2011/09/20

Чойрын хийд хийгээд Зава Дамдин гавж

Улаанбаатараас 200 гаруй километрийн зайд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт Дэлгэрийн чойрын хийд оршдогийг хүмүүс мэдэх байх.
Хийдийн орчимд үзэсгэлэнт хад цохио элбэг. Түүнчлэн аргаль угалзтай таарах нь бий. Бидэнтэй аяны дөрөө нийлсэн том эрдэмтний өгүүлэхээр Хүннүгийн булш ч тааралдаж байлаа. Ер нь сонин сайхан байгальтай газар байдаг шүү.
Уг хийдийг Буддын философийн томоохон төлөөлөгч бөгөөд Буддын гүн ухааны таван үндсэн ухааныг бүрэн эзэмшсэн гэгдэх Зава Дамдин гавж төрөлх нутагтаа анх үндэслэн байгуулсан гэдэг. Миний сонссоноор уг хийдэд Чойрын ном буюу шашны онолын ном хаялцдаг том лам нартай байснаас үүдэн ийм нэртэй болсон гэх юм билээ.
Улмаар буддын гүн ухаан, тарнийн гүн ухаан, зурхайн гүн ухаан зэрэг чиглэлүүдээр сургалт явуулдаг цанид чойр, жүд, зурхайн дацангууд бүхий томоохон хийд болтлоо хөгжсөн ажээ.
Хожим хосгүй эрдэмт хувилгааны хойд дүрээр тодорсон хутагт залуу ламтан Дэлгэрийн хийдийн туурийг сэргээн босгосон юм. Энд Монголд хамгийн томд тооцогдох 20 ханатай "Бадаргуу цагаан гэрэлт өргөө" босоод буй бөгөөд Зава Дамдин агсны мэлмий гийсний 140 жилийн ойн үеэр Балба дархчуудын урласан Зава Дамдины урд дүрийг уг өргөөнөө залсан билээ. /Уг ёслолын үеэр авсан зургаа дээр орууллаа./
Ирээдүйд энэ газрыг Бурханы шашны томоохон төв болох магадлалтай гэлцдэг. 
Зава Дамдин гавжийн түмэн өлзий гийсний 140 жилийн ойд зориулж Бурхан шашны их сургуулийн захирал Ш. Сонинбаяр гуайн бичсэнээр Монголын нэрт түүхч, гүн ухаантан Зава Дамдин гавжийн сүнбүм зохиолоос үзэхэд судар тарнийн, гүн ухааны талаар олон зохиол туурвисны дээр бусад олон салбар ухааны чиглэлээр ном зохиол туурвиж байсан ХХ зууны эхэн үеийн их бандида байсан нь тодорхой байна гэсэн байна билээ. Түүний бичсэн товхимолд Зава Дамдин гавжийн онцгой эрдэм чадлын тухай, судар бичгийн хүрээлэнд ажиллаж байсан талаар гэхчилэн олон сонирхолтой баримт дурдсан байдаг юм билээ. 
Зава Дамдин гавж түвд хэлээр 17 боть туурвисан байдаг. Түүний зохиолуудын дотор учир шалтгааны ухаан, билиг барамидын гүн ухааны зохиолууд байна.
Тэрээр "Хорчойнжун" хэмээх түүхийн зохиолоо бичихийн өмнө бэлтгэл болгон хураангуйлсан "Номын лавай мишээсний дуун эгшиг" хэмээх бүтээлээ гаргажээ. "Хорчойнжун" зохиолоо 1931 онд бичиж дуусгасан байдаг. Энэ номыг гадаад дотоодын эрдэмтэн мэргэд сонирхон үздэг билээ.
Хожим Гүрүдаваа ренбочи Зава Дамдины зохиолыг 17 боть болгон Энэдхэг улсад хэвлүүлсэн аж. \ Ш. Сонинбаяр Зава Дамдин судлал\ 
Энэхүү "Номын лавай мишээсний дуун эгшиг" хэмээх иш зохиолыг орчуулсан Зава Дамдин гавжийн хойд дүр залуу хувилгаан багштан маань:
"Наран, сарны гийгүүлэхүй ба хур, шүүдрийн шимтгэхүй нүгүүдээр үргэлжид тэтгэгдсэн Азийн цагаан дагина буюу Умардын их Монгол орноо сав, шимийн ертөнцийн бүрдэл ба төр тулгар болж, шашин, амьтан энх амгалангаар оршсон тэргүүтний цадиг түүхийг тунгалаг оюунтны чихний чимэг болгон яруу тод шүлэглэн айлдсан Хор Чойнжүн Зава хэмээх түүхийн сурвалж бичгийг аливаа сайн номлолын эрдэм соёл үүдэн гарахуйн орон Да хүрээний мэргэдийн эрх баялаг Лувсандаяан буюу Зава Дамдин ламын айлдсан түвэд эхийг хөрвүүлэн эдүгээ төр түмний мэлмийд толилуулахаар өргөн барьж байна.
Эгүүн дор таван бүлэг зургаан зуун дөчин зургаан шад шүлэг буйгаас эхний бүлэг ину: Монгол орны сав, шимийн бүрдлийн газар орны зохиолыг үзүүлсэн бүлэг,
Хоёрдугаар ану: Монгол орноо дээдийн ном эрдэнэ үүдэн гарсны түрүү үеийн бүлэг,
Гутгаар ану: Дунд үеийн дэлгэрэлт,
Дөтгөөрт: Хойч үеийн дэлгэрэлт,
Тавдугаарт ану: Монголын араншин буюу Монголын мөн чанарыг өгүүлсэн түүхийн нэгэн цогц нэн гайхамшигт бүтээл ажгуу" хэмээхийн сацуу
"Энэхүү чухаг нандин бүтээл нь үг үсэг тус бүр нь түүхийн хэдэн зуу, мянган жил болоод бүр хэдэн түм, буман жил цаашилбал галбыг багтаасан гүн гүнзгий утга агуулгатай хийгээд санаж сэтгэш үгүй нууцын орон ч бас цаглаш үгүй ба өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн үлэмж утгасыг агуулсан аливаа номын шударга мэлмийтний оройн чимэг ажээ" \Орчуулахуйн нэрийг барьсан Тойн дүрст Лувсандаржаа\ гэсэн байдаг. 
Монгол улсын Шинжлэх ухааны томоохон зүтгэлтэн, академич Ш.Бира гуай Зава Дамдины туурвисан "Алтан дэвтэр" -ийг тусгайлан судалж, улмаар эрдмийн зэрэг горилох зохиолынхоо сэдэв болгон Оросын шинжлэх ухааны академид түүхийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан тухайгаа дурдсан нь бий. 
\Зава-бурханы шашны бурхан болох зам мөрийг шүүн барьдаг гүн ухааны дотоод сургаалын таван үндсийг нэвтэрхий мэдсэн хүнд монгол газарт өгч байсан алдар. Халхын их хүрээний номч гавж Лувсандамдин \1867-1937\ ыг Зава Дамдин хэмээн өргөмжилж иржээ.\
"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Намуран
Зава Дамдин гавж (1867-1937) Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу нутагт 1867 онд мэндэлжээ. Бага наснаасаа нутгийнхаа Цахиуртын жаст сууж лам хувраг болсон ба 17 настайдаа Их хүрээний Гунгаачойлон дацанд сууж олон жил ном үзэж, 1905 онд гавжийн дамжаа барьсан байна. Зава Дамдин ламыг Богд хаант Монгол улсын үед судар ном орчуулах комисст оруулан ажиллуулж байв. 1918 онд төрөлх нутагтаа очиж, Чоён-Одсаллин хийдийг үндэслэн байгуулж, 1937 он гэхэд 20 жилийн дотор Буддын гүн ухаан, анагаах ухаан, одон зурхай зэрэг төрөлжсөн дацангуудтай томоохон хийд болж чадсан. Ардын засгийн анхны жилүүдэд Судар бичгийн хүрээлэн байгуулахад урилгаар ирж ажиллаж байв. 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн сул гишүүн болсноор академич болсон хэрэг юм. Өрнийн боловсрол бүхий Оросын монголч эрдэмтэн Щербатский, Тубянский, Цэвээн-Жамсранов болон Онходын Жамъян дооромбо нартай хамтран ажиллаж байв. Төвд хэлээр 17 боть ном туурвижээ. Түүний зохиолуудын дотроос хамгийн алдартай нь Монголын Буддын шашны дэлгэрэнгүй түүх Хор Чойнжүн буюу "Алтан дэвтэр" хэмээх ном нь Монголч эрдэмтдийн дотор ихээхэн алдаршжээ. 1937 онд Улаанбаатар хотод таалал төгсчээ. Зава Дамдинг сэрүүн тунгалаг байх үед бага залуудаа шавь орж ном заалгаж байсан Гончигдорж, Гэмпил, Мятав нарын өтгөс буурлууд ярихдаа "Манай хамба багш хэдэн зуун бээрийн алсад болж буй юмыг үзэж сонсдог байсан" гэж бахдан ярьцгааж байв. Жишээлбэл нэг удаа 1920 оод оны эхээр өөрийн бараа бологч шавь Ишжамцад "Өнөөдөр холын хүн ирэх нь домботой цайгаа халуун байлгаж бай" гэж хэлжээ. Тэрний хойно нь Хатанбаатар Магсаржав ирж уулзаж байсан гэдэг хэмээн уншиж байснаа сонирхууллаа.
"Увдист цэцэгс бүжих ертөнц" бүлгийн гишүүн
Б. Одхүү
Бурханы шашны номлолд зааснаар, хосгүй эрдэм чадалтай хувилгаан, хутагт хүмүүс эргэн тєрдєг агаад түүнийг нь олох тусгай арга, эрдэм буй ажгуу. Түүний дагуу бурханы шашны нєлєє бүхий лам нар, их багш Гүрүдива Ринбүүчи багштан эрдэмт гүүш Зава Дамдины хойд дүрийг тодруулжээ. Энэ хүмүүн нь Монголдоо алдартай Амарбаясгалан хийдийн цорж лам, Лувсандаржаа бөлгөө. 14 настайгаасаа эхлэн хийдэд шавилж төвд монгол ном бичиг үзсэн бөгөөд шүлэг зохиож ном судар орчуулахаас гадна уран бичлэг ( калиграфи) бичих, зураг зурах дуртай.
2005 оноос Лувсандаржаа гэгээнтэн шавь нар, хамтран зүтгэгчдээ дагуулсаар Дэлгэрийн Чойрын хийдэд ирж, хийдийг сэргээх ажлаа эхэлсэн. Энэ нь  "Бадаргуу цагаан гэрэлт өргөө" хийд юм. Мөн ном хурал хурдаг Манзушир тэнгэрийг баясгах сүм ( Joyful Temple of Manzushiri)-г барьсан юм. Жилийн турш ажиллагаатай Дэлгэрийн Чойрын хийд єглєє, оройд тогтмол хурж, сар бүрийн дүйчин єдрүүдээр Бурханы шашны том номуудыг хурдаг. Улаанбаатар, Завхан, Сэлэнгэ, Ємнєговь, Дундговь, Дархан-Уул зэрэг  олон аймгаас ирсэн, єнчин хүүхдүүд энд бурханы ном үзэж байна гэж бичсэн байдаг. 
Олон шавь нартаа Багштан монгол, төвд хэл бичиг, тоо бодлого, чойрын ном шашны зан үйлийг заадаг. Түүнийхээ хажуугаар єєрийн урд тєрєл болох эрдэмт лам Зава Дамдины зохиол бүтээлээс орчуулах, шүлэг зохиолоо бичих гээд их зав багатай байдаг. Өөрөө их сайхан тэнүүн хүн шүү дээ. Хүн болгонтой ярилцаж элдвийг сургаж суудаг. Хүмүүс их хайрлана, уулзана. Нэг уулзаад дахин ирж уулзах хүмүүсийн насны хязгаар гэж үгүй. Тайван дөлгөөн, их хурц ухаантай. Нүүр дүүрэн инээмсэглээд л ирэхээр хавь ойрын олон шавь нар нь тойроод л сууна. Их алиа хошин үгтэй, тэнгэр шиг амгалан хүн дээ. 

"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Б. Төгсбаясгалант

4 comments:

  1. Бодь сэтгэлийн чанадаас, бүхнийг нигүүлсэж энэрсэн
    Багш танаа мөргөе, хүлээн авах ажаамуу

    ReplyDelete
  2. Багш дор мөргөмүү.

    ReplyDelete
  3. Ум Амгалан Болтугай!

    ReplyDelete
  4. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
    зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
    манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete