2011/09/16

Ороонго

(Тус сайтад тавигдсан материал нь  "Увдист цэцэгсийн ертөнц" ТББ-ын дэргэдэх клубын өмч бөгөөд хуулийн дагуу хамгаалагдсан тул хуулбарлан ашиглахыг хориглоно.)
 Залуухан гоолиг ишин дээрээ дохилзон мишээх гал цэцэг мандлын цэцэрлэгийг чимэх нь содон. Салхины чигээр нэгэн шар үр хажууханд нь нисэж ирээд буухад тэр их сонирхож билээ. Ойр хавьд, ойрын хугацаанд харагдаагүй онцгой содон шар үр.   Гал цэцэг түүнийг зөөлөн судалтай навчаараа илээд авав. Шар үр түүнийг бараадан ургахаар шийдсэн бололтой дахин салхи дагаж ниссэнгүй. Гал цэцэг түүнд онцгой анхаарал тавьж эхлэв. Хурц нар, хуй салхи, хүчтэй бороо зэргээс хамгаалж өөрийнхөө үндсээр эвтэйхэн гэгч нь татаад газартай бэхэлж туслав. Удалгүй шар үр соёолж эхэллээ. Гал цэцэг түүнд анхаарал тавихын хэрээр өөрийн дэлбээлэхээ ч үл тоож газрын шимийг түүнтэй харамгүй хуваалцана. Цэцэг шар үрийг өрөвдөхийн хэрээр дурлах болсоноо ч анзаарсангүй. Шар үр бүдүүн иштэй, хүчирхэг навчаар гоёж өндийлөө. Тэрээр  цэцгийг тэврэн авахад гал цэцэг хязгааргүй баярлаж билээ.  Маш жаргалтайгаар тэдний өдөр хоногууд өнгөрсөөр.  Нэг өглөө гал цэцгийн үндэс зовиуртайгаар бүгчим орчинд сэржээ.  Түүний үндэс нь хаашаа ч тэмүүлсэн хөдлөх тэнхэлгүй болсон байв. Гал цэцгийг бүрхэн авсан бүдүүн бүдүүн навч түүнийг нарнаас халхалж, навчсыг нь ороосон залуу ороонго өвс тэнгэр өөд бардмаар цоройж харагдана.  Уг нь гал цэцэг ид дэлгэрэх үе байсан юм. 

"Увдист цэцэгс бүжих ертөнц" бүлгийн гишүүн
Д. Надала

1 comment: