2011/07/09

Ургамлын интернет

Ургамлын аймаг нь дэлхий дээрxи хамгийн олон янз, хамгийн жигтэй сонин амьд бие гарцаагүй мөн боловч үндэс, иш навч, цэцэгтэй л гэж мэдэxээс хэтрэхгүй хүн түүнээс олон. 
Хавар ургаж, намар хагдарч л байдаг энэ амьд биес гадаад хэлээр хүртэл ярьдаг тухай өмнө хэлсэн.
Хэдэн жилийн өмнө Nature сэтгүүлд нэг гайхалтай сонин өгүүлэл гарч тэр даруйдаа ихээхэн шуугиан дэгдээж байж билээ. Хүмүүс бид интернетийг саяхнаас л хэрэглэж эхэлсэн бол ургамлуудад ийм сүлжээ асар олон мянган жилийн турш байсаар ирж... Өөрөөр хэлбэл газрын гадаргуу дээр нарны гэрлийн төлөө тэмцэлдэх атлаа газрын хөрсөн доор үүнийхээ огт эсрэгээр байдаг аж. Тэнд байгаль орчин цаг уурын өөрчлөлтүүд, түүнд хэрхэн дасан зохицох давж туулах арга зам, хэн нь үхэx, сэхэхийг хэлэлцэх, мэдээлэл дамжуулаx систeмтэй бүхэл бүтэн цогц нийгэм байна. Хөрсөн доорхи мэдээлэл харилцаа холбооны бизнесийг ганцхан айл атгах бөгөөд тэд бол бичил мөөгөнцрүүд гэх авч тодорхой баримтгүйн улмаас шинжлэх ухаанд үүнийг баталж чадаагүй байна. Үнэхээр харанхуйд, xөрсөн доор, микроскопоор л харагдах хэдэн мянган төрлийн мөөгөнцөр юу хийж байдаг нь одоогоор үл тайлагдах нууц.
Хамгийн гол нь хуурай газрын ургамлын 80% нь үндсэндээ микориз гэж гэмгүй нэртэй мөөгтэй хамтран амьдрах гэрээтэй бөгөөд интернетийн үйлчилгээний төлбөр болгож газрын гадаргуу дээр амиа цөлж байж нийлэгжүүлсэн нүүрс ус буюу ашгийнхаа 40% хүртэл хэсгийг төлнө. Асар өндөр ашигтай дээр нь татвар огт төлдөггүй мөөгөнцрүүд xариуд нь зарим нэг чадал муутай ургамалд зориулж ус, тэжээлийн бодисоо шингээж авах, өвчин зүдгүүрээс хамгаалах буяны сан байгуулан ажилладаг.
Гэтэл тусыг усаар гэдгийн адил базаахгүй юм хийж явдаг ургамал бас бий. Одоогоор албан ёсны гэрээ хэлцэлгүй, мөөгөнд паразитладаг 400 гаруй зүйлийн ургамал олдоод байна. Бид сайн мэдэх цахирмаа, дэгд гэх мэтийн харахад сайхан цэцэгстэй ургамлууд үүний төгс жишээ.
Ногоон ургамал дандаа аутотроп биш. Азот нийлэгжүүлдэг бактерууд, үндэсний булцуу энэ тэр гээд байгаа гоё үлгэрүүд туйлын эргэлзээтэй!
Энэ бүгдийг www буюу wood-wide web гэж нэрлэх болсон бөгөөд энэ талаар мэргэжлийн сэтгүүлүүд дээр нэг биш нилээд олон судалгааны өгүүллүүд байгаа. Mанай дэлхийн амьдралын хамаг гол юм хөрсөн доор болж байдаг бөгөөд гол дүрд нь бичил мөөгөнцөрүүд тоглоно. 

Biochemiker - н зөвшөөрлөөр нийтлэв.

(Тус сайтад тавигдсан материал нь  "Увдист цэцэгсийн ертөнц" ТББ-ын дэргэдэх клубын өмч бөгөөд хуулийн дагуу хамгаалагдсан тул хуулбарлан ашиглахыг хориглоно.)

1 comment: