2011/09/30

Ижий бурхандаа мөргөмү

Бидэнд эртнээс өвлөгдөн ирсэн олон сайхан ёс заншил, уламжлал байдаг гээд бичингүүт нээх сүрхий илтгэл тавих гээд ч байгаа юм шиг, хуулан бичлэг хийж байгаа ч юм шиг санагддаг байна штээ ккк.
Монгол түмнийг би их шүтлэгтэй, өвөг дээдэс, элэнц хуланцаа хүндлэн, байгаль дэлхийтэйгээ хэрхэн харьцахаа мэддэг, муйхраар биш энгийн хирнээ агуу ухаанаар шүтэх, сүсэглэх үйлийг хийдэг гэж боддог. Хөдөө нутагт амьдран суугаа настан буурайгаас эртний сайхан сургаал, ёс заншлыг сонсон суухдаа орчин цагийн бид шүтэх нэрийдэлтэй, учир ёсыг сайн мэдэхгүйгээс эргээд өөрсөддөө лай болох зүйлсийг хийж яваан биш гэж айх сэтгэл төрдөг юм. 
Миний ээж аав тийм ч шүтлэгтэй улс биш ч гэлээ ёсыг бодож жилийн засал гэх мэтийг бол хийлгэчихнэ. Харин би хүүхэд байхын л ээжийнхээ өмнөөс ганданд ном уншуулж, дуусахыг нь хүлээн суудаг, очих бүртээ нэг их чанга дуутай минийхээр бол бүрээ шиг зүйлийг сонсохсон гэхдээ их л яардаг хүүхэд байж билээ. Бас хөөрхөөн жижигхэн эрихтэй, усанд орохоос бусад үед л гэхээс хэзээ ч биенээсээ салгадаггүй, сав л хийвэл ум мани бадми хум гээд л эрхээ эргүүлэн, цай оочилж суудаг хүүхэд байсым. Тэр эрихээ би бараг 5-р ангидаа авч байсан шиг санагдана, одоо ч гэсэн надад хадгалаастай байдаг хэдий ч зүүхээ байчихсан.
Айхтар сүжигтэй хүний хажууд сүсэггүй, ор тас шүтлэггүй хүний дэргэд сүсэгтэй юм шиг байгаан, би. Тиймдээ ч аливаа зүйл бүгд учиртай, далд нарийн учрыг бид тэр бүр мэдэхгүй ч тэр л далдын хүчин зүйлс бидний амьдралд их бага хэмжээгээр нөлөөлж байдаг гэдэгт би итгэдэг. Тоймгүй олон биш ч гэлээ үзмэрч, зурхайч, мэргэч, төлөгч, лам, бөө гээд нилээд хэдэн хүнтэй уулзаж, зан үйлийг нь харж, мэргэ төлөг, далдын хүчин, бөөгийн ёс гэх мэтийн тухай өөрийнхөө хэмжээнд уншиж, итгэмээргүй сонин хачин зүйлстэй ч хөх инээд хүрэм хошин шогийн жүжигчин гэмээр ч нөхөдтэй таарч л явлаа.
Үзэж харсан, сонсож дуулсан, уншиж мэдсэн, учир мэдэх настан буурайгаас ч, тайгын гүнд орчин цагийн соёлоос тусгаарлагдан амьдрах домог мэт агуу хүмүүсийн хууч хөөрөх зүйлсээс би ганц л зүйлийг ойлгосон.
Бидний сүсэглэх, шүтэх ёстой ганцхан зүйл бол "ЭЭЖ". Эхийн цагаан сэтгэл, үрийнхээ төлөө гэх залбирал, тэдний зөн совин хамгаас хүчтэй. Хэдэн мянган бээрийн цаана байсан ч тэд зөнгөөрөө биднийг мэдэрч, өглөө эртлэн босч өргөх сүүн цацал бүхнээрээ, үрээ гэх сэтгэлээрээ үргэлж биднийг хамгаалж, болж бүтэхгүй бүхнийг минь холдуулж байдаг юм гэнэ лээ. Махан биеээ орхин нөгөө ертөнцөд очсон ч гэлээ үрээ гэх сэтгэл харанхуйн дундаас ч гэрэлтэж биднийг гэж явдагым гэнэ лээ.
Айж эвгүйцсэн үедээ, орой үдэш явж байхдаа ижий бурханы нэрийг чанга хэлээд дуудахад хавь ойрын буг чөтгөр ч үргэн холддым гэнэ лээ. Эхийн сэтгэл, зөн гэдэг ийм л агуу. Би харь оронд бие өвдөөд хэвтэж байхдаа шөнөжин ээжийнхээ нэрээр дуудаж хоносон юм. Тэгсэн тэр шөнө ижийгийн зүүдэнд би ороод ээж минь үүр цайтал сүүгээ өргөсөөр өглөө болохыг хүлээлээ гээд над руу ярьж билээ.
Эх үрийн холбоо гэдэг гайхамшигтай, холоо одсон үр хүүхэд нь ч гэсэн зэргэлдээ орших ертөнцөөс ижийнхээ зүүд, зөн совингоор дамжиж ижийдээ өөрийгөө мэдрүүлдэг юм билээ.
Мэргэч, төлөгч янзан бүрийн хүмүүс дээр шулуухан хэлэхэд бүхий л зүйл нь болж бүтэн зүв зүгээр яваа хүн хэзээ ч очдоггүй. Ажил үйлсээ бүтээлгэх гэсэн, ах дүү амраг садных нь бие хаа муудсан, аргаа барахдаа аврал эрсэн гээд л олон шалтгаантай хүмүүс мэргэч, төлөгчийг зорьж очдог ч чадахгүйн байж хүний итгэл сэтгэл, цаашлаад ахуй амьдралаар тоглодог үхэж байхдаа таарсан адгийн шаарнууд байдгийг хэн хүнгүй л мэднэ. Болох бүтэхгүй хүмүүс дээр очин элдэв зүйлс сонсож суусанд орвол хүн бүрийн мэдэх энгийн хирнээ айлын гэргий, монгол эмэгтэй бүрийн өглөө бүр хийдэг үйлийг ягштал хийгээд сурчихвал маш их хэрэгтэй юм шиг санагддаг юм.
Өглөө бүр цайны дээж өргөхөд учир бий. Яарч сандран босоод л аяга цай гал дээр тавьж буцалгахчаан болж, шаартай шааргүй дээжээ өргөсөн болмоор аядаад, сандчин гараад гүйхийг өвөг дээдэс, хангай дэлхий, уул ус, цаашлаад хань ижил үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө өргөсөн өргөлд тооцохгүй гээд хэлчихвэл зарим нэг хүн дургүйцэж мэдэх. Хүний гэргий хүн хань ижил, үр хүүхдээ сэрэхээс урьтаж босон үс зүсээ янзлан, аяга цайгаа чаначихаад сууж байх ёстой гэж би боддог. Орчин үед залуусын амьдрах хэв маяг, сэтгэлгээ өөр болсон ч гэлээ энэ бол эртнээс уламжлагдан ирсэн манай ёс.
Цайны дээж өргөхдөө
Үс зүсээ янзлан, нүүр гараа угаан бие бэлдсэн байх хэрэгтэй. Толгой болон хөл нүцгэн байж болохгүй. Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө. Цайны дээж хэт халуун байж болохгүй, хөрсөн эсвэл бүлээвтэр байх ёстой. Дээжээ өргөхдөө гарынхаа алгыг дээш харуулах маягтай өргөнө.
Цайны дээжээ өргөхдөө хэлэх үгс
Муу муухай, болж бүтэхгүй үгсийг хэлэхгүй байх хэрэгтэй. Үгийн хүч, энерги гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Жишээ нь: үр хүүхдийг минь өвчин зовлонгүй, биднийг өр ширгүй, идэж уухаар дутаалгүй гэх мэт үгсийг хэлж болохгүй.
Эхлээд өвөг дээдсийнхээ амар мэндийг мэдэх хэрэгтэй. Тэгээд араас нь сайхан үгсээр өөрсдийгөө даатгах хэрэгтэй. Жишээ нь: Өвөг дээдэс, элэнц хуланц, эмээ өвөө, эцэг эх (хэрвээ өнгөрсөн бол) амар мэндийг мэдэж байнаа гээд нэг өргөнө. Дараа нь уул ус, хангай дэлхий, наран ээжийнхээ амар мэндийг мэдэж байнаа гээд нэг өргөнө. Сүүлд нь үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж өгөөрэй, харж хандаж байгаарай гээд өргөнө. Хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж өгөөрэй гэх мэт өргөнө.
Энгийн хирнээ маш хүчтэй засал
Өглөө цайныхаа дээжийг өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн гэнэ лээ. Би өдөр бүр өргөхийг хичээдэг ч, харанхуйгаас айдаг болохоор заримдаа чаддаггүй юм. Учир нь бидний өвөг дээдэс маань харанхуй болох үед бидний энэ ертөнц ирж, үр хүүхэд биднийгэээ эргэж тойрч, харж хандан, муу муухай бүхнээс холдуулж явдым гэнэ лээ. Тэдний наашаа ирэх замыг сүүн бороогоор гэрэлтүүлж, бас тэднийг ундаалж цангааг нь тайлдаг юм гэсэн. Үнэн худлыг бид өөрсдөө нөгөө ертөнцөд очсон үедээ л мэдэх хэдий ч хэсэгхэн нойр, балга сүү зориулаад ч болов тэдэндээ буян хийж байх хэрэгтэй юм шиг санагддаг юм.
Хэлэх гээд байгаа гол засал бол 7 бурхан  одыг тэгшрэх үед сүү өргөх, ажил үйл бүхнээ даатган хүслээ хэлэх юм. 7 бурхан тэгшрэх цаг гэхээр хүмүүс ойлгодоггүй, тэгширсэн тэгшрээгүйг нь ялгаж харж чаддаггүй зарим хүмүүс. 7 бурханыг бид шанага долоо ч гэж бас нэрлэдэг шүү дээ. Шанага далий байвал дотор нь мянга сүү хийгээд нэмэргүй урсаад л асгарчихна.
Зураг нэг дээр шанага долоо тэгширчихсэн байгаа байдал. Үлдсэн хоёр дээр далий, тэгшрээгүй байгаа байдал. Ялгаа нь харагдаж байгаа байх ^___^
Долоон бурхан одны тэгширдэг цаг:
Зун: 02:30 - 04:30
Намар: 21:30 - 23:30
Өвөл: 19:00 - 20:30
Хавар: 0:30 - 02:30 
Монгол бүсгүйн тодруулга:
Долоон бурхан одонд аврал одуулахдаа дан ганц өөрийгөө эсвэл цөөн хэдэн хүнийг гуйж болдоггүй юм гэнэ лээ. Учир нь долоон бурханы буулт маш их байдаг учраас олон хүн, амьтанд аврал одуулах нь зөв гэдэг юм билээ.
Блоггер Гуталчны зөвшөөрлөөр нийтлэв. 
Эх сурвалж: http://gutalchin.blogspot.com/

3 comments:

  1. medej avuushtai, heregtei medeelel baina. Bayarlalaa, gutalchin bolon admindaa!

    ReplyDelete
  2. Эх үрийн холбоо гэж үнэхээр байдаг.Би зүрхний хагалгаа хийлгэх гээд эмнэлэгт байхдаа үхэх тухай бодоод уйлж эхлэнгүүт ээж минь гүйгээд ирдэг байсан. Ирмээр санагдаад болдоггүй гээд, тэр холоос хөл муутай байж оройтсон ч байсан хамаагүй ганцаараа гүйгээд ирдэг байсан.

    ReplyDelete
  3. Маш чухал, хэрэгтэй мэдээллїїд байна баярлалаа. Євєг дээдэс, їр хїїхдийнхээ тєлєє цайны дээж, сїїн цацал єргєж сурахыг хичээнээ.

    ReplyDelete