2011/12/24

Хэдүйн хагдарчээ

Цэцэг бүхэн мөнхөд дэлгэрдэг бол энэ дэлхий юутай үзэсгэлэнтэй вэ?

Бурхад хүртэл бууж ирэх байх даа хэмээн бодохул нар, салхи, ус, шороонд  хүртэл талархмаар. Энэ ертөнцөд өөрийн өнгөө олж төрөх гэж хичнээн их тэмүүлнэ вэ? Ер бусын их хүчээр, өөр өөрсдийнхөө тэмүүллээр өндийх хорвоогийн амьд бүхний дундаас хамгийн богино настай нь цэцэг, эрвээхий хоёр юм даа.
Өргөст ишээ үлдээгээд өөрөө бутран үгүй болдог болохоор цэцгийн мөхөл ганцаардмал агаад уйтай. Өчүүхэн төдий ч ёолох чимээ анир үгүй.
Шарлан унах навчис шиг бүхий л гутрал гунигаа харамгүй цацлан салхин аясаар шарчигнан хийсдэг сэн бол юутай амар хялбар.
Нартай зуны хуурмаг хоёр үзэсгэлэн чамин ганган өнгөө гайхуулсаар хэн нэгний ном дэвтрийн завсар хатаамал болохыг би бишгүй л харсан. Цэцэгс мөнхөрч байгаа нь тэр юм гэж үү? Чин сэдхэлийн илэрхийлэл болгож цэцгийн үхэл бусдад бүү бэлэглээч.
Зүйгээ эвдэж намраар ургадаг ганц удвалын үзэсгэлэнг хэн ч анзаарахгүй юм. Зүс зүсээ дэрлэн унах бусдынхаа тавиланг ургаж байхдаа хардаг л байх даа, тэр.
Нар мандана, жаргана, дахин мандана. Амьдрал үргэлжилсээр. Бид ийнхүү амьдарсаар. Гэвч өөр олон олон амьдрал оршин буйг үл анзаарсаар. Аз жаргал хүсэж, амраг хайртдаа цэцгийн үхэл бэлэглэсээр. Сүүдэртэй бүхний хөл дор хагдрах намрын навчсыг үл ойшоосоор. Магадгүй энэ цэцэгс, энэ навчис бидний нүглийг нимгэлдэг байх. Хүн төрөлхтний өмнөөс модод тэнгэрт залбирч, залбирлын тарни нь намрын навчис болон хийсдэг байж болох. Бид ирээдүй рүү, аль эсвэл мөхөл рүүгээ одож байна уу? Чухам хаашаа, яах гэж ийн их яарна вэ?
Дахиад л нар мандана. Тэгэхэд бид цэцгийн үхлийг хүмүүний үхлийн дайтай мэдрэх болов уу? Цэцэг цэцгийн араншин өөр. Цэнхэр гараг ч өнгөнд нь хууртчихаад уйлах нь бий.

"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
М. Сүхжий


1 comment: