2012/01/22

Байгалийн эм: зөгийн бал

Орчин үед шинжлэх ухаан хөгжиж эмийн үйлдвэр урьдынхаасаа эрчимтэй өссөн. Энэ нь нэг талдаа сайшаалтай ч нөгөө талдаа сөрөг үр дагавар авчирдаг. Учир нь химийн аргаар гаргаж авсан эм нь тухайн өвчнийг эмчлэх боловч бусад эрхтэнд муугаар нөлөөлдөг. Тэгвэл цэвэр байгалиас гаргаж авсан түүхий эд нь эрүүл мэндэд ач тустай гэнэ. Үүнд яахын аргагүй зөгийн бал багтдаг.
Эрт дээр үеэс зөгийн балыг эм болгон хэрэглэдэг байжээ. МЭӨ XV зууны үед эртний египетчүүд шарх болон бусад өвчинд зөгийн балыг хэрэглэдэг байсан нь судалгаагаар нотлогдсон. Энэ тухай эртний Грекийн эмч Гиппократын тэмдэглэлд тодорхой өгүүлжээ.
Чанарыг хэрхэн мэдэх вэ?
Зөгийн бал нь дотроо олон төрөл байдаг тул тэр болгон нь эм болдоггүй. Харин гүйцэд боловсорсон зөгийн бал ямар ч өвчнийг анагаах ид шидтэй гэнэ. Гүйцэд боловсорсон цэвэр зөгийн бал уу, үгүй юу гэдгийг мэдэхийн тулд ямагт амсаж үзэх хэрэгтэй. Гүйцэд боловсорсон цэвэр зөгийн бал нь бага зэргийн чихэрлэг амттай бөгөөд аманд уусахдаа хэлийг чимчигнүүлдэг ба бага зэргийг халбагадан авч тонгойлгоход гоожиж урсдаггүй байна.
Зөгийн балны эмчилгээ
Ямар ч зөгийн баланд өөрийн гэсэн эмчлэх бодис агуулагддаг. Сагадайн зөгийний балыг цус багадалтад хэрэглэдэг. Харин мөгөв, далий зөгийнх хамар, багалзуурын өвчинд, ойн болон далдуу цэцгийн зөгийн бал эмэгтэйчүүдийн өвчинд, шилмүүст модны зөгийнх /хус, гацуур, шар харгай/ сульдах, шээс алдахад хэрэглэвэл ашиг тустай байдаг.
Урьдчилан сэргийлэх зорилгоор 100-200 гр зөгийн балыг өдөрт гурван удаа хэрэглэж болно. Зөгийн балыг халуун усанд уусгаж, хоол идэхээсээ 1.5-2 цагийн өмнө эсвэл хоол идсэний дараа гурван цагийн дараа хэрэглэх хэрэгтэй. Нэг курс эмчилгээ нь хоёр сар. Мөн халуун сүү эсвэл хоормогт хийж хэрэглэж болно.
Эмчилгээний жор

Ханиаданд: Нэг ширхэг нимбэгний шүүсэнд 100 гр зөгийн бал хийж унтахаасаа өмнө нэг халбагыг /хоолны/ халуун цай эсвэл сүүтэй ууна.
Хий ханиалгад: Нэг стакан луувангийн цэвэр шүүсэнд хэдэн халбага зөгийн бал хийж хутгана. Хоолны халбагаар өдөрт 4-5 удаа ууна.
Халдваргүйжүүлэлтэд: Самрыг нүдэж /1:1/ зөгийн бал хольж хоногт 3-4 удаа. Өдөрт 100 гр-аас хэтрүүлж болохгүй.
Судас бүдүүрвэл: Сармистай зөгийн бал их сайн байдаг. 250 гр сармисыг сайтар нухаад дээрээс нь 350 гр шингэн зөгийн бал хийж сайтар холиод долоон өдөр хэрэглэнэ. Хоолны халбагаар нэг удаа хоол идэхээсээ 40 минутын өмнө өдөрт гурван удаа 1-2 сарын турш хэрэглэнэ. Ходоод, гэдэсний өвчинд: Зөгийн балыг халуун усанд уусгаж хэрэглэнэ. Нэг удаагийн хэмжээ нь ойролцоогоор 50 мл байна. Үүнийг хоол идэхээсээ 1.5-2 цагийн өмнө ууна.
Толгойны өвчинд: Цэвэр зөгийн балыг хоолны дараа цайны халбагаар хоёр удаа иднэ. /Өдөрт 6 халбагаас хэтрэхгүй байх хэрэгтэй/
Мэдрэлийн ядаргаа, нойргүйтэл: Нэг стакан буцалсан усанд нэг халбага /хоолны/ зөгийн балыг хийж сайтар хутгаад унтахаасаа өмнө ууна.
Жирэмсэний үед: Нэг халбага /хоолны/ зөгийн балыг хоол идэхээсээ 30 минутын өмнө уух нь урагт сайн байдаг.
Зөгийн бал ба гоо сайхан
Бүсгүйчүүдийн хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад зөгийн бал багтдаг. Зөгийн бал нь үрчлээ үүсэхээс сэргийлээд зогсохгүй арьсыг сайн цэвэрлэдэг байна. Нүүрээ зөгийн балтай усаар угааж заншаарай. Хоёр стакан буцалсан усанд нэг халбага /хоолны/ зөгийн бал хийж сайтар хутгаад унтахаасаа өмнө 5-7 минут нүүрээ угаана. Дараа нь саван хэрэглэлгүй бүлээн усаар нүүрээ булхана. Уг бэлдмэл нь арьсанд сайтар шингэж, арьсыг торгон зөөлөн болгохоос гадна өнгөц үрчлээг тэнийлгэж, нүүрний булчинд хэрэгцээтэй амин дэмийг өгдөг. Мөн нүүрэндээ зөгийн балаар бигнүүр тавьж болно.
Бигнүүр хийх арга: Өндөгний шар, цөцгий, зөгийн балыг адил хэмжээтэй авч холиод нүүрэндээ 15 минут бигнүүр тавьсны дараа усаар угаана. Энэ нь энгийн тос, бигнүүр хэрэглэснээс үр дүнтэй байдаг нь судалгаагаар нотлогджээ.
Монголд зөгийн бал нэг үеэ бодвол элбэг болсон. Гэхдээ бас хуурамч, өнжсөн гээд асуудал байдаг болтой юм билээ. Бүр элсэн чихрээр бал үйлдвэрлэдэг бүлэг нөхдүүд Дэнжийн 1000-с МХЕГ-ынханд баригдлаа гээд саяхан ТВ-р гараад байна лээ. Анхаарахад илүүдэхгүй л болов уу?

"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Ө. Ариунтуяа


No comments:

Post a Comment