2011/08/03

Ийвс \хибискус\ сарнайг цэцэглүүлэхийн тулд

Манай улсад айл өрх, албан газраар нэлээд тархалттай байдаг цэцгийн нэг бол ийвс сарнай билээ (Hibiscus rosa-sinensis). Хибискус буюу ийвс маш хурдан томорч модны хэмжээнд хүрдэг ч бид зөв нөхцөлийг нь бүрдүүлж арчилж мэддэггүйгээс цэцэглэхгүй байх нь элбэг. Уг нь энэхүү сарнай нэг их “маяггүй” цэцэг бөгөөд сүүдэрт тэсвэртэй. Гэхдээ хангалттай гэрэлтэй боловч нарны туяа шууд тусахааргүй газар байрлуулсан нь дээр – энэ бол цэцэглэлтийн нэг нөхцөл. Зуны улиралд гадаа, нар салхинаас хамгаалалттай байдлаар тавибал тун ч дуртай байдаг. Ер нь 18-22 хэмийн дулаантай орчин - ийвсийн “диваажин” л даа.
Цэцэглэлтийн үе нь ихэнхидээ хавар, зун, намар тохиодог бөгөөд мөчир бүрийнхээ үзүүрийг 10 см орчим диаметр бүхий үзэсгэлэн төгөлдөр цэцгээр чимдэг. Энэ үед сарнайн услалтыг нэмэгдүүлэх шаардлагатай, шороог нь хэрхэвч хатааж болохгүй: ус дутагдвал цэцэг, бундуй навчаа ч хаячихдаг!  Шороог байнга чийгтэй байлгахаас гадна үндэс рүү нь агаар оруулахын тулд усалсныхаа дараа сийрүүлж өгч байх хэрэгтэй. Харин өвлийн улиралд услалтыг багасгана. Хавраас намар хүртэл 10 хоног тутамд бордоо тэжээл өгөх шаардлагатай, харин өвлийн улиралд сард нэг удаа багахан хэмжээгээр бордоход хангалттай. Өдөр бүр, ялангуяа, өвөл, өрөөний агаар хэт хуурай байдаг үед цэвэр усаар шүршиж байвал тун сайн.
За одоо анхаар! “Долоох нь холгүй арчлаад, нар, ус, тэжээл өгөөд байхад ерөөсөө цэцэглэхгүй юм... Гэтэл албан газар харанхуй буланд хаягдчихсан “амьтан” дүүрэн цэцэгтэй л байж байдаг...” – Ийм яриа танд танил сонсогдож байна уу?
Ийвс сарнайн цэцгийн бундуй үүсэх  нөхцөл нь сэрүүн, ердөө л 15 хэмийн орчин бөгөөд энэ л чухам хамгийн гол нууц нь юм. Чухам энэ сайхан нөхцөл албан газрын харанхуй буланд намар цагт, халаалт эхлээгүй байх үед бүрддэг.  Сэрүүн нөхцөлд ийвс сарнай навч мөчрөө хөөхөө болин, амрах хугацаандаа цэцгийн бундуйнууд дээрээ идэвхитэй ажиллаж үндэс суурийг нь тавьдаг. Хавар болоход бундуйнууд нүдэн дээр томрон томорсоор цэцэглэдэг. Төвийн халаалттай орон сууцанд ч намар сэрүүхэн байдгийг ашиглаж ийвс сарнайгаа зөв амраах хэрэгтэй гэсэн үг. “Паар халсны” дараа сарнайгаа гэрийнхээ хамгийн сэрүүн байдаг газар тавина, гэрэл муутай байсан ч хамаагүй. Энд нь өвөлжүүлнэ, хөрсийг үл ялиг чийгтэй байлгана, сард нэг удаа багахан тэжээл өгнө.
Харин ийвс сарнайг сэрэх үед нь тун зөв харьцах хэрэгтэй.  Шинэ навч ургаж эхлэх нь сэрж байна гэсэн үг  бөгөөд хоёрдугаар сард сэрдэг. Энэ үед сарнайгаа гэрэлтэй дулаан газар байрлуулаад услалт ба тэжээлийг нь аажмаар нэмж өгнө. Хэрэв та сэрэхийг нь анзааралгүй аль хэдийн цэцгийн бундуйнууд нь бөндийчихсөн сарнайгаа зөөвөл нөхцөл гэнэт солигдсоноос болоод сарнай чинь эхний, томорсон бундуйнуудаа “хаячихна”.
Түүнчлэн өвлийн эхэнд ийвс сарнайгаа хайр найргүй тайрах хэрэгтэй. Мөчрүүдийн гуравны нэгийг, бүр талыг нь ч тайрна. Үүний үрээр сарнай чинь улам саглагар болон ургаж үзүүр бүрт нь олон цэцэг цэцэглэх болно! Тайрсан мөчрүүдээ усанд хийж үндэслүүлж ч болно, эсвэл шууд хөнгөн хөрсөнд “хүлэмжлэн” суулгахад ч үндсээ аваад ургана. Хавар шинэ мөчрийн үзүүрийг ч суулгаж болно. Мөн наймдугаар сард бас үржүүлэхэд амжилттай болдог.
Ийвс сарнайг хөвсгөр, тэжээллэг хөрсөнд суулгана. Савны ёроолд заавал чулуу юмуу жижиглэсэн жийрэгний хөөс хийж өгнө. Хөрсний бүтэц нь: 2 хэсэг хар шороо, 1 хэсэг хатсан навчин хөрс, 1 хэсэг ялзмаг хөрс байна. Жаахан элс нэмж болно.
Эхлээд хамгийн жижиг саванд суулгана. Ургахын хэрээр нь савыг томруулна. Ингэхдээ шууд том саванд хийчихгүй, дараагийн сав урьдах савнаас 2 см – аар том байх ёстой /диаметр нь/. Цаашид жил бүр, сарнайгаа сэрж эхлэх үед шороог нь сольж байх шаардлагатай. Бүр том мод шиг болсон сарнайн шороог дээрээс нь боломжоороо аваад шинэ шороо хийнэ.
Эцэст нь ийвс сарнайд гардаг асуудлуудын шалтгааныг дурьдвал:
Цэцгийн бундуйнууд үүссэн боловч дэлгэрэхгүй байж байснаа уначихаж байгаа бол – тэжээл дутагдаж байна, ус дутагдаж байна, шороог нь хэт хатаадаг юм байна, орчны температур хүйтэн байна.
Маш сайн, саглагар болтлоо навчилсан боловч цэцэг байхгүй – азотын бордоогоор хэтрүүлэн бордсон байна, гэрэл дутагдаж байна, бундуй хөөх үед нь усаар гачигдуулсан байна, өвөл сэрүүн нөхцөлд амраагаагүй.
Доод навчнууд нь унаад, шинээр ургаж байгаа навчнууд нь шардуу өнгөтэй байвал – хэтэрхий их хлортой усаар усалснаас навчны хлороз үүссэн, дээрээс нь азот ба төмрийн дуталд орсон байна. Крантны усаа саванд хийж хонуулан хлор нь дэгдэж арилсны дараа усалж байх хэрэгтэй, мөн усандаа төмрийн бэлдмэл нэмэх. Бас хүйтэн усаар дэндүү их усалдагаас үндэс нь даарч өвчилсөн үед, эсвэл хэт хуурай халуун өрөөнд усаар шүршилгүй байлгадгаас дээрх “зовиурууд” илэрдэг.
Хортон шавьжинд идэгдвэл зохих бодисоор устгаад, нүцгэрсэн мөчрүүдийг нь талд нь хүртэл тайраарай. Тэгвэл шинээр олон мөчир салаалан гарч тун удахгүй таны цэцэг буцаад саглагар болно.
Мөчир бүр нь тансаг цэцгээр чимэглэгдсэн гоё модтой болоорой, таны хайр халамжийг ийвс сарнай чинь мартахгүй шүү!


Бэлтгэсэн Ё. Одончимэг

"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Ц. Гантуяа 

3 comments:

  1. маш гоё зөвлөгөө байна.

    ReplyDelete
  2. Дээрх зөвлөгөөг ёсчлон биелүүлж, цэцгээ арчилж ургуулна аа. Сайхан зөвлөгөө байна

    ReplyDelete