2011/11/26

Фаукарий - Барын ам \FAUCARIA\

Навчит шүүслэг ургамал. Хавар эрт үрээр болон 7.8-р сард эгшээсэн шилбээр үржүүлдэг. Гэрэлсэг, агаарын солилцоо сайн явагддаг орчинд ургана. Ургалт үе нь зуны улирал.
Фаукарий буюу барын ам - айзовын овог
Төрөл зүйл - 36 төрөл зүйлтэй
Эх нутаг - Өмнөд Африк
Ургалт үе - 5-10-р сар
Амралт үе - 12-4-р сар
Охор богинохон иштэй, 2-4 хос навчнууд нь хэрээс байдалтай чагтлан ургасан, навч нь 4-5 см урттай, 1.5 см өргөнтэй, бүдэг цагаан цэгэн толботой, хурц ногоон өнгөтэй. Навчны хөвөө ирмэгээр хурц шүд адил ургасан сортой. Иймдээ ч барын ам гэж нэрлэгддэг байна. Цэцэг нь 6 см орчим диаметртэй, алтан шар өгнөтэй, цэцэглэлт нь зунаас намар 11 сар хүртэл.
Faucaria paucidens - Фаукария малозубчатая
Faucaria speciosa - Фаукария прекрасная
Faucaria tigrina - Фаукария тигриная
Faucaria tuberculosa - Фаукария бугорчатая
Faucaria lupina - Фаукария волчья
ГЭРЭЛТҮҮЛЭГ БА ДУЛААН
Зун хамгийн тохиромжтой дулаан нь 25-30*С, үүнээс бага хэмд өсөлт удааширдаг. Өвөл амралт үед 5-6*С бөгөөд 4*С -аас доош болон 10*С -аас дээш хэмд байлгаж болохгүй. Амралт үед усалгааг зогсооно. Зун задгай агаарт байлгавал сайн. Жилийн турш нарлаг, гэрэлтэй хуурай газар байлгана.
УСАЛГАА
Ургалт үед дунд зэргийн усалгаа шаардлагатай. Усалгааг хэтрүүлж болохгүй. Учир нь үндэс амархан илжирнэ. Намраас амралт үе эхэлдэг. Энэ үедээ навч нь хатаж буй аятай хорчийж эхэлдэг. Амралт үед усалгааг зогсооно. Фаукарийн иш нь тал тал тийшээ ургасан зузаан навчин доороос бараг харагддаггүй учир усалгааг ихдүүлбэл амархан илжирч бусад хэсгүүддээ ч түргэн халдварлах цаашлаад сэхэх аргагүй болж үхэх аюултайг анхаарвал зохино.
АГААРЫН ЧИЙГШИЛТ
Фаукарий хуурай агаарт дуртай. Өвлийн амралт үед сэрүүн, хуурай нөхцөлд байлгана.
ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЛТ
Хавар 2-3 жилд 1 удаа шилжүүлэн суулгана. Суулгах сав гүнзгий бус, өргөн далбагар байвал зохино. Савны ёроолд дренаж зайлшгүй хийнэ. Хөрс нь навчит хөрс, голын элс, шавар 1:1:0.5 гэсэн харьцаатай байна. Мөн шүүслэг ургамалд зориулагдсан бэлэн хөрсөнд суулгаж болно. Шилжүүлэн суулгалт хийснээс хойш үндсийг илжрүүлэхгүйн тулд 2 долоо хоногийн дараа усална.
БОРДОЛТ
Шилжүүлэн суулгалт хийгээгүй үед сард 1 удаа шүүслэг ургамалд зориулагдсан бордоог 2 дахин сулруулсан хэмжээгээр найруулж бордоно.
ҮРЖҮҮЛЭЛТ
Ургалт үед үрээр тарина. Энэ нөхцөлд 2-3 жилийн дараа цэцэглэнэ. Харин ишээр үржүүлэх нь харьцангуй хялбар.
ӨВЧЛӨЛТ
Нойтон хөрс болон хүйтэн цаг агаарт амархан өвчилнө. Өвчлүүлэгч нь гурилан өт болон аалзан хачиг.
УРГАЛТ ҮЕИЙН ХҮНДРЭЛҮҮД
~ Фаукарийн иш уртасч, навч цайрч, зун цэцэглэхгүй байх~
Гэрэл дутагдсан, өвөл харьцангуй дулаан нөхцөлд байсан.
~ Навч харлах, үрчийх~
Үндэс хэт чийглэг байх, сэрүүн нөхцөлд усалгаа ихэдсэн. Хэрэв ургамлын дээд хэсэг эрүүл байвал тайрч аваад үрслүүлж болно.
~ Ургамал өсөхгүй байх, навч нимгэн цайвар өнгөтэй, үрчийх~
Хэрэв энэ нь намар болон өвлийн улиралд тохиолдвол зүй ёсных. Харин хавар болон зуны улиралд тохиолдвол: - шилжүүлэн суулгах болсон
- бордох хэрэгтэй
- байнгын буюу тогтмол тохирсон усалгаа шаардсан
~ Навчин дээр хүрэн толбо үүсэх ~
Наранд түлэгдсэн. Иймд хэт хурц нарнаас хамгаалах, жишээ нь: бусад өндөр ургамлын доор тавих
~ Гурилан өт, аалзан хачигт бариулах~
Шингэн хоронд дүрсэн бийрээр навчийг зөөлөн арчина. Хэрэв үндсийг гэмтээгч өт хорхой байвал даруй хөрснөөс салгаж цэвэрлээд марганцын уусмалд зайлаад, дараа нь цэвэр усанд зайлна. Ариутгаж бэлдсэн хөрсөндөө суулгаад зөвхөн 10-14 хоногийн дараа усална. 

"Увдист цэцэгсийн ертөнц" клубын гишүүн
Б. Одончимэг


No comments:

Post a Comment