ, хэн бэ? Хэн юм болоо, балай юм бээ, хэн нь тоглоом хийгээд байна даа? Энийг нь авах уу орхих уу, орхиод орчихдог үүдээр өнгөрсөн хүмүүс гайхах байх даа, за дүүрчээ...
Хүн харахаас өмнө бушуухан цэцгийг авч, өрөөндөө орж хаалгаа хаалаа. Цонхон дээр байгаа ягаахан цэцгээ харангаа чи минь гологдсон хүүхэн биш, намайг зорьж ирсэн миний бэлэг байжээ гэж бодогдох зуур дотор сонин болж, хоолой руу нэг юм огшоод л, сонин ч юм шиг, сайхан ч юм шиг санагдаж нүүр улайгаад л...
Энэ явдлаас хойш 5 жил өнгөрч өдгөө бид 2 хөөрхөн охинтой болсон. Охиндоо Цахирмаа гэж нэр өгсөн. Одоо манай гэрт ч ажил дээр ч дүүрэн цэцэгс. Бөөн хобби гэр бүл болсон. Харин миний ягаахан сарнай одоо болтол манай гэр бүлийн хамгийн хайртай цэцэг хэвээрээ байж улам л өтгөрч, маш олон цэцэгтэй болсон.
Би ийм сайхан нууцхан увдист цэцэгсийн ертөнцөөр дамжуулан хайраа олж, амьдралаа холбосон азтай бүсгүй шүү....

3 comments:

  1. oguuleeggin uraldaan bolj bga ymu

    ReplyDelete
  2. Өнгөрсөн онд энэ уралдаан явагдсан юм аа.

    ReplyDelete
  3. ёстой хөөрхөн өгүүллэг байна.

    ReplyDelete