2011/09/20

Бурхан багшийн цэцгэн дүр

Миний хувьд Азийн зарим орнуудад бурхан багшийн дүрийг цэцгээр бүтээсэн тухай сонсож байсан ч нүдээр үзсэн удаагүй. Харин фото зургийг нь харж л байлаа. Тухайлбал:
Харин энэ удаад нүдээ бүлтийлгэж, чихээ дэлдийлгэн сонссон сайхан мэдээ бол энэ оны есдүгээр сарын 25 ны өдөр Богд хан уулын ар бэлд онгон байгальд Бурхан багшийн сэрэг дүрийг амьд цэцэгсээр урлан бүтээх болсон тухай байлаа. Ийм маягаар хүмүүст байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзлийг сурталчлах төдийгүй монголын аялал жуулчлалын салбарт цоо шинэ бүтээгдхүүн үйлчилгээг бий болгох зорилготой "Бурхан багш  ба цэцэгсийн диваажин" хэмээх төслийг Монголын аялал жуулчлал зочид буудлын Академи болон Гандантэгчилэн хийд, Монголын бурхан шашны их сургуулийн Урлахуйн ухааны тэнхим, Дашчойлон хийд, Улс төр менежментийн Академи, Энхболд сан, Соёолж ХХК зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлж эхлээд байгаа аж. 
http://www.mthacademy.com/ - аас авсан эх сурвалжийг нягтлан үзэхүл жаран сая төгрөгийн санхүүжилттэй уг төслийн зорилт нь:
  • Байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж буй өнөө үед хүмүүст бурханы шашны сургаал номлол, зан үйлээр дамжуулан байгаль дэлхийгээ хайрлах үзлийг сурталчлах
  • Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан зохион байгуулах замаар шашны аялал жуулчлалыг сурталчлах
  • Буддын шашинт улс түмнүүд болон дэлхий нийтийн анхаарлыг татах замаар дэлхийн дахинд шинэ амжилтыг бий болгох
  • Нийгмийн бүхий л давхрагын хүмүүсийн оролцоог жигд хангахад чиглэх юм байна. 
Төслийн товч танилцуулга: 
Монголчуудын уламжлалт бурханы шашны гол шүтээн болох бурханы багшийн сэрэг дүрийг өнгө өнгийн амьд цэцэгсээр урлан бүтээх
Бурхан багшийн дүрийг алт, мөнгө, зэс, гууль, төмөр, чулуу, зээгт наамал, хатгамал, шороон болон тосон будаг зэрэг маш олон төрлийн эд зүйлсээр хийж байсан бөгөөд энэ удаад зөвхөн амьд цэцэгсээр  хийж байгаагаараа онцлог.
Уг бурханы нь 60х40 метрийн хэмжээтэй байх ба энэ нь хүн төрөлхтөний түүхэн дэх амьд цэцгээр бүтээсэн хамгийн том хэмжээтэй бурхан багшийн дүр болох юм. 
Бурханыг Улаанбаатар хотын Хан уул дүүргийн нутаг Яармагийн дэнжийн урд энгэрБогд хан уулын ард /45 градуссын налуу/ үндсэн зургийн өнгө дагуу амьд цэцэгсийг байрлуулах маягаар Монголын бурханы шашны их сургуулийн Урлахуйн ухааны тэнхимийн багш оюутнууд бүтээх болно. Бурхан багшийн дүрийг бүтээсэнтэй холбогдуулан шашин урлагийн томоохон зан үйл, тоглолтыг зохион байгуулах ба энэ үед тухайн цэцэгсээр урласан бурханыг аравнайлах зан үйл хийгдэнэ.
Тус арга хэмжээний үеэр сүсэгтэн олонд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах тухай сургаал номлолыг айлдах ба арга хэмжээний төгсгөлд хуран цугласан сүсэгтэн олонд бурханыг бүтээсэн амьд цэцэгсийг өргөсөн өргөлтэй нь дүйцүүлэн түгээх болно. 
Цаашид энэхүү арга хэмжээг жил болгон уламжлал болгон зохион байгуулах бөгөөд энэ нь Монгол улс төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт орших улс орнуудын хүмүүсийн зорин ирдэг арга хэмжээ болгон өргөжүүлэх болно.  
Бурханыг бүтээх цэцэгс: 
Бурханыг бүтээхэд зүрхэн цэцэг, халганай, гэсэр, хунцэцэг, энхэлгэнэ, тахиан залаа \Зүрхэн цэцэг гэж чухам ямар цэцгийг хэлснийг мэдэхгүй байна. Бусад цэцгийн нэрийг монголчлов उ. Намуран\ зэрэг 7 төрлийн 40 гаруй мянган  тасалгааны болон мандлын цэцэгс орох болно. Оролцогчид тэдгээр тасалгааны цэцгүүдийг орон гэр болон албан тасалгаандаа үргэлжлүүлэн ургуулж болох ба харин мандлын цэцэгсийн үрийг даллагын уутандаа хийх болон хадгалж байгаад ирэх жил хашаандаа, байрныхаа гадаа, албан байгууллагынхаа үүдэнд тариалах боломжтой юм.   
Төсөлд оролцогч: 
Сүсэгтэн олныг нас хүйс, эрх мэдэл, хөрөнгө чинээ үл харгалзан жигд оролцуулах боломж нөхцөлийг хангана.
Бурхан багшийн дүрийг цэцэгсээр урлахын утга учир 
Цэцэг бол эх байгалийн хамгийн гайхамшигт сонгодог бүтээл юм. Цэцэгсийг харсан хэн бүхэн уур бухимдлыг умартаж гагцхүү түүний өнгө, үзэмж тансаг байдалд дурлан сэтгэлийн их тайтгарлыг олдог.
Бурхан багшийн дүрийг амьд цэцэгсээр урлан бүтээх нь аливаа зүйл мөнх бус гагцхүү амьд орших үедээ хэн бүхэнд баяр баяслыг бэлэглэж байх учиртайг илэрхийлж байгаа болно.
Амьд цэцэгсээр бүтээсэн бурхан багшийн дүрийг аравнайлж амь оруулснаар тухайн бүрханыг бий болгож буй бүхий л цэцэгсийн үр үндсэнд бурханы авшиг оршиж, түүнийг авсан хэн боловч буян хишиг нь цэцэгсийн үр адил олон болж, ажил үйлс нь үргэлж дэлгэрч байх учиртайг илэрхийлсэн хэрэг болно. 
Мөн тухайн цэцэгсийн үрийг хүн бүхэн тарьснаар нийслэл хотоо цэцэгт хот болгон хөгжүүлэхийг зорьсон болно.
Бурханы шашинт улс орнуудад бурхан багшийн дүрийг олон янзын эд зүйлсээр урласан байдаг ба энэ удаад бид амьд цэцэгсээр урлаж байна.
Цэцэг гэдэг зөвхөн байгаль дээр юм уу аль эсвэл цэцгийн мандалд ургахын зэрэгцээ оюун сэтгэлгээ урлагийн гайхамшигт бүтээл болж болдгийг олон түмэнд харуулах 
     Үр дүн:
Энэ жилийн бурхан багшийг бүтээхэд зориулсан 40,000 цэцгүүд ирэх жил хэд дахин үржин дэлгэрч нийслэл хот маань цэцэгт хот болно.
Хүмүүст орон гэр, ажлын орчиндоо цэцэгсийг тарих ногоон орчныг бий болгох хүсэл эрмэлзэлийг бий болгоно.
Монгол оронд шашны аялал жуулчлалын цоо шинэ бүтээгдэхүүн, хэв загварыг бий болгоно.
Бурханы шашинт улс орнууд болон дэлхий дахинд Монгол орныг цоо шинэ хэв загвараар сурталчилна.
Эцэст нь хүмүүсийн байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах үзлийг нь улам бүр гүнзгийрүүлж өгөх ёстой гэжээ.

Ингэхээр хэдхэн хоногийн дараа энэхүү гайхамшгийг нүдээр үзэн, сэдхэлээ баясгах л үлдлээ дээ.


"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
М. Сүхжий


2 comments:

  1. өө яана вэ энхэлгэнэ космос маань гадаа хүйтэнд бараг хагдарч дуусч байгаа эрт мэдсэн бол гэртээ оруулах байж. Халганайнууд айлд байхдаа хугараад царай алдаад ирсэн байна лээ Өөр нэр заасан цэцэгсээс алга шиг байна.

    ReplyDelete
  2. nadaa xeden xalganai bgaa yum bn

    ReplyDelete