(Тус сайтад тавигдсан материал нь "Увдист цэцэгсийн ертөнц" ТББ-ын дэргэдэх клубын
өмч бөгөөд хуулийн дагуу хамгаалагдсан тул хуулбарлан ашиглахыг
хориглоно.)
Нэг удаа би хүүхдүүдтэйгээ цуг зунжин зусландаа байхаар болов. Гэхдээ нөгөө цэцгээ зүгээр л хаячихаад явсангүй, нөхөртөө найдлаа.
“Яаж ийгээд усалгаатай байлгах юмсан?” Нөхөр маань энэ асуултанд их л нухацтай хандаж, саванд ус хийж цэцэгнээс өндөрт байрлуулж, нойтон олс савнаас цэцэг рүү шургуулав. Тэгээд сэтгэл амарч зуслан руугаа явлаа.
Би зуны дундуур угаалга хийх бас жаал жуул худалдаа хийхээр гэртээ ирэв. Хамгийн түрүүнд нүдэнд өртсөн зүйл бол ганц ч навчгүй болтлоо хатаж хувхайрсан мэлрэг байлаа.
“Үхчихэж дээ, хөөрхий!”. Надад гунигтай байсан боловч ямартай ч үүрэг хариуцлага хөнгөрлөө гэж бодоод авав. Мөчрийг нь тэмтэрч хатсан ишийг нь хуруугаараа илбэв. Тэгээд савнаас нь сугалж гаргаад, гудамж руу харсан онгорхой цонхоор шидчихэв.
8-р сарын сүүлээр бид гэртээ ирлээ. Нөхөр маань машинаасаа ачаа бараагаа гэр лүүгээ зөөж байх зуур би орцныхоо үүдэнд ой хагастай охиноо тэврээд, үүдний цэцэрлэгт тарьсан цэцгийн мандлыг ширтэн зогсож байв. “Манай хэдэн хөгшчүүл ч мундаг шүү, ийм сайхан цэцгүүд тарьчихаж!” Тэгтэл нөхөр маань цонхоо цэлийтэл нээхэд цонхны хашлаган дээрээс ямар нэг юм яг нөгөө мандал дотор уналаа. Түүнийг харвал цонхон дээрээ тагтаанууд хооллож зогсдог эмээгийн цагаан талхны хэлтэрхий байв. Гэхдээ тэр талхны хажууд юу байна аа? гэж гайхах зуур би охиноо тэргэн дээр нь суулгачихаад дөхөж очив. Гэтэл өтгөн ногоон мандал дундаас өрөвдмөөр, ёрдойсон мөчиртэй ээжийн минь мэлрэг цухуйж байдаг байгаа.
“Амьд юм биш байгаа?” гэсэн бодол гэнэт толгойд минь зурсхийв. Ямар ч гэсэн түүнийг аврахыг оролдох хэрэгтэй! Яагаад гэвэл энэ чинь ээжийн минь цэцэг шүү дээ.
Би шинэ хөрс, шинэ сав худалдаж аваад хөөрхийг суулгав. Хатсан мөчрүүдийг нь тайрч хаяв. Цэцгээ нөгөө талын цонхон дээр тавилаа. Хайр найргүй төөнөсөн нарны хурц гэрэл түүнийг хуйхлаад байж. Яахаараа би үүнийг урьд нь анзаараагүй юм бол! Яг ингэж бодонгуут зүрх минь шимширч, нүдэнд нулимс цийлэгнэлээ. Удалгүй цонхон дээр минь ногоодой, дараа нь нефролепис зэрэгцэн байрлав.
Ямар ч үзэсгэлэнтэй юм бэ дээ? Өнгө өнгөөр алаглаад үнэхээр сайхан.
Цэцгийн дэлгүүрээр шагайх хэрэгтэй юм байна, магадгүй шинэ цэцэг ирсэн байх ч юм билүү!
ёстой гоё бичсэн байнаа.
ReplyDelete