2011/08/21

Мод, бут үржүүлэх

(Тус сайтад тавигдсан материал нь  "Увдист цэцэгсийн ертөнц" ТББ-ын дэргэдэх клубын өмч бөгөөд хуулийн дагуу хамгаалагдсан тул хуулбарлан ашиглахыг хориглоно.) 
Ургамал бүр өөр өөрийн ургах орчин, үржих онцлогтой байдаг. Ихэнх жимс жимсгэний мод бутыг үржүүлэхэд ногоон мөчрөөр үржүүлэх /шинэ ургаж буй 1 наст мөчир/ арга хамгийн тохиромжтой. Үүний тулд мананжуулах төхөөрөмжийг ашиглана. Энэ нь агаарын харьцангүй чийг 80-90 хувь, 30 хэмийн халуун орчныг үүсгэж мөчрийг үндэслэх нөхцлийг бүрдүүлдэг төхөөрөмж юм. Усанд цэцэг дүрээд үндэслүүлж, ургуулахаас огт өөр. Бургасны зүйлийн ургамал нь үндэслэх чадвар сайтай учир модлог мөчрөөр нь /өнгөрсөн жилийн 2 наст мөчир/ үржүүлж хурдан хугацаанд суулгац гарган авч болно.

Бэлтгэх:
Энэ ажлыг 6-р сарын 15-20 оос эхлэнэ. Ногоон мөчрийг бутнаас бэлтгэхдээ өглөөний сэрүүн цагаар хийх бөгөөд хурц хутгаар эд эсийг бяцлахгүйгээр огтолно. Огтолсон ногоон мөчрөө савтай усанд дүрж сэрүүн газар тавина. Мөчрийг нэг наст модлог мөчрийн оройн болон дунд хэсгийн салааны шинэ өсөлтөөс авна. Мөчрийн урт 2-3 навч бүхий байх бөгөөд энэ нь 7-12 см гэсэн үг.
Тайрдасны доод талын навч, түүний дээд талын 2-3 навчийг үлдээгээд 100ш –ээр багцлан боож,1 литр уусмалд 50 мл индолил цууны хүчлийг уусгасан уусмалд ногоон мөчрийн угийн хэсгийг 2-3 см хэмжээтэйгээр дүрж, 18-20 цаг  байлгана. Дүрэх үедээ өрөөний дулааныг 20-23 хэмээс нэмэгдүүлэхгүй, бууруулахгүй байх бөгөөд түүнд байнгын хяналт тавина. Мөчрийг тарихын өмнө уусмалаасаа авч цэвэр усаар 2-3 удаа зайлна. Тарилт: Ногоон мөчрийг 5:7 см зайтайгаар 1 ам метр талбайд 286ш мөчир тарина. Тарихын өмнө заасан хэмжээгээр хөрсөнд нүх гаргана. Үүний тулд тусгай бэлтгэсэн самбарт бэхэлсэн шүд байх бөгөөд түүнийг тэг дөрвөлжин гамбанз маягийн самбарт зооно. Субстратад шүдэт самбарыг нэг удаа дараад гарсан нүх рүү ногоон мөчрөө хийгээд хөрсийг чимхэж нягтруулна. Хэрэв зөвхөн өнгөн хэсгийг нь нягтруулаад дороо хөндий үлдвэл хөрстэйгээ харьцаж чадахгүй ургамал ялзрах болно. Тарих үед огтолсон хэсгийг гэмтээж болохгүй. 

Тарилтыг 2-3 өдөрт багтаан дуусгах хэрэгтэй. Ургамал тариалсан үеэс эхлэн хүлэмжийн чийг, дулааны горимыг өглөөний 6 цагаас оройн 22 цаг хүртэл 2 цагийн зайтайгаар хэмжиж тэмдэглэнэ. Мөн хүлэмжийн доторх дулаан нь хамгийн их, бага хэмийн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрвэл яаралтай арга хэмжээ авна. Суулгасан ногоон мөчрөө 5 минутын зайтайгаар 30 секундээс 1 минут усална. 
Чийг дулаан сайтай нөхцөлд 10-14 хоноод тарьсан бүх ургамлын 70-80% үндэслэж эхэлнэ. 1 сарын дараа үндэслэх бололцоотой бүх ургамал үндэслэж гүйцнэ. 45 хоногийн дараа мананжуулахын бүрхүүл хальсыг авч задгайлна. 

Субстрат (ургуулах орчин): 
Субстратыг бэлтгэхдээ уулын үржил шимтэй хар шороог шигшин жигдрүүлээд, түүнийгээ элс, хар шороо 2:1 харьцаатай хольж бэлтгэлээ. Энэ субстрат (зохиомол) хөрсний доод талд 20 см зузаан үеэр хайрга дэвсээд дээрээс нь 8-10 см зузаан өнгөлнө. Субстратаа хийсний дараа мананжуулахыг нийлэг хальсаар бүрнэ. Хоолойгоор ус шахаж бүх форсункийг ажиллуулж жигд мананцар үүсгэж буйг шалгана. Мөн мананжуулахын агаарын дулаан, чийг, хөрсний дулаан зэргийг хэмжинэ. Мананжуулах төхөөрөмжийн доторхи агаарын дулаан 25-30 хэм, чийг 80-85 байх шаардлагатай. Халуун өдөр мананжуулах төхөөрөмжийн доторхи дулаан +35 хэмээс дээш гарвал нийлэг хальсан хучлагыг сөхөж сэрүүцүүлнэ. Сэрүүн өдөр эсвэл шөнийн цагт мананжуулах төхөөрөмжийг хааж дулааныг нь бариулна. Ногоон мөчир үндэслэхэд нөлөөлөх гол хүчин зүйл бол усалгаа юм. Суулгасан ногоон мөчрөө 5 минутын зайтайгаар 30 секундээс 1 минут усална. 60 хоногийн дараа мананжуулах байрын бүрхүүл хальсыг авч салхи оруулж, гадна орчинд дасгаж байж (10-15минутын хугацаанд ) хучлагыг бүр мөсөн авна. 
"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Б. Атарсайхан

1 comment: