2011/10/01

Гэрийн хүмүүжил

\Ах дүү гурав\
Монголчуудын ёс заншилд гэрийн хүмүүжил асар их ач холбогдолтой. Энэ нь ардын сурган хүмүүжүүлэх ухаан мөн.

Гэрийн ёсыг эх хүн голдуу хариуцаж, эцэг нь хянан бататгадаг уламжлалтай. Гэрийн хүмүүжлийн гол зүйл нь багаас нь ажил сургах, байгаль орчноо ажиглах, бэрхшээл зовлонг давж сургах зэрэг байв. Түүнчлэн үнэнч шударга байх, аав ээж, багш ахмад хүмүүсийг хүндэтгэх ёс заншилд сургах, дүү нараа асрах гэсэн хэдэн чиглэл үе удам дамжсаар иржээ.
Гэрийн хүмүүжил насны заагаар дөрвөн үетэй: нялхаас 4 нас, 5 наснаас 12 нас, 12 наснаас 17 нас. Үе тус бүрд хийж сурах ажил, эзэмших хэвшил, олгох хүмүүжил гэсэн чиглэлтэй байв. Тухайлбал: 4-5 насанд морь унуулж, ишиг хурга эргүүлж, ойр зуурын юм дөхүүлж сургадаг. Эрэгтэй хүүхдийг 5-6 насанд нум сум хийж өгч харвуулж сургаад,12 наснаас нь цэгц онолтойг тогтоолгож, 13 наснаас жил бүр цуглуулан шүүлэг авдаг байв.
Монголчууд үр хүүхдээ балчир багаас нь, өөрөөр хэлбэл хөлд орохоос нь эхлэн гаднаас 1-2 ширхэг аргал оруулах, аяга шаазан дөхүүлэх, улмаар 4-5 насанд хүрэхээр нь гэр ахуй, мал аж ахуйн ажилд сургах, тухайлбал малд хайртай хөдөлмөрч болгон мал сүргийн ашиг шимийг дээдэлж сургахын хамт ахмад хүмүүсийг хүндлэх хэв ёсноос зааж, гэр бүлийн хүмүүжил олгодог заншилтай байжээ.
Өөдлөхөд санаж сэтгэх
Уруудахад унтаж идэх
Эрт босоход нэгийг харж
Орой унтаж нэгийг сонсдог гэх зэргээр үр хүүхдээ сургадаг байсан нь хөдөлмөрөөр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн үнэ цэнийг мэдрэх, хөдөлмөрч аж ахуйч болгоход чиглэгдэж байсан ардын сурган хүмүүжүүлэх мэдлэг, ухааны гол үндэс нь юм.
Монголчууд 4\5\-12 насыг бага нас гэж үзээд энэ наснаас нь хүүхдэд зүүн гарыг солгой гар, баруун гарыг зөв гар хэмээн ажил хөдөлмөр хийлгэж сургах, хурга ишиг тугал хариулуулах, аргал хомоол түүлгэх зэргээр гэрт гадаах ажил үйлд сургаж 6-7 наснаас морь унуулж, адуу мал зүслэн таниулах, улмаар адуу үхэр хонь ямаа хариулдаг болгодог байна.
Мөн энэ наснаас бүстэй, бүсгүй хүүхдийн хүмүүжил, хийх ажил төрөлд ялгавар гарч, бүстэй хүүхэд эцэг болон ах нарын хамт адуу мал хариулах, манах, хурдан морь унах, сойх, нум сум харвах, ан агнах, аян жинд явалцах зэрэгт сурдаг бол бүсгүй хүүхэд эх, эгч нарын дэргэд үйл оёх, хоол унд хийж, цагаан идээ боловсруулах, бэлтгэх, мал саах гэх мэт гэр ахуйн ажилд сурдаг нь үеэс үед уламжлал болон тогтсон байна.
Мөн хүүхдээ хүмүүжүүлэн сургаж ирсэн заншил, ёс горимд хөвгүүд охидыг балчир наснаас нь хүн авгайлах, хүндэтгэх, хүний мэнд асуух ёсонд сургах, амьдрал ахуйн уламжлалт тоглоом наадам дуу хуур, үлгэр оньсого зааж, өдөр гараг, сар жилийг 12 амьтнаар нэрлэх, жилийн 4 улирал, ертөнцийн дөрвөн зүг, найман зовхис, нутаг орны уул ус, ургамал баялаг, ан гөрөөс зэргээс таниулан зааж сургах гэрийн сургамж, сурган хүмүүжүүлэх арвин их хэв заншилт ёс горимтой төдийгүй бичиг үсэгт сургаж байжээ.
Эх нь охиноо утас зүү бариулж, оёдол үйлд сургахдаа эхлэн хөвөрдөх оёо сургаад, хөшилдүүлэх, шаглах оёдол зааж, арваад настайгаас нь хайч барьж юм эсгэх, оймсны ул, гутлын зулаг оёход сургадаг байв. Ийм уламжлалтай учир монголчуудын бэр сонгох ёсонд охины оёдол үйлийн чадварыг харгалзан үздэг байж.
Монголчуудын айл өрхийн гэрийн доторхи хүмүүжил маш дэг журамтай байв. Энэхүү дэг журам, ёс горим нь хатуу хэрцгий биш, эцэг эх нь хүүхдүүдтэйгээ эелдэг сайхан харьцаатай байж, тэднийг өрх гэрийнхэн, ахмад хүний үгс сургамжийг сонсож, хүндэлдэг болон нийгмийн хэв журмыг дагадаг үзлээр хүмүүжүүлдэг байжээ. Тиймээс өрх гэрийн дотор хүүхдүүдийн дагаж мөрдөх ёс горим дээр цээр хорио цөөнгүй.
Гэрт хүн зочлон ирэхэд хүүхдүүд шуугих, гүйлдэх, хүний ярианд оролцох, чагнах эл бүгд хатуу хориотой хэвшжээ.
Хүүхдүүд эцэг эхийн хэлсэн, захисан сургамжийг ёсчлон биелүүлдэг байв. Эцэг эхийн хувааж өгсөн хоол, ундыг идэж уух бөгөөд бүстэй, бүсгүй хүүхдэд идүүлэх, идүүлэхгүй хоол ундны цээрлэж ирсэн ёс горим мөн л уламжлагджээ.  Жишээлбэл, эцэг эх хонины чанасан толгойг хуваахдаа тагнайг "Хавтага сайн хуниарай", "Уран болоорой" гэж охиндоо өгдөг байхад бүстэй хүүхдэд баатар хуйх, нойр түгшүүр идүүлэхгүй цээрлэдэг байжээ.
Монгол ёс заншлын дунд тайлбар толь

No comments:

Post a Comment