2011/07/26

Цагийн байдлыг ургамлаар шинжих

Ургамал ногоо ишээ гүйцээгүй байхад толгойлж цэцэглэх нь хойшдоо гандуу байхын шинж.
Ургамал ногоо намар гандаж шарласны дараа энгэр нөмөр газраар дахин хэнзлэн нялхарч ургавал өнтэй өвөл болно.
Уулын мод оройгоосоо эхлэн шарлаж, навч шилмүүс удаан ойчвол зудархуу болно.
Ойн яргуй хээр тал газруудад өндөр иштэй ургавал өвөл нь цас их орно.
Хазаар өвс урт ургавал тэр жилийн өвөл цас ихтэй байна.
Багваахай цэцэг их ургавал бороо ховортой, зуншлага тааруу болдог.
Гол газраар цахилдаг эрт цэцэглэвэл зундаа гандуу байдаг.
Цагаан түрүү их ургавал зунд гандуу, өвөлд цас ихтэй.
Хавар ногоо гарахын өмнө мод навчлах нь гандуу зуншихын шинж.
Хангай газар зуны эхэн сард цагаан цэцэг их ургавал хуршихын шинж.
Хялгана их шивээлж ургавал өвөл нь цас их орно.
Алтан хундага цэцэг, хадны \жимс\ навч, хонхон цэцэг, эдгээний ба сэдэргээний навч хумхивал тэнгэр бүрхэж бороо орно.
Гэрийн хошоонгорын иш цэх шулуун босох, шинжээний цэцэг, гичгэнийн навч цэцэг дэлгэх зэрэг нь тэнгэр бүрхэж бороо орохын шинж тэмдэг.
Таана эрт толгойлбол цас их унана.
Агь өндөр ургаж толгойлбол хүйтэн болно.



Эх сурвалж: "Монгол ёс заншлын дунд тайлбар толь"
Зохиогч, эмхэтгэгч Ч. Арьяасүрэн, Х. Нямбуу
1991 Улаанбаатар

1 comment: